“Алтан түрүү”-гийн эздээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

“Алтан түрүү”-гийн эздээ тодруулав

“Анхаараарай, анхаараарай, “Ургацын далай” нэвтрүүлэг ургацын талбайгаас ярьж байна…” хэмээн ахмад сэтгүүлч З.Далхжав анхны дугаарыг нэвтрүүлснээс хойш өдгөө 46 жил өнгөрчээ. Хэн бүхний чихэнд хоногшсон “Ургацын далай” хэмээх алдарт дуу бол энэ нэвтрүүлгийн сүлд дуу билээ. Энэ дуу Монголын радиогоор эгшиглэж намар цаг, ургац хураалт эхэлснийг зарлан тунхаглаж түрлэг өргөдөг. “Ургацын далай” нэвтрүүлгийг дагаад үе үеийн хөдөлмөрч сэтгүүлчид бий болсон шиг “Алтан түрүү” хэмээх хүндтэй шагнал 1988 онд газар тариалангийн салбарын гавъяатнуудад хүрэх болсон. Харин хэсэг хугацаанд завсардаад байсан уг шагналыг АПУ компанийн дэмжлэгтэйгээр дахин олгож эхэлжээ. Өчигдөр энэхүү ёслолын ажиллагаа болсон бөгөөд “Ургацын далай” нэвтрүүлгийн үе үеийн  сэтгүүлчид цуглаж халуун яриа өрнүүлж байлаа. Энэ үеэр МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатартай уулзаж  “Ургацын далай” нэвтрүүлгийн үүх түүхийг ярьж ахмад сэтгүүлчдэдээ хүндэтгэл үзүүлсэн юм.
-Монголын радиогоор “Таван эрдэнэ” дуу эгшиглэх цагт хавар болжээ гэж сонсогчид нь баярлацгаадаг, “Ургацын далай” дуу сонстож, Б.Цэдэндамба гуайн хоолой хүнгэнэж байвал намар цаг ирсэн нь мэдрэгддэг уламжлалтай. Яг энэ сайхан нэвтрүүлгийг дагаад мэндэлсэн шагнал бол яах аргагүй “Алтан түрүү” мөн. Энэ шагнал жил бүрийн ургац хураалт амжилттай дууссаны дараа тариалангийн салбарын манлайлагчдын сэтгэлийн баясгаж, урам өгдөг. Тэдний амжилтын ундарга болж чаддаг тийм шагнал юм.
Шагнал гардуулах ёслолд 1988 оны анхны шилдэг тариаланчаар тодорч, анхны “Алтантүрүү”  цомын эзнээр тодорч байсан С.Хундмаа хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр өнөөдөр ч газар тариалангийн салбартаа ажиллаж байгаа аж.

Анхны “Алтан түрүү”-гийн эзэн С.Хундмаа
-Анх би 1988 онд энэхүү шагналыг хүртэж цом, диплом, радиогоор шагнуулж байсан. Энэ бол миний амьдралд хамгийн хүндтэй том шагнал болсон. Тухайн үед улс орон даяар намайг мэддэг болж улам ажилдаа сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байлаа. Үүний дараа гавъяат тариаланч болсон. Тэгэхээр энэ шагнал олон олон шагнал хүндэтгэлийг надад авчирсан шагнал юм. Өнөөдөр ч энэ шагналаа гардуулж энэ залууст миний адил цом, радио гардуулж байгаад би талархалтай байна.  
 Ийнхүү олон жил олголгүй зогсоод байсан шагналыг 14 жилийн дараа сэргээж “Алтан түрүү-2010” цомын эздээ тодрууллаа. “Алтан түрүү” шагналыг уламжлал ёсоор “Шилдэг ногоочин”, “Шилдэг агрономич”, Шилдэг механикжуулагч” /комбайнч/,  “Шилдэг менежер” гэсэн дөрвөн  төрлөөр гардуулсан юм. “Шилдэг агрономич”-оор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Түмэн бут” компанийн захирал Л.Алимаа, “Шилдэг комбайнч”-аар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Атар трейд” компанийн механикжуулагч У.Хишигжаргал, “Шилдэг менежер”-ээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Гурван бут” компанийн захирал Д.Жаргалсайхан, “Шилдэг ногоочин”-оор Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Д.Цэцэнхүү нар тодорч, медаль, цом өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан юм. 

“Шилдэг менежер”  Д.Жаргалсайхан
-Энэ зөвхөн надад олгож байгаа шагнал биш гэж бодож байна. Хамт олон маань байгаагүй бол өнөөдөр би ингээд сууж байхгүй шүү дээ. Одоо хөдөө орон нутагт малчин, тариаланч хоёр л байна. Олонхи нь хотод амьдарч байгаа. Ийм байхад малчид тариаланчдаа олон жилийн турш “Малчин”, “Таван эрдэнэ”, “Ургацын далай” гээд нэвтрүүлэгээ үнэнчээр хүргэж байгаа МҮОНРТ-ийн хамт олондоо талархмаар байна. Мөн олон жил тасалдаад байсан энэ шагналыг дахин олгож байгаа АПУ компанийн хамт олонд  маш их баярлаж байна.

“Шилдэг агрономич” Л.Алимаа
-Энэ шагналыг авч байгаадаа өнөөдөр би маш их баяртай байна. Монголын газар тариалан бол манай улсын эдийн засгийн гол салбаруудын нэг. Өнөөдөр би энэ салбартаа 26 дахь жилдээ ажиллаж байна. Цаашид ингэж Монголын газар тариалангийн салбарт ажиллагсдыг алдаршуулж жил бүр энэ шагналыг олгож байгаасай гэж хүсч байна.

“Шилдэг ногоочин” Д.Цэцэнхүү
-Олон хүмүүс тариа ногоогоо хурааж намрын ажил үр бүтээлтэй өндөрлөлөө. Улс орныхоо гурилын хэрэгцээг бүрэн хангадаг боллоо. Энэ олон баярт үйл явдлууд дээр нэмэн энэ хүндтэй цомыг хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Мөн хөдөөгөөр ажилсаг тариаланч, ногоочид олон бий. Тэр дундаас намайг онцолж ийм хүндтэй шагнал хүртээж буйд хамт олондоо, “Ургацын далай” нэвтрүүлэгт, АПУ компанид талархаж байна.

“Шилдэг механикжуулагч /комбайнч/ У.Хишигжаргал
-Юуны өмнө энэ шагналыг гардуулж байгаа Монголын радио, Монголын үндэсний олон нийтийн телевиз, АПУ компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Мөн өсч төрсөн Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын иргэд болон хамт олондоо мэнд хүргэж байна. Би 16 жил газар тариалангийн салбарт ажиллаж трактор, комбайнчинаар ажилласан.

“АПУ трейдинг” ХХК-ийн Ерөнхий захирал П.Батчимэг:
-Энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгоно. Үнэхээр ургацын далай нэвтрүүлэг бол Монгол орны өнцөг булан бүрт ард түмний сэтгэлд хоногшсон түүхэн сайхан нэвтрүүлэг болж үлдэж чадсан. Энэ утгаараа манай компани энэхүү нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа. Та бүхэн харж байгаа байх, энд  анхны шагналын эзэн, анхны нэвтрүүлгийн редактор, анхны нэвтрүүлгийн гол баатар гээд олон ахмадууд хүрэлцэн ирж тухайн цагийнхаа халуун дурсамжаас хуваалцаж байна. Тиймээс ийм олон жилийн түүхтэй, өргөн цар хүрээг хамардаг нэвтрүүлгийн  шагналыг сэргээн олгож байгаадаа манай компанийн хамт олон маш их баяртай байна. 
Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж