Оны шилдэг хүний нөөцийн менежер тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Оны шилдэг хүний нөөцийн менежер тодорлоо

“Оны шилдэг хүний нөөцийн менежер” ажил мэргэжлийн анхдугаар уралдаан 2010 оны арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Чингис зочид буудалд хоёр өдөр боллоо.  Уралдааныг Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо(МХНММХ), МҮЭХ санаачлан хамтран зохион байгуулсан юм. Энэхүү уралдаанд нийтдээ 20 гаруй хүн бүртгүүлснээс урьдчилсан шалгаруулалтаас сонгогдсон шилдэг есөн оролцогч эрдэм мэдлэг, сэтгэлгээний цар хүрээ ба хурд, хүний нөөцийн салбарын туршлага, ур чадвараараа   уралдлаа.  Анхдугаар уралдаанд “ЭКО” констракшн, “Скай трейдинг” ХХК, “Тесо” ХХК, “Багануур” ХК, “Хүн од” ХХК, “Бридж” констракшн, МУИС-ХҮС, TV 9 телевиз, “Цагаандалай” ХХК зэрэг байгууллагын  хүний нөөцийн захирал, менежер, ажилтнууд оролцлоо. Уралдаанд оролцогчдын  дундаж нас 26, бүгдэ хүний нөөцийн менежер, бизнесийн менежмент, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, хүний нөөцийн салбарт  3-6 жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд юм.

“Оны шилдэг хүний нөөцийн менежер” ажил мэргэжлийн анхдугаар уралдааны Тэргүүн байранд “Хүн од” ХХК-ний хүний нөөцийн менежер Д.Мөнхтуяа, дэд байранд “Скай трейдинг” ХХК-ний хүний нөөцийн ахлах менежер С.Дээшээ, гутгаар байранд “Багануур” ХК-ний хүний нөөцийн менежер Д.Сарангэрэл нар тус тус шалгарлаа. Уг ажил мэргэжлийн анхдугаар уралдаанд оролцогчдын хувьд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу  ажиллаж хүний нөөцийн салбарт тодорхой туршлага хуримтлуулсан, мэдлэг, ур чадвараа сорихыг хүссэн залуучууд байсан тул нэлээд өрсөлдөөнтэй байсан тул тэдний онооны зөрүү бага байлаа.

Ажил мэргэжлийн уралдааны эхний өдөр буюу I үе шатанд оролцогчдын хүний нөөцийн салбарт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажил, хувь хүний амжилт зэргийг багтаасан презентаци, блиц асуултууд, аггон буюу чөлөөт сэдэв сугалж хариулах замаар хувийн хүний сэтгэлгээний цар хүрээ, хурд, мэдлэг, ур чадварыг тодорхойлоход чиглэсэн байсан бол II үе шатанд бодит жишээн дээр ажиллуулан “Үнэлгээний төв буюу ассесмент центр”-ийн аргаар тэдний багаар ажиллах, шийдвэр гаргах, харилцах зэрэг мэргэжлийн ур чадварыг тодорхойлж, хоёр үе шатанд авсан онооны нийлбэрээр байр эзлүүлжээ.

Уралдаанд ажил олгогчдын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, хүний нөөцийн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутан залуучууд, энэ салбарт сургалт зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид урилгаар оролцсоноос гадна сайн дураараа сонирхогч дэмжигчид хүрэлцэн ирж үзэж сонирхлоо. Зарим ажил олгогч, дэмжигчид уралдаанд шалгарч оролцсон шилдэг есөн оролцогчдод өөрийн нэрийн шагналыг гардуулсанаас  “International Travel Agency“ компаниас  “ЭКО” констракшны хүний нөөцийн менежер Т.Түмэндэлгэрт ОХУ-д шинэ жилийн үеэр гэр бүлийн хамт долоо хоног амрах эрхийн бичгээр шагнасан нь уралдааны ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагийн нэг илрэл болж, мөн уралдаанд оролцогчдод том сюрприз барилаа. Бүх зардлыг тухайн компани дааж амралтад амруулна.

Уралдааныг дэмжиж, бодит ажил хэрэг болгоход тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан ерөнхий зохион байгуулагч МҮЭХ, дэмжигч “АПУ” ХК, “Багануур” ХК, “Да хүрээ трейд” ХХК, “ММSM” ХХК, “Хөгжил дэвшлийн хөтөч” ТББ, Залуучуудын хөгжлийг дэмжигч “Оргил” сан,  Менежмент судлалын клуб болон мэдээллийн ивээн тэтгэгч TV-9, NEWS.MN-ийн удирдлага, хамт олонд МХНММХ  талархал илэрхийллээ. Энэ уралдаан тус холбооны анхны бодит ажил болж байгаагаараа онцлог юм. Харин 2010 оны арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд МХНММХ-ны урилгаар Японы туршлагатай менежментийн зөвлөх манай оронд ирж, байгууллагын захирал, хүний нөөцийн захирлуудад зориулан “Өрсөлдөх чадвартай, бие даасан хүний нөөцийг бий болгон төлөвшүүлэх удирдлагын тогтолцоо” сэдвээр олон улсын түвшний сургалт зохион байгуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж