“МанЮ” хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

“МанЮ” хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Премьер лигийн 15 дугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Бямба гаригт нийт найман тоглолт болсон бол өчигдөр хоёр тоглолт болж, энэ тойргийн дараачаар хүснэгтийг тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орсон юм.

Олд Траффорд цэнгэлдэхдээ “Блэкбурн Руверс”-ыг хүлээн авч, 7:1 харьцаатай буулган авснаар “Манчестер Юнайтед” хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тус тоглолтод Димитар Бербатов таван гоол оруулж, багийнхаа ялалтад чухал нэмэр оруулжээ. Хагас цагийн дотор талбайн эздээс Бербатов дубль хийж, Пак Жи-сун нэг гоол оруулснаар “Улаан чөтгөрүүд” 3:0-ээр манлайлж эхэлжээ. Тоглолтын эхний хагас өндөрлөж, завсарлагааны дараа талбайд гарч ирмэгцээ хоёрхон минутын дотор Бербатов хет-трикийн эзэн болсон бол дахиад хоёрхон минутын дараа Нанигийн ээлж тохиож, тоглолтын 50 дахь минут болохоод онооны самбар дээрх тооны харьцаа 5:0 болсон байв. Улмаар 61 дахь минутад болгар довтлогч Бербатов дөрөв дэх гоолоо, түүнээс хойш найман минутын дараа тав дахь гоолоо оруулжээ.

Тоглолтын хувь заяа нэгэнт шийдэгдсэн боловч Сэм Аллердайсын цэргүүдээс Кристофер Самба 83 дахь минутын нэр төрийн гоолыг “Улаан чөтгөрүүд”-ийн хаалганд оруулсан байна.

Харин Лондонгийн “Цэнхрүүд”-ийн тааруухан үзүүлэлт гурав дахь долоо хоногтоо үргэлжилж, тэд лигийн гурван тоглолт дараалан оноо алдаад байна. Өчигдөр “Челси” “Ньюкастл”-ын талбайд зочилсон бөгөөд 1:1 харьцаатай тэнцсэнээр тэргүүлэгч байр сууриа алдсан юм. Өмнөх нь өдөр “МанЮ” өрсөлдөгчөө хожиж, онооны давуу байдалтай болсон байсан ч “Цэнхрүүд” өчигдрийн тоглолтод хожсон бол гоолын зөрүүгээр “Улаан чөтгөрүүд”-ийг араасаа нэхүүлэх боломжтой байлаа.

Харамсалтай нь, “Ньюкастл”-ын Энди Карролл тооны харьцааг нээж, Саломон Калу тэнцээний гоолыг оруулснаар Карло Анчелоттигийн баг өрсөлдөгчийнхөө талбайгаас нэг оноотой буцсан.

Тоглолтын дараа итали мэргэжилтэн Анчелотти багийнхаа тааруу амжилтад гутраагүй, ирэх долоо хоногт Жон Терри, Фрэнк Лампард нар гэмтлээс эргэн ирж, мөн Эссьений шийтгэл дуусах учир бүх зүйл хэвэндээ орно хэмээн ярьжээ. Тэрбээр “Терри, Лампард хоёрын хувьд чухал долоо хоног болно. Тэд багийнхантайгаа хамт бэлтгэлд гарна. Тэд хоёулаа, магадгүй Лампардаас илүүтэй Терри ирэх долоо хоногийн тоглолтод оролцох боломжтой” хэмээжээ.

Ингэснээр 15 тойргийн дараах байдлаар “МанЮ” 31 оноотой хүснэгтийн тэргүүн эгнээг эзэлж байгаа бол “Челси” хоёр онооны дутуу хоёрдугаарт, харин “Арсенал” ижил 29 оноотой боловч гоолын зөрүүгээр гуравдугаарт эрэмбэлэгдээд байна.

Премьер лигийн 15-р тойргийн тоглолтын дүн:

“Вулвес” 3:2 “Сандерлэнд”
“Уэст хэм” 3:1 “Уиган Атлетик”
“Стоук Сити” 1:1 “Манчестер Сити”
“Манчестер Юнайтед” 7:1 “Блэкбурн”
“Фулхэм” 1:1 “Бирминхэм”
“Эвертон” 1:4 “Уэст Бром”
“Болтон” 2:2 “Блэкпуль”
“Астон Вилла” 2:4 “Арсенал”
“Тоттенхэм” 2:1 “Ливерпуль”
“Ньюкастл” 1:1 “Челси”

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж