Баруун жигүүрээ дэлгэе

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Баруун жигүүрээ дэлгэе

ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Сүүлийн жилүүдэд Монголын улстөрийн намуудад явагдсан “ижилсэл”, тэднийг сонгогчид нь төдийгүй, гишүүд нь ч ялган танихад бэрхтэй болгосон нь үнэн. Тиймдээ иргэд “наадуул чинь бүгд адилхан” гэх болсон. Намууд агуулгын биш зөвхөн утга найруулгын зөрүүтэй мөрийн хөтөлбөрүүд дэвшүүлж, уриа лоозонгийн уран цэцэн үгээр уралдсанаас биш тунхагласан үзэл баримтлал дээрээ суурилсан хөтөлбөр зорилтоороо өрсөлдөхөө больсон гэхэд хилсдэхгүй. Ядуу сонгогчдынхоо сэтгэл зүйд тааруулах гэж зүтгээд, сүүлдээ бүгд хэт зүүний зам руу хальтираад орчихсон. Бүр сүүлдээ дэлхий нийтэд намуудын үзэл баримтлалын ялгаа гэх юм байхгүй болж байгаа тухай үлгэрт өөрсдийгөө ч, сонгогчдоо ч итгүүлэхийг оролдох болсон. Харин сүүлийн саруудад МАХН-ын шинэчлэлтэй холбоотойгоор улстөрийн намуудын үзэл баримтлалын асуудал олны анхаарлын төвд орж ирсэн. Үзэл баримтлалын асуудлаар нийгэмд хэлэлцүүлэг эхлүүлсэнд нь тэдэнд зүй ёсоор талархах ёстой байх. Тэднийг тэнд үзэл баримтлалын маргаан өрнүүлж суухад, энд бид тамга тэмдэгийн хэрүүл хийж байгаадаа ичиж бас атаархаж байна гэсэн Э.Бат-Үүл гишүүний үг барууны чиг баримжаатай гэж нэрлэгддэг нам, хүчнүүдэд томоохон дохио болсон. Тэгээд ч өнөөдөр үзэл баримтлалын асуудлаарх улстөрчдийн яриа хөөрөө хэвлэлийн хуудсаар дүүрэн хөвөрч байна. Нэрээ өөрчилсөн Монгол Ардын Нам улстөрийн суурь платформын хувьд зүүн жигүүрт маш хурдтай бэхжиж байна. Тэд зүгээр ч нэг ардчилсан социалист үзлээ сурталчлаад зогсохгүй харин тэдний үзэл бол Монголд тохирох цорын ганц үзэл, барууны үзэл бол нийгмийн хэт цөөнх болох баячуудын эрх ашгийг хамгаалдаг үзэл хэмээн ичгүүр сонжуургүйгээр давшилж байна.

МОНГОЛД ЗҮҮНТНҮҮД НОЁЛОХ УУ?

Жаахан гутранги харвал ийм дүр зураг ойрхон харагдаж байна. Зүүний хүчний гэнэтийн давшилтын өмнө барууны үзлийг тунхаглагчид хүч мөхөс харагдаж байна. Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, хувийн өмчийг эрхэмлэдэг барууны үзэл санаа өндөр татвар, төрийн оролцоонд тулгуурладаг зүүнтнүүдэд байр сууриа бүрмөсөн алдах уу? Төр та бидний зүдэрч байж бий болгосон баялгийн 40-өөс дээш хувийг төвлөрүүлж байгааг би татвар биш, дээрэм гэж нэрлэнэ. Би зүүний үзлийг үгүйсгэгч биш, гэхдээ эрх, эрх чөлөөнд минь шууд болон шууд бусаар халдахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Сар бүр шил архины мөнгө бэлнээр тараахын оронд ажил хөдөлмөр эрхлээд сайхан амьдрах боломжийг бий болгох ёстой гэж үздэг учраас би барууны үзэлтэн. Над шиг бодолтой хүн Монголчуудын дийлэнхи олонхийг бүрдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Харамсалтай нь бидний үзэл санааг төлөөлөх байгууллагууд нь хүчгүй, лидерүүд нь дуугүй байна.

БАРУУНЫ ХҮЧНИЙ ХОЛБОО БАЙГУУЛЪЯ

Барууны үзэл бүдгэрч, улстөрчид, намууд нь байр сууриа алдахад хүрвэл Монгол улс ойрын ирээдүйд хүссэн зорилгодоо хүрч чадахгүйд хүрнэ. Бид барууны стандартаар явж, барууныхны амьдралын түвшинд хүрч чадна. Хойч үеэсээ зээлж авсан мөнгөөр өнөөдрөө аргацааж байгаа зүүнтнүүдийн үйлдлийг бид дэвэргэж болохгүй. Үүний тулд хүчээ нэгтгэе. Намын харъяалал, хувийн сонирхлоо хойш тавиад барууны хүчний холбоо байгуулъя. Өмнөх жишгээр нэрийн төдий, нэг нам доторхи фракцийн шинжтэй биш, жинхэнэ үзэл санааны нэгдэл байгуулъя. Либерал, консерватив үзлийн давуу талуудыг олон нийтэд сурталчлан таниулъя, үзэл санаа нэгт иргэдийнхээ дуу хоолой болох ажлыг эхлүүлье. Зайгүй давшиж буй зүүнтнүүдтэй ядаж хориглон тулалдах байрлал хэрэгтэй байна.

Г.ГАНБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж