Сөргөлдөөний цаана Хятадын сонирхол бий юү?

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Сөргөлдөөний цаана Хятадын сонирхол бий юү?

Хоёр солонгосын сөргөлдөөний цаана хятадын сонирхол бий юү?

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт Хятадтай эдийн засгийн  хамтын ажиллагаагаа өргөтгөхөөр болж, гэрээ хэлэлцээр үзэглэсэн тухай “Синхуа” агентлаг мэдээлжээ. Өмнөд Солонгосын Ёнпён арал руу Хойд Солонгосын цэргүүд гал нээсний дараа дээрх мэдээлэл цацагдсан аж. “Синхуа” агентлагийн онцолж байгаагаар Хойд Солонгосын Гадаад худалдааны дэд сайд Ку Пон Тай, Хятадын Худалдааны дэд сайд Ванг Хемин нар хоёр талаас төлөөлөн гарын үсэг зуржээ. Хоёр орны эдийн засгийн харилцан хамтын ажиллагааг өргөтгөх зорилгоор уг хэлэлцээрийг хийсэн гэх боловч нарийвчилсан мэдээлэл өгөхгүй байгаа юм. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир он гарснаас хойш Хятадад хоёр удаа айлчилсан.  Энэ нь Хятадын улс төр болоод эдийн засгийн дэмжлэг Хойд Солонгост маш их хэрэгтэй байгааг батлах хангалттай нотолгоо юм. Өнгөрсөн оны байдлаар Хятад, Хойд Солонгосын хооронд хийсэн худалдаа 2.7 тэрбум ам.долларт хүрсэн тухай Хятадын статистикийн албанаас мэдээлсэн байна.

Хойд Солонгосын эдийн засгийн нөхцөл байдал харагдаж байгаа шигээ тийм ч ядруухан биш бололтой. Хойд Солонгосын хүнсний хангамж олон улсын жишиг стандартаас доогуур байгаа боловч сүүлийн 16 жилд хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан болохыг “CNN”-ий сэтгүүлч Андрей Ланков онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт Америкийн хэсэг эрдэмтэн Хойд Солонгосын төрийн мэдлийн уран баяжуулах үйлдвэрээр зочилсон. Уран баяжуулах үйлдвэрийн өндөр технологи зэргээс харахад Хойд Солонгосын цэргийн хүчинд мөнгө дутагдахгүй бололтой хэмээн тэрбээр дүгнэсэн байна. Тус улсын хувьд сүүлийн үед Вашингтон, Сөүлээс үзүүлэх тусламжаа нэмэхийг шаардах болсон. Энэ нь эдийн засгийн хувьд бүхэлдээ Хятадаас хараат болох вий гэх болгоомжлолоос үүдэлтэй. Харин шаардлагынхаа   хэрэгжилтийг хурдасгахын тулд ийн түргэн авч,  гал нээх зэргээр нөлөөлөхийг оролдож байна хэмээн үзэх ажиглагч байгаа юм. Гэвч цөмийн зэвсгийн талаарх зургаан талт хэлэлцээрийн ширээг орхин гарснаас болж АНУ-ын дургүйг хүргэсэн. Гэхдээ америкчууд тэдний уран баяжуулах үйлдвэрээс ихэд болгоомжилж байгаа. Харин Өмнөд Солонгосын хувьд олон улсын зах зээлээс хамааралтай орон. Ёнпёны хэрэг явдал хөрөнгө оруулагчдыг Өмнөд Солонгосоос үргээж эхэлжээ. Нөхцөл байдал хурцадсан ч дайн дэгдэх хэмжээнд хүрэхгүй гэдгийг Хойд Солонгосчууд сайн мэдэж байгаа. Үнэхээр дайн боллоо гэхэд АНУ, Өмнөд Солонгос хоёр хүчээ нэгтгэн ялах боловч түүний өртөг нь маш их юм. Ёнпёны хэрэг явдал саяхан тушаал дэвшиж, генерал болсон Ким Чен Уны хувьд   Пхеньяны томчуудын дэмжлэгийг хүртэж, сүр хүчтэй хүн болж харагдах гэсэн сайхан боломж ч болж мэднэ.

Зарим шинжээчийн үзэж буйгаар энд Хойд Солонгосын тухай биш түүнийг дэмжигч Хятадын тухай ярих хэрэгтэй юм. Хүйтэн дайн эцэслэснээс хойш Хятад Хойд Солонгосыг АНУ-ын эсрэг зэвсэг болгон ашиглаж байсан гэхэд буруудахгүй. Солонгосын хойгт мөргөлдөөн болсны дараа АНУ-ын хувьцаанууд огцом унасан. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгосоор дамжуулан олон улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөх гэсэн Хятадын оролдлого байж болно хэмээн “Sica Wealth Management”-ийн шинжээч Жеффери Сайка үзжээ. Хятад бол АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны хамгийн том хувь эзэмшигч. Ойролцоогоор 900 тэрбум ам.долларын үнэт цаас Хятадын мэдлийнх юм. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан “QE II” хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Ингэснээр ам.долларын ханш унана. Түүнийг дагаад юанийн ханш суларна. Хятадын Засгийн газар одоо инфляцитай тэмцэхийн тулд бүх хүчээ дайчилж байгаа. Банкуудын нөөцийн хөрөнгийг нэмж, бодлогын хүүгээ өсгөсөн нь үүний илрэл юм. Гэтэл хямд юань тус улсад инфляцийг хөөрөгдөх аюултай. Харин Солонгосын хойгийн хурцадмал байдлаас болж ам.долларын эрэлт ихэсч, ханш нь өсчээ. Түүнийг дагаад юанийн ханш богино хугацаанд сулрах аюул үгүй болно гэсэн үг. Ямартай ч Хятад Хойд Солонгосыг дэмжиж байгаа цагт бүс нутгийн тогтвортой байдалд эргэлзэгчдийн тоо олширч, олон улсын санхүүгийн зах зээлд  нөлөөгөө тусгасаар байх юм.

Одоогийн байдлаар Солонгосын хойгийн хурцадмал байдлаас болж Өмнөд Солонгосын хувьцаанууд уначихаад байна. Воны ханш өнгөрсөн пүрэв гарагт сүүлийн таван сард байгаагүй бага түвшинд хүрч, ам.долларын эсрэг 1.9 хувиар буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт 2.2 хувиар ханш нь суларсан байна. Энэ талаар “Ройтерс” агентлаг онцолжээ. “Нөхцөл байдал хэвээр байвал воны ам.доллартай харьцах ханш буурсаар удахгүй нэг ам.доллар 1200 вонтой тэнцэнэ” хэмээн “NH Investment & Futures”-ы шинжээч Ли Жин Вү дүгнэсэн байна. Хоёр Солонгосын мөргөлдөөн, Евро бүсийн хямралаас болж Азийн орнуудын валют чангарч байгаа юм. “Хойд Солонгосын талаас гаргаж байгаа хурц мэдэгдлүүдтэй зэрэгцээд Евро бүсийн орнуудын гадаад өр ихэсч байгаа гэх мэт хүчин зүйлсээс болж энэ долоо хоногт ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй” хэмээн Сөүл дэх “Samsung Futures”-ийн стратегич Жон Ми Ёнг хэлжээ. Ямартай ч Өмнөд Солонгосын “Hang Seng” индекс өнгөрсөн долоо хоногт 3.1 хувиар буурсан байна.
Солонгосын аралтай хамгийн ойрхон байрладаг Японы санхүүгийн зах зээл нэлээд тогтворгүй болсон. Хэрэв мөргөлдөөн даамжирвал хамгийн түрүүнд Японд нөлөөлөх нь дамжиггүй юм. Нөхцөл байдлыг ажигласны эцэст тус улсын Ерөнхий сайд Наото Кан хүмүүстээ “Бодит байдлын талаарх мэдээлэл сайн цуглуулж, санамсаргүй гэнэтийн зүйлд бэлэн байх хэрэгтэй” гэх ту­шаал өгчээ. Түүнчлэн Японы Сангийн сайд Ёшихико Нода “Мөргөлдөөнөөс болж манай эдийн засагт учрах нөлөөг аль болох багасгахын тулд хичээх болно” гэсэн байна. Харин тус улсын Эдийн засгийн сайд Банри Кай Эда өнгөрсөн баасан гарагт мэдэгдэхдээ “Японы хувьцаанууд бүгд унасан. “Никкей” индекс буурсан нь эдийн засгийн сэргэлтийг улам сааруулж эхэллээ” хэмээн дүгнэсэн юм. Өнгөрсөн баасан гарагт Японы “Никкей” индекс 0.4 хувиар буурчээ. Гэхдээ зул сарын баярын улирал эхэлж байгаатай холбогдуулан АНУ-ын эрэлт ихэснэ гэх хүлээлт байгаа учраас Японы индексийн уналт удаан үргэлжлэхгүй гэж үзэх шинжээч байна.

Одоогийн байдлаар олон улсад хөрөнгө оруулагчдын санааг хам­гийн их зовоож байгаа зүйл бол Солонгосын хойгийн хурцадмал байдал болон Хятадын хатуу мөн­гөний бодлого юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж