Хөөрөгний үзэсгэлэн болов

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Хөөрөгний үзэсгэлэн болов

Дундговь аймгийн музей иргэдийн гар дээрх болон өөрийн сан хөмрөг дахь хөөрөгнүүдээр үзэсгэлэн зохион байгуулав. Аймгийн ахмадын хорооны дарга Ц.Дэлгэрбуян тус үзэсгэлэнд 5-6 хөөрөг дэлгэн үзүүллээ. Түүний эзэмшил дэх хөөргүүд 700 мянган төгрөгөөс  эхлээд саяар үнэлэгдэж байна. Аймгийн музейн сан хөмрөг дэх оюу толгойтой уран сийлбэр бүхий шүрэн хөөргийг үнээрээ гүйцэх хөөрөг гарсангүй. Зөвхөн сайн шүрэн толгойн үнэ долоон сая төгрөг хүрч байгаа гэхээр их гарын цул шүрэн хөөрөг ямар үнэ хүрэхийг багцаалж болох биз.

Хөөрөгний олонхи төрөл бүрийн мана чулуун боловч хаш,  сүйжин, чүнчигноров, гартаам чулуу  ч хэд хэдээр байна. Бас дээр үеийн, одоо хэр яггүй үнэ хүрч байгаа луун хээтэй хятад шаазан хөөрөг ч байх юм.  Эрднийн эдгээр чулуу тус бүртээ “Эрдэмтэй”,  янз бүрийн өвчнийг анагаах ид шидийг  дорно дахины уламжлалт эмнэлэгт нэлээд ашигладаг. Ялангуяа гартаам, сүйжин хөөрөгний ачаар саа болон бусад төрлийн өвчнийг анагаасан тохиолдол олон. Гартаамыг өнгө, судал, олон давхар битүү цагирган судал бүхий нүдний тоогоор үнэлж “Есөн нүдтэй гартаам хөөрөг” гэж ярилцах нь бий.

Дамрамд сонирхуулахад хөөргийг гоёмсог хээ зүү ороосон үнэтэй  торгон даалинд хийж Монгол эрчүүд ташаандаа зүүдэг байв. Сүүлийн үед хээ урласан шир савхин, бүр шүр  сувдаар хээлсэн… гээд төрөл бүрийн даалингаар зарим нь гангардаг болжээ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж