Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Чюүшингүра

Энэ бол сэтгэл хөдлөм түүх. Япон улс яагаад ийм өндөр хөгжилтэй болсон бэ, япон хүн яагаад бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг вэ, Япон яагаад манай улсын  Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд асар их ач холбогдол өгсөн бэ   гэсэн асуултад  Чюүшингүра хариулна.  Одоогоос 300 гаруй  жилийн өмнө буюу 1701 оны гуравдугаар сарын 14-ний өдөр өнөөгийн япончуудын  үеийн үед эрхэмлэн дээдэлж явах их бахархлын  үүдийг нээсэн нэгэн үйл явдал Шёонгүний ордонд болжээ.  Акоо овгийн эзэн самурай тус ордонд  сэлэм далайдаггүй ёсыг зөрчиж Кира Ёшинака хэмээх  самурайг сэлмээрээ хатган шархдуулав. Нэгэнт ордны хатуу дэг ёсыг зөрчсөн тул Акоо овгийн эзнийг шийтгэж самурайн ёсоор өөртөө харакири (гэдсээ өөрөө хутгаар хүүлэн амиа  егүүтгэх  ёс) хийхийг даалгажээ. Бүх юм ёсоор болов. Акоо овгийн эзэн самурай ийнхүү хачин жигтэй үйлдэл гаргаж ордны дэг журмыг зөрчсөнийхөө төлөө амиа алдлаа.   Харин энэ үйлдэл Акоо овгийнхонд таалагдсангүй. Тэд хэзээ ч эзнээ дэг журам зөрчих хүн биш гэдэгт итгэж байлаа. Зөвхөн тэр үед ч биш өнөөг  хүртэл япончуудын дунд тэр үйлдэл маргаан тарьсаар байдаг билээ. Яг л Зүч бол Тэмүжингийн хүүхэд мөн, биш гэсэн  маргаан монголчуудын дунд 800 жил үргэлжилсэн шиг япончуудын дунд Акоо овгийн эзэн яагаад Шёонгүний ордны дэгийг зөрчсөн юм бол гэсэн маргаан  300 гаруй жил үргэлжилсээр иржээ. Гэвч Акоо овгийн 47 самурай  эзнийхээ өшөөг нэг жил есөн сарын дараа авч өнөөх шархдсан Кира Ёшинакагийн амийг хороож чадсан байна.
Өшөө авсан самурайг шийтгэдэг  самурайн  ёс  дэгд  байдаггүй ч  тэднийг бүгдийг нь харакира хийж амиа егүүтгэх  тушаал буулгажээ. Ингэж эзэндээ  үнэнч үлдсэн 47 самурай нэгэн зэрэг амиа егүүтгэж хорвоогоос хальсан нь япончуудын хувьд үнэнч сэтгэлийн бэлгэдэл болон үүрд үлдсэн нь энэ.  Эдүгээ ч үнэнч сэтгэлийн бэлгэдэл болсон тэдгээр самурай нарын дурсгалыг байнга хүндэтгэдэг бөгөөд уран зураг, жүжиг, дуу, шүлэг, кинонд мөнхөлж  Чюүшингүра хэмээн нэрийдэх болсон аж. Ингэж япончууд эрхэлж буй ажилдаа, компанидаа, эзэндээ, төр улсдаа үнэнч сэтгэлээр хандаж явах сэтгэлийн  дээд илэрхийлэл нь Чюүшингүра болсон байна. Дайны дараах ядүү зүдүү Японыг өдгөөгийн өндөр хөгжилтэй ёс зүйтэй дэлхийд гайхагдсан  Япон болгон өөрчлөхөд гагцхүү үнэнч сэтгэлийн хүч байсан гэдэгт ард түмэн нь итгэдэг. Тиймээс худлаа хэлдэг, харилцагчаа хуурдаг япон хүн, япон компани гэж бараг байдаггүй. Энэ бол Япон улсын имиж. Энэ бол Япон улсын хөгжлийн нууц. Яг энэ сэтгэлээрээ тэд гадны улс орнуудтай харилцдаг бөгөөд тэдэн дундах хүндтэй байр суурийг Монгол Улс эзэлдэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн төрийн айлчлалын үеэр манай улсын төрийн дээд шагнал авсан нэгэн эрхэм  энэ тухай бидэнд  сануулсан.  Тэрбээр “1990-ээд онд  Монгол Улс ардчилалд шилжиж  эдийн засаг нь урьд байгаагүйгээр сульдаж  Монголын дэлгүүрийн лангуунууд хоосорч хүүхдүүд хичээлдээ барих үзэг, ном,  дэвтэргүй болсон хүнд үе. Тэгэхэд манай япон хүүхдүүд Монголын хүүхдүүдэд туслах аян өрнүүлж чихэр жимс,  хоол авч идэх мөнгөө цуглуулан байж Монгол руу, бал, үзэг, дэвтэр, шугам гээд хичээлийн хэрэгсэл илгээсэн. Гэтэл япон хүүхдүүдийн тэр чин сэтгэлийн бэлгийг Улсын Их дэлгүүр дотор зарж байсан. Тийм л юм дахиж болохгүй бол Япон, Монголын харилцаа хэзээ ч тасрахгүй мөнхөд үргэлжлэх болно. Та нар минь дахиж тийм юм бүү гаргаарай ”гэж захисан.  Гашуун үнэнийг улаан нүүрэн дээрээ сонсоно гэдэг хэцүү байлаа.  Гэвч үнэн үг хүчтэй. Улам бүр хөгжиж байгаа хоёр орны харилцааг хувийн өчүүхэн эрх ашигтайгаа хутгаж үнэгүйдүүлэх сэтгэлгээгээ Монголын хүн бүр дотроосоо авч хаяж чадвал бидний хувьд өнөөх Чюүшингүра нь болох ёстой юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү.   Айлчлалын үеэр Японы талаас манай талд тавьж буй хүсэлт бол ерөнхийдөө Тавантолгойн коксжих нүүрсийг авах сонирхолтой байгаагаа ил тод илэрхийлсэн. Чингэхдээ өнгөрсөн 20 жилийн турш Монгол Улс ядарч зовж байхад нь Япон тууштай дэмжиж, зовох цагт нөхрийн чанараа харуулсан. Харин өдгөө Монгол Улс дэлхий нийтийн өмнө дэлгэж буй  Тавантолгойн тендертээ Японы талд ямар давуу байр суурь олгох вэ гэсэн асуулт хариу нэхэж байлаа. Энэ бол өнөөх л Чюүшингүраг Монголын талаас эрэлхийлж буй хандлага. Харин Төрийн тэргүүн  энэ асуултад “Монголоос өөр хэн ч давуу эрх эдлэхгүй. Бид Японд итгэж байна. Япон байгальд ээлтэй технологитой, туршлагатай. Компаниуд нь дэлхийд танигдсан итгэгдсэн шалгууртай.  Тиймээс хуулийн дагуу Япон улс тендерт ялаад хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн чигч үгийг байнга шахам хэлж явлаа.

АДИЛТГАЛУУД  
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн төрийн айлчлал нэгэн үйл явдлыг өөрийн эрхгүй  санагдуулав.  БНХАУ-ын дарга Ху Жинтао  2008 оны тавдугаар сард Японд төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлал таван өдөр үргэлжилсэн бөгөөд урьд өмнө ийм урт хугацааны айлчлал хийж байгаагүйг тухайн үед онцолж байсан.  Ху Жинтао Японы эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Я.Фүкүдатай хэлэлцээр хийсэн. Японы эрх баригч болон сөрөг хүчний намуудын Удирдлагуудтай  уулзаж, Васэда Их сургуульд лекц уншиж Нара, Осака хотод зочилсон байдаг. Энэ удаа ч манай Ерөнхийлөгчийн төрийн айлчлал тав хоног үргэлжилсэн бөгөөд Японы цог жавхлант эзэн хаанд бараалхаж хамтдаа зоог  барьж, Ерөнхий сайд Наото Кантай хэлэлцээр хийн, эрх баригч  намынхан болон сөрөг хүчний удирдлагуудтай уулзалт хийлээ. Мөн  Токиогийн их сургуульд лекц уншин Киото хотноо  зочлов.  Ху Жинтао, Я.Фүкүда нар 2008 онд хэлэлцээр хийсний дараа хамтарсан мэдэгдэл гаргаж байлаа.    Уг мэдэгдэлд хоёр талаас ирээдүйг харсан харилцаагаа хөгжүүлэх зорилгоор хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах, Хятад улс НҮБ-ын хүрээнд гүйцэтгэж  буй үүргийг өндрөөр үнэлэн  Япон улсын  олон улсын тавцанд гүйцэтгэх  үүргийг  нэмэгдүүлэхийг дэмжинэ, жил бүр хоёр талын  дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна гээд байгаль орчны асуудлыг ч тусгажээ.  Харин сая Ц.Элбэгдорж, Н.Кан нар ч хэлэлцээрийн дараах хамтарсан мэдэгдэл гаргасан. Тухайн мэдэгдэлд анхаарал татахуйц асуудал олон байлаа.  Тухайлбал, цаашид хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан Стратегийн түншлэл байгуулах шинэ зорилт дэвшүүлэн ажиллахаар хоёр тал санал нэгдсэн. Энэ алхам бол Монгол Улс Азиас анхныхаа стратегийн түншээр Япон улсыг сонгож, Япон улс ч буурай хөгжилтэй манай улсад байнга туслах биш ижил түвшинд түншлэхээр болсон нь хоёр улсын хооронд байтугай дэлхийн хэмжээнд анхаарал татсан үйл явдал болсон. Мөн өнгөрсөн хагас жилийн хугацаанд гэхэд л хоёр улс дээд хэмжээнд гурван удаа, Гадаад хэргийн сайдын түвшинд гурван удаа уулзалт зохион байгуулсныг сайшаагаад  харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэхэд дээд, өндөр хэмжээний уулзалтын давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон байсан. НҮБ, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх асуудлаар санал нэгтэй байгаа бөгөөд Монголын тал Япон улсыг  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын  гишүүн болох, байнгын бус гишүүнээр нэр дэвшихийг дэмжиж байсан байр сууриа цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байв. Энэ нь бид дандаа хэн нэгний тусламжид дулдуйдах биш тэдэнд ч бас эргэн туслах, дэмжих бололцоогоо бүрэн ашиглах тухай хамтарсан мэдэгдэлдээ тусгасан нь манай улсын нэр хүндийг өргөсөн явдал болсон гэж бодож болох юм. Тэр байтугай зургаан талт хэлэлцээр нь  Солонгосын хойгийг олон улсын хамтын нийгэмлэгийн хяналт дор  цөмийн зэвсэггүй бүс болгох, цаашид Зүүн хойд Азийн аюулгүй,  тогтвортой байдлыг хангах  болно гэдэг дээр санал нийлсэн. Бас хулгайлагдсан япон иргэдийн асуудал зэрэг БНАСАУ, Япон Улсын хооронд үүссэн шийдвэрлэгдэж амжаагүй маргаантай асуудлыг  цогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэн Япон Улсын байр суурийг манай улс дэмжиж байгаа гэдгээ мэдэгджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Кан нарын хэлэлцээр хийж гаргасан хамтарсан мэдэгдэл нь 2008 онд Ху Жинтао болон Я.Фүкүда нарын хийсэн мэдэгдэлтэй дүйхүйц дуулиантай, ач холбогдолтой болсон юм. Хятад, Япон улсын харилцаанд 2008 онд Ху Жинтаогийн хийсэн төрийн айлчлал жинтэй хувь нэмэр оруулсан гэж ажиглагчид  үздэг бол манай Ерөнхийлөгчийн энэ удаагийн төрийн айлчлал ч мөн Япон, Монголын цаашдын харилцаа, стратегийн түншлэл байгуулах, мөн газрын баялгийн хүрээнд хамтарч ажиллахад түлхэц өгөх ач холбогдолтой айлчлал болсон гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Харин одоо Монголын төр 2012 онд тохиох Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеэр стратегийн түншлэлээ байгуулж Монгол Улсын зүгээс, монголчуудын өмнөөс Чюүшингүра үзүүлэх түүхэн цаг үе гэдгийг ойлгож мэдэрч ажиллах л үлдэх шиг боллоо. Гэхдээ энэ ойлголт зөвхөн төрийн хэмжээнд биш эгэл жирийн ард түмний харилцаанд, соёл боловсрол, урлаг, шинжлэх ухааны салбарт болон  аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгээсэй гэж хүснэм.  Япончуудын цусанд шингэсэн Чюүшингүраг хүндэтгэн харилцаж чадвал жинхэнээсээ иж бүрэн түншлэлийн гэрээг байгууллаа л гэсэн үг шүү дээ.

Үргэлжлэл бий

Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж