Улс тунхагласны баяртай уралдуулж, улсын төсвийг батлав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Улс тунхагласны баяртай уралдуулж, улсын төсвийг батлав

Төсвийн төслийг баталлаа

Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт гарсан онцлох үйл явдал нь УИХ-аас ирэх оны төсвийн төслийг баталсан явдал байлаа. УИХ 2010 оны төсвийн төслийг ирэх сарын 1-ээс өмнө хэлэлцэж, батална хэмээж байсан. Хэлсэн цаг хугацаандаа амжуулах гэж яарсан уу, эсвэл үнэхээр цаг хугацаа нь тэгж таарсан уу, гадаад, дотоодын байгууллага, эдийн засагчдын шүүмжлэлийг эс тоон төсвийн төслийг ямартай ч батал­лаа. Учир мэдэх хүмүүс жил, жилийн төсвийн төслийг “муу” хэ­мээн дүгнэдэг. Сангийн сайд тэргүүтэй хол­богдох албаныхан “Энэ жил төсвийн төсөлд хувьсгал хийнэ” хэмээж байсан юм. Гэтэл хувьсгал хий­сэн хэмээгээд баталсан төсөлд хүмүүс бас л “муу” гэх дүгнэлтийг өг­сөн. Ирэх он бол сонгуулийн өмнөх жил. Тиймээс УИХ, Засгийн газар хамгийн их “ургац” хурааж, үр ашиг­тай ажиллах ёстой. Намуудын амлалт болох 1.5 сая төгрөгийг олгоно. Стратегийн ач холбог­дол бүхий томоохон ордуудыг ашиглана. Хөдөө аж ахуй, газар тариа­лангийн ажлыг идэвхжүүлнэ. Гэтэл энэ болоод бусад зүйлсийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөн­гө оруулалтын 10 орчим хувь нь л Засгийн газарт байгаа гэдгийг зарим гишүүн хэлж байсан. Харин Монголбанкнаас төсвийн төслийг хэвээр баталбал инфляци 20 хувьд хүрнэ гэж дүгнэсэн. Мөн манай улс дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн газ­раас төсвийн төслийг хэд хэдэн эрсдэл дагуулж, хямрал авчирна гээд төрийн түшээ­д баталсан хуулиа зөрчдөг юм байна гэдгийг ч онцолсон юм. Тус банкнаас төсвийн төсөлд туршил­тын шинжилгээ хийсэн. Улмаар шинжилгээний хариу нь төс­вийг тэлэх бодлого баримталж, уул уурхайн салбарт орж байгаа экспор­тын орлогыг иргэдэд бэлнээр олгох нь үнийн дарамтыг өсгөж, төгрөгийн ханш огцом чангарахад хүргэнэ гэж гарсныг танилцуулсан билээ. УИХ-аас 2011 оны нэгдсэн төсвийн ор­лого гурван их наяд 304.6 тэрбум төгрөг байна гэж тооцооллоо. Харин нэгдсэн төсвийн нийт зарлага дөрвөн  их наяд 84.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдал нь 779.5 тэрбум төгрөг байх аж.  Энэхүү алдагдлын хэмжээ ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж байгаа юм. Ирэх онд улсын төсвийн орлогыг зэс, нүүрсний ордуудаас бүрдүүлэх юм байна. Харин алдагдлаа хэрхэн нөхөх вэ гэсэн асуултад төсөв боловс­руулагчид “Төрөл бүрийн эх үүсвэ­рээс нөхнө” гэдэг хариултыг өглөө. Төрөл бүрийн эх үүсвэр гэдэгт нь бонд гаргах, үнэт цаас дэлхийн зах зээлд гаргах, уул уурхайн баялгаа борлуулахад урьдчилгаа авах зэрэг багтаж байгаа юм билээ. Мөн эрхэм гишүүд ирэх онд инфляцийн түвшин 8-9 хувь хооронд байна гэдэгт итгэлтэй байгаа аж.

Ам.долларын ханш унасаар л

Манай улс энэ жил урьд жилүүдийнхээс  их валют нөөцөлсөн. Валютын урсгал нэмэгдсэнтэй холбоотой­гоор ам.дол­ла­рын ханш аажим, аажмаар буур­саар байна. Эдийн засагчид төдий­гүй банкны салбарынхан үүнийг зах зээлийн зарчмын дагуу явагдаж буй хэвийн үзэгдэл хэмээн тайлбарладаг. Энэ оны эхэнд 1450 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 1250-1256 төгрөгт хүрч буурав. Өчигдрийн  байдлаар   Монголбанкинд ам.доллар 1250.45 төгрөгийн ханштай байлаа. Харин арилжааны банкуудад нэг ам.долларыг 1239-1250 төгрө­гөөр худалдан авч, 1254-1258 төгрө­гөөр арилжиж байв. Ийнхүү энэ сарын эхэнд 1280-1285 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өдрөөс өдөрт буурсаар байна. Монгол­банкнаас нэг ам.долларыг 1285 төгрөгтэй тэнцэж байх үед “Валютын ханш бага багаар буурч, төгрөгийн ханш чангарч байгаа нь манай улсын эдийн засаг болон экспортлогчдод  сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй. Ам.долларын ханш макро эдийн засгийн тэнцвэрт түвшинд байгаа” гэх хариултыг өгч байсан билээ. Тус банкнаас төгрөгийн ханш хэт чангарах, гадаад тэнцлийн тогтвортой байдлыг алдагдуулах, үр ашиггүй импортыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн шалтгаан, нөхцөл үүссэн тохиолдолд арга хэмжээ авна гэж байсан юм. Банкны эдийн засагчид   тухайн үед “хэвийн” хэмээх хариул­тад санал нэгдсэн. Харин одоо хэвийн хэмжээнээс нь даруй 30 төгрөгөөр буурчихаад байгаа энэ үед тэд ямар ха­риулт өгөхөөр бэлтгэж байгаа бол. Ам.долларын ханш энэ хэвээр буурвал эдийн засгийн тэнцвэрт түвшин алдагдах уу гэдэг асуултад зарим банкир “Урьдчилан таамаглах боломж­гүй” гэсэн хариултыг өгч байсан билээ.

“Инфляци 9.7 хувьд хүрнэ” гэв

Оны эцэс ойртож яам, тамгын  газрууд өөр өөрийн энэ жил хийсэн ажлаа дүгнэж эхэллээ. Тэд  өөрсдөдөө ихэвчлэн “Сайн, болом­жийн” гэх дүгнэлтийг өгч байгаа юм билээ. Үндэсний хөгжил, шинэтгэ­лийн хорооноос өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хэвлэлийн хурал хийж, хэвлэл, мэдээллийнхэнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа товч тайлагнан эдийн засгийн үзүү­лэлт ямар байгааг танилцуулав. Тус хорооныхон  “Энэ онд Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал бүрэн тогтворжсон. Ирэх онд манай улсын эдийн засаг эрчимтэй өсөх хандлага ажиглагдаж эхэллээ” хэмээн мэдээлсэн юм. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн бодит өсөлт 2011 онд 8.2 хувьд хүрнэ хэмээн ҮХШХ-ыхон таамагласан байна. Харин 2013 оноос уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлс­нээр эдийн засгийн өсөлт 20.8 хувьд хүрнэ хэмээх тооцоог гаргаад байгаа ажээ. Инфляцийн түв­шин ирэх онд төд байна гэдэг таамгийг олон янзаар дэвшүүлж байна. ҮХШХ-ныхон инфляцийн түвшин 2011-2013 онд жилд 8.7-9.7 хувь буюу нэг оронтой тоонд байх болов уу хэмээн тооцоолжээ. Тус хороо энэ жил “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлө­гөөг хэрэгжүүлэх, Хөгжлийн банк байгуулах, “Сайншанд” аж үйлдвэ­рийн цогцолбор барих ажлыг эхлүүлэх гээд Монгол Улсад эдийн засгийн өсөлт авчрах томоохон төслүүдийг хариуцах үүрэг даалгавартай ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн шинэтгэлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг хангалтгүй гэж байгаа бол тус хорооноос “Төлөвлөгөөний хэрэг­жилт сайн байгаа. Хувийн хэвшлийнхэнд төрийн хариуцдаг байсан 15 чиг үүргийг шилжүүлсэн” гэх хариултыг өгч байв. Хүмүүс  “Сайншанд” цогцолборыг яг хэ­дийд байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүнийг баяжмалаар нь гар­га­даг цаг хэзээ дуусах вэ гэдэгт хариулт авахыг хүсч байгаа. ҮХШХ-ноос “Сайншанд” аж  үйлдвэрийн цогцол­борт хамтрах гадаадын зөвлөхүүдийг сонгон шалгаруулах ажил хийж байгаа. Томоохон төсөл тул судалгаа, шинжилгээ хэрэгтэй” хэмээсэн юм. Харин Хөгжлийн банк­ны хувьд удирдлагаар нь ажиллах хүсэлтэй хүмүүсээс шаардлага хангасан материал ирэхийг хүлээж байгаа ажээ.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж