Н.Алтанхуяг даргын тухай шүүмжлэл бол хоосон зүйл

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг даргын тухай шүүмжлэл бол хоосон зүйл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргалыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Саяхан гарсан судал­гаанд таны рейтинг хамгийн доогуур гарсан
байсан. Янз нь иргэд “Золжаргал гэж ямар дэд сайд байдаг билээ” гэсэн
бололтой юм билээ?

-Би 2008 оны хоёрдугаар сар хүртэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй
харилцаж үзээгүй. Тэр үед УИХ-д нэр дэвших шийд гаргаснаас хойш гурван
сарын хугацаанд л хэвлэлээр ярилцлага өгч байсан. Тэгэхэд телевизийн
камерийн өмнө суухад их л сандарч байсан санагдаж байна.

-Та аль аймагт нэр дэвшлээ?

-Төв аймагт. Түүнээс хойш хэвлэлд нэг их гараагүй л дээ. Тийм болохоор
хүмүүс мэддэггүй юм шиг байна лээ. Мэдээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн дэд сайдын хувьд хааяа л ганц нэг хэрэгтэй гэсэн мэдээлэлд
тайлбар, тодруулга өгөх маягаар гарсан байх. Өөрийгөө нэг их тодруулаад
л, хэрэгтэй, хэрэггүй зүйл ярьж гүйх хэрэггүй л гэж бодсон.

-Мэдээж та улс төрийн карьераа энэ албаар дуусгавар болгох бодолгүй байгаа биз дээ?

-Тийм ээ. Цаашаа явах бодолтой байгаа.

-Ийм зорилготой хүмүүс хаана камер байна, түүний өмнө хоёр гараа
өргөх нь холгүй гүйгээд байхыг хүсдэг юм биш үү. Ядаж л царайгаа
тогтоолгохыг хүсдэг бололтой юм билээ?

-Би ажлаа аваад ийм ажил хийлээ гэсэн бодит мэдээтэй, бодит үр дүнтэй
болж байж ярих нь зөв гэж боддог. Түүнээс бус “Намайг Золжаргал гэдэг.
Би дэд сайд” гээд л өөрийгөө тодруулах гээд яриад байх нь бас их
оновчгүй болов уу. Одоо бол хийсэн ажлын үр дүн эхнээсээ гарч эхэлж
байгаа болохоор бас ч гэж ярих зүйл олонтой болсон байх аа.

-Уучлаарай, миний хувьд яамны тань хариуцсан салбарын тухай
мэдээллээс илүү Золжаргал гэж дэд сайд хэн бэ гэдэгт хариулт авахыг хүсч
байгаа учраас үндсэн сэдвээрээ ярилцмаар байна. Тэгээд ч та цаг үеийн
асуудлаар хангалттай л олон тодруулга, тайлбар хэвлэлд өгөх болов уу гэж
бодож байна?

-Болно оо, болно.

-Намтраас тань харахад Шинжлэх ухаан, тусгай дунд боловсролын улсын
хорооны удирдлагын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан болон
Хөдөлмөр, нийгмийн халамжийн Хяналтын албаны хэлтсийн даргаар их богино
хугацаанд ажилласан нь харагдаж байсан. Товчхондоо бол төрийн албаны
туршлагагүй гэж ч болмоор?

-Тийм ээ. Бараг туршлагагүй гэж хэлэхэд буруудах юм байхгүй ээ. Тэрийг нуух шаардлагагүй байх.

-Харин өнөөдөр бол та дэд сайд. Энэ албыг УИХ-д нэр дэвшиж байсан гэдгээр тань цайруулж болох ч бас их огцом үсрэлт санагдсан?

-Би анх 1988 онд Словак улсын Ян Амос Комекийн их сургуулийг математикч
мэргэжлээр төгсч ирчихээд Шинжлэх ухаан, тусгай дунд боловсролын улсын
хорооны удирдлагын лабораторид ажиллаж байгаад 1991 оноос шууд бизнесийн
салбарт орсон. Тэр үеэс хойш хаягдал зэсийн наймаанаас эхлээд модны
үйлдвэр, газар тариалан гээд олон салбарт бизнес хийсэн. Сүүлийн 10 жил
барилгын салбарт дагнаж ажилласан. Энэ яамны тухайд эдийн засгийн бодит
салбар гэдэг утгаараа миний сонирхлыг их татсан. Би аль болох бодит
салбарт ажиллах сонирхолтой.

-Барилгын салбарт ажилласан туршлагаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд ашиглах хүсэл байгаагүй юу?

-Барилгаас илүү хөдөө аж ахуй нь илүү сонирхолтой санагдсан л даа.
Тэгээд ч манай Х.Баттулга сайд өөрөө дэд сайдаа сонгосон байх.

-Анх таныг энд ирэх саналыг намын удирдлага тавьсан уу. Аль эсвэл
та Ардчилсан нам доторх “Кроун” фракциараа дамжуулж сонирхлоо
илэрхийлсэн үү?

-”Кроун” фракцийн хувьд тодорхой квоттой байснаас бус яг тэр яам гэсэн сонирхол илэрхийлээгүй.

-Нам доторх фракциудад квотыг яаж тогтоодог юм бэ. Сонирхолтой санагдаж байна?

-Чи хамтарсан Засгийн газрыг байгуулж байх үеийн тэр халуун уур амьсгал
руу хөтлөөд байх шиг байна аа даа. Манай “Кроун” фракци үнэндээ 2008 оны
сонгуулийн өмнө чимээгүй л байдаг байснаас бус нам дотроо хамгийн
хүчтэй фракцид ордог байсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдахын
өмнө  бид Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг зарлаад “Манай нам сөрөг
хүчин байх хэрэгтэй” гэдэг шийдвэр гаргуулж чадах байсан. Зарим хүн шиг
улс төрийн их муухай арга хэрэглэж болох л байсан байх. Гэхдээ бид
тухайн үед ч, өнөөдөр ч Монголын хөгжлийг хурдасгачих юмсан гэдэг
зарчмыг баримталсан. Цаашид ч энэ зарчмаараа л явна.

-Та улс төрийн муухай арга гэж ямар аргыг хэлсэн бэ?

-Яах вэ дээ, “Н.Алтанхуяг даргыг хамтар, хамтар” гэж Засгийн газарт
оруулчихаад арванхоёрдугаар сард нь Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулж
“Хамтарсан Засгийн газраас гар” гэдэг шахалт үзүүлж болох л байсан.
Гэхдээ бид тийм заваан юм хийгээгүй. Хийх ч хэрэггүй гэж бодсон.
Магадгүй нөгөө талаас дараа нь иймэрхүү янз бүрийн асуудал үүсгэх вий
гэсэндээ албан тушаал өгч, барьцаа тавьсан байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч
бидний хувьд төр засгийг тогтвортой байлгаж, хөгж­лийн төлөө хамтарч
ажил­луулах нь зөв гэдэг шийдэл дээр хүрсэн. Тухайн үед сайдуудыг УИХ-ын
гишүүдээсээ тавих хэрэгтэй гэж ярилцсан болохоор Д.Нямхүү бид хоёр дэд
сайд болъё гэсэн. Тэгээд л өнөөдөр ажиллаж байна.

-Хэдийгээр та “Кроун”-ыг хүчтэй фракци гэж буй ч дэд сайдын албан
дээр тунасан нь та хоёрыг хоёр, гуравдугаар эгнээний лидер гэдгийг 
тодотгож байгаа юм биш үү?

-Бид 1990 оноос эхэлж, улс төрд явахдаа өөрсдөө хоёрдугаар эгнээнд байх замыг сонгосон.

-Яагаад?

-Жишээ нь 1990 онд Бага хурлын гишүүн болж болох байсан. Тэгээд 1996 онд
улс төрийн нэлээд  идэвхтэй байсан бол сая төгрөг өгч, гуйж байгаад л
УИХ-д нэр дэвшиж  болох  байсан. Бидэнд зөндөө олон боломж байсан.
Тэгэхэд бид “Та нар улс төрөө хий. Бид бизнесээ хийгээд, та нарын ард
хэрэгтэй үед тань дэм болоод явах нь зөв” гэж хэлээд л өөрсдийнхөө замыг
сонгосон. Үнэндээ 2008 он хүртэл ийм л зарчмаар явсан. Өөрсдөө хичээсэн
бол 2004 онд ч УИХ-д нэр дэвшиж болох л байсан. Гол нь бидний хувьд
өнгөрсөн хугацаанд улс төрд оролцож ирсэн оролцоо маань тодорхой нэг нэр
дэвшигчийг дэмжиж, хандив өгөөд, сонгуулийнх нь ажлыг зохион байгуулах л
байсан. Тэр хүнээ ялбал “За, улс төрийнхөө ажлыг сайн хийгээрэй” гээд л
баяр хүргэдэг байлаа. Түүнээс бус эргээд тэгж тусал гэдэг болзол тулгаж
байгаагүй. Хүмүүс өөрсдөө үүнийг мэдэх байлгүй дээ.

-Харин ч нэгэнт дэмжиж, тусалсан гэдэг утгаараа та гэхэд л барилгын
салбарт намайг дэмжээрэй. Ийм шийдвэрийг УИХ-аар гаргуулаад өгөөрэй гэх
мэт хүсэлт тавьж болох юм биш үү. Хүмүүс “Тэгээгүй ээ” гэвэл нэг л
итгэхгүй байх аа?

-Тийм юм байхгүй. Яагаад гэхээр улстөрчдийн лобби гэдэг чинь бүтдэггүй
юм. Өнөөдөр нэг зүйл гуйлаа гэхэд бараг гурван жилийн дараа л бүтэх юм
шиг байна лээ. Тэгэхэд бизнес гурван жилийг хүлээдэггүй байхгүй юу.
Өнөөдөр хийх ёстой бизнес өнөөдөртөө л ашигтай байдаг. Тэр шийдвэр энэ
тэрийг хүлээж, цаг алдах боломжгүй. Миний бизнес бол газрын зөвшөөрөл
авсан хүнээс газрыг нь авч, ашгаа тохирч, барилгаа дуусахаар үнийг нь
барилгынхаа тодорхой хэсгээр төлөөд л хэрэглэгчдэд үлдсэнийг нь зарах
тухай  асуудал. Энд ямар ч улс төр хэрэггүй.

-Тэгвэл улс төрд хөндлөнгөөс оролцдог байсан хүн яагаад гэнэт
өөрийн биеэр оролцох шийдвэр гаргасан юм бэ. Энэ талбарт танд дүр бүтээх
шаардлага юу байсан юм?

-Анх 2005 онд Л.Гүндалайг Ард түмний нам байгуулахад манай намын нэр
хүнд асар их унасан. Тэр үеэс л уур хүрч, улс төрд идэвхтэй оролцож
эхэлсэн. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хамтарсан Засгийн газраас
огцруулах үед шууд шийдсэн. Тэр үед Ардчилсан намд үнэндээ хөл, толгой
нь мэдэгдэхгүй, маш эвгүй нөхцөл байдал үүссэн байсан. Тэгээд нөхдийнхөө
хамт Их хурлыг зарлаж, хуралдуулан намынхаа дүрмийг шинэчилсэн. Тэгж
намынхаа дотоод ажилд идэвхтэй оролцох хэрээр нам дотор найз нөхөд
олонтой болох үед “Чи улс төрд ингэж идэвхтэй явж байгаа юм чинь нэр
дэвш. Энэ хатуу улс төрд биднээс хэн нэг нь орох хэрэгтэй” гэдэг яриа
гарч эхэлсэн. Тэр нөхцөл байдалд А.Мурат, Д.Нямхүү бид гурав нэр
дэвшихээс өөр сонголтгүй болсон. А.Мурат маань ч угаасаа УИХ-ын гишүүн
байсан л даа.

-Эрсдэлтэй санагдаагүй юу. Бизнес эрхлэгч хүний хувьд эрсдэлийг
алхам тутамдаа тооцоолдог байж таарна. Энэ утгаараа нам дотроо идэвхтэй
байхаас илүү сонгогчид намайг танихгүй гэдэг бодлоор 2012 он хүртэл
өөрийгөө олонд танилцуулчихаад нэр дэвших нь илүү оновчтой байгаагүй юу.
Наад зах нь Төв аймгаас сонгогдсон Ардын намын гишүүд ямар хүчтэй
хүмүүс билээ дээ. Ийм нөхцөлд та эрсдэлийг тооцоолоогүй байна гэж
байхгүй шүү дээ?

-Улс төрд орохыг зарим хүн бизнес гэж төсөөлдөг. Миний хувьд бизнес биш.
Нэг япон хүн гэхэд “Улс төр хамгийн эрсдэлтэй бизнес. Энэ талбарт бүхэл
бүтэн 100 хувийн таван хувь нь л ашигтай байх талтай” гэж хэлсэн
байдаг. Тэгвэл миний хувьд энд ямар ч эрсдэл бодоогүй. Би яг шийдвэр
гаргахаасаа өмнө өөрөө өөртэйгээ ярилцсан. Тэгээд би ерөөсөө л
“Хүүгийнхээ төлөө улс төрд орох ёстой юм байна” гэж бодоод шийдсэн.
Яагаад гэхээр надад  улс төрд орсон, ороогүй өөрийнхөө амьдралыг аваад
явах чадал бий. Гэтэл миний хүү ирээдүйд ямар хүмүүсийн дунд амьдарч,
нийгэмд хэнтэй таарах вэ гээд бодсон чинь би орох ёстой юм байна л гэж
бодсон. Өөрөөр надад э улс төрд орох шаардлага байгаагүй. Би хүүгийнхээ
ирээдүйг л сайн сайхан байлгахыг хүссэн.

-Та тэгээд дэд сайдын энэ өрөөнөөс хүүхдийнхээ өмнө өөрийнхөө бодсон тэр сайн сайхан ирээдүйг бүтээж чадах нь уу?

-Би энэ албанд ирснээрээ  Монголын төр гэж юу юм бэ гэдгийг маш сайн
ойлгосон. Өмнө нь би зөвхөн улс төрийн хувьд Ардчилсан намын төлөө гэдэг
ганц итгэл үнэмшил, зорилготой байж ирсэн. Тэр ч утгаараа зөвхөн би ч
бус манай намынхан шүүмжлэгчийн байр суурин дээр явж ирсэн. Одоо тэгвэл
1990 оноос хойш явж ирсэн үгүйсгэлийн үгүйсгэлийн зарчмаа өөрчилж, зуун
хувийн туйлшралаа  болих хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Улс төрийн
хүчнүүд хоорондоо ч, нам дотроо ч тэгж их сөргөөцөлдөж, зөрчилдөөд
байхаар иргэд ч “Би биш бол чи биш” гэсэн энэ зарчимд дасч эхэлж байна.
Үгүйсгэж байсан ч ялж л байвал хамаагүй гэсэн улстөрчдийн зарчмаас
үүдээд улс төрийг энэ өнгөөр л ойлгож байна. Тэгж болохгүй юм байна
гэдгийг би ойлгосон. Өнөөдөр өнгөрсөн 20 жилийн үгүйсгэлээ өнгөрсөн үед
нь үлдээх хэрэгтэй. Тэгээд ч хэзээ ч энэ хоёр нам эдийн засгийн
боломжтой, ирээдүйн хөгжлөө тодорхойлох тохиромжтой ийм цаг үед хамтарч
байгаагүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Эдийн засгийн
хямралтай үед үнэндээ засаг хэчнээн ч сайн ажилласан иргэдэд үнэлэгдэж
чаддаггүй. Гэр бүлд аав, ээж хоёр нь хүүхэддээ орой болгон жүүс өгч
байгаад санхүүгийн боломжгүй болоод өгч чадахгүй бол хүү нь ойлгохгүй
шүү дээ. Хямралын үед иргэд ч түүнтэй л адил байдаг. Иймд засаг олдож
байгаа боломжоо алдаж болохгүй. Болж байгаа зүйлээ болж бүтэхгүй тал руу
нь унагаж болохгүй. Тэртэй тэргүй энэ хоёр нам ирээдүйдээ зөндөө
өрсөлдөж, өөр хоорондоо тэмцэлдэнэ. Энэ өрсөлдөөн, тэмцэлдээнийг хааяа ч
гэсэн Монгол Улсын хөгжлийн төлөөх хар хайрцагны бодлого дээрээ зогсоож
байж л улсаа хөгжүүлж чадна. Манай улс асар их итгэл найдварыг
цуглуулж, дэлхийн улс орнууд манайд хөрөнгө оруулах байр сууриа эрчимтэй
эрэлхийлж байгаа энэ үед бид ашгаа хүртэх ёстой. Бид энэ их итгэл
найдвартай золгосондоо бахархах хэрэгтэй. Гол нь үүнийгээ ажил хэрэг
болгохын төлөө л зүтгэмээр байна. Бид өнөөдөр асар их эрх чөлөөтэй хамт
асар их итгэл найдварын өмнө сууж байна. Үүгээрээ сэтгэл дүүрэн бахархах
нь монголчуудын эрх. Бид ирээдүйн боломж бололцоогоороо бахархах
хэрэгтэй. Энэ бол зөвхөн миний бус бүх монголчуудын маань бахархал гэж
би боддог.

-Таныг ардчиллын хамгийн анхны уулзалтуудад оролцсон гэж дуулсан. Тэр үед танд өнөөдрийнх шиг тань итгэл найдвар байсан уу?

-Би 1990 оны хоёрдугаар сарын 17-нд хуралдсан Монголын Ардчилсан
холбооны анхны хурлын илтгэлд ардчилсан коммунист гэсэн үг орсон байсныг
үг хэлж хасуулж байсан.

-Юу гэж хэлж байсан юм бэ?

-Бид хоёр дахь хувьсгалт намыг байгуулж байгаа биш шүү дээ. Иймд энэ
үгийг оруулж болохгүй л гэж хэлсэн. Би зүүн Европт боловсрол эзэмшсэн.
Словакт сурч байхад оюутнууд нь бүгд л коммунист намаа шүүмжилж,
өөрчлөлт хийх цаг болсон гэдгийг ярьж байсан учраас Монголд ирэхэд миний
бодол ч гэсэн тэр өөрчлөлтийг хийх ёстой гэдэг дээр тогтсон байсан.

-Та тэр үед хэдтэй байсан бэ?

-Би 25-тай байсан. Миний тэр сэтгэхүй тухайн үеийн төрийн байгууллагад
ажиллахад хүнд суртал, ахмад үеийнхний хуучинсаг арга барилтай зохицоход
их хүндрэлтэй санагдаж байсан. Миний хүссэн эрх чөлөө тэнд байгаагүй.
Хаагдмал, боогдмол орчинд ажиллахаас илүү нэгэнт Монгол Улс ардчиллыг
сонгосон учраас өөрийнхөө зорьсон тэр эрх чөлөөгөө эдэлж, хувийн
бизнесийн талбарт орох нь зөв гэдэг гарцыг олж харсан л даа.

-Анхны бизнес тань юу байсан юм?

-Бусдын л адил. Тухайн үед Ардын банкнаас зээл авч, Дорнод аймгаас хаягдал зэс цуглуулж, бизнесээ эхлүүлсэн.

-Таныг бас ардчилалд уриалсан тараах материалыг нууцаар хувилж өгдөг байсан гээд л ярьдаг?

-Одоо энэ Ногоон намын дарга Д.Энхбат манай байгууллагын дарга байсан.
Түүнийг мэргэжил дээшлүүлэх курст явах хооронд нь байгууллагынхаа
компьютер дээр санал асуулгын хуудсыг нь хийж, хэвлэж тараадаг байсан
юмаа. Тэр үед чинь компьютертэй байгууллага ч их цөөхөн байсан. Яг
өлсгөлөнгийн үеэр юм байна. Хоёр жил тэр хуудсаа хадгалж байгаад
устгачихсан. Уг нь хадгалж байгаад ардчилалтай холбоотой дурсгалд нь
нэгтгэсэн бол бас үнэ цэнэтэй л дурсамж олох байсан юм билээ.

-Ардчиллын анхдагчид гэсэн энэ тодотгол улстөрчдөд асар их
карьерийн түшиг тулгуур болдог. Энэ утгаараа анхдагчид хийгээд шинэ
гишүүдийн дунд миний, чиний оруулсан хувь нэмэр гэсэн зөрчил цаг ямагт
гарах болж. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Ардчилалд анхнаас нь оролцсон би байна уу. Сарын өмнө орсон шинэ залуу
байна уу энэ хамаагүй. Бүгд л тэгш эрхтэй байх ёстой. Би тийм л зарчим
баримталдаг. Зөрчлийн хувьд Ардчилсан намын мөн чанар нь.

Үүнийг олон нийт муухай гэж хараад байдаг. Харин нэг хүн бусдаасаа илүү
тод байх гээд л нэг сэдэв гаргаж ирж, түүнийгээ тойрч баахан популизм
хийх бол буруу. Шүүмжлэл бүхэн зөв байдаггүй. Асуудал бүхэн бодитой
байдаг. Тэр асуудлыг нэг нөхөр ил гарч шүүмжилснээр илчлээд шийдээд
байгаа юм биш. Тэр асуудлыг бүгд хамтдаа л шийддэг. Өнөөдөр бид нийгэмд
баялаг бүтээх хэрэгтэй. Нийгмийг урагшлуулах үүрэгтэй. Үйлдвэрлэлийг
хөгжүүлж, ажлын байрыг бий болгох замаар нийгмийг урагш нь хөдөлгөж
чадна. Түүнээс бус хий хоосон шүүмжлэл хэзээ ч үр дүнг авчрахгүй.

-Та хувьдаа аль шүүмжлэлийг нь хоосон шүүмжлэл гэж үзээд байгаа юм
бэ. Танай намын гишүүд гэхэд л бүх талаас нь л шүүмжилж байгаа шүү дээ?

-Жишээ нь намын даргын асуудал байна. Би тэр шүүмжлэлийг дүрмийн бус гэж
үзэж байгаа. Монгол Ардын намын даргын дор удирдагдаж, үүрэг авч
ажиллаж байна гээд л.

-Энэ нөхөрлөл жирийн ги­шүүдэд тань хүртэл онцгүй ха­раг­даж байгаа бололтой юм билээ?

-Онцгүй харагдаж байгаа нь үнэн. Манай намын дарга сүүлийн үед чимээгүй
ажлаа хийхийг зорьж байгаа бололтой юм билээ. Яах вэ, Н.Алтанхуяг дарга
намын даргынхаа хувьд ч, Тэргүүн шадар сайдынхаа хувьд ч сард ч юмуу,
улиралд ч юмуу үйл ажиллагааныхаа талаар бо­дит мэдээлэл өгч, албан ёсны
байр сууриа илэрхийлээд явах хэрэгтэй юм болов уу гэж бодсон.

-Та хоосон шүүмжлэл гэдгээ сайн тодруулсангүй?

-Би наад асуудалд чинь тэр сөрөг хүчин байх ёстой гэсэн шүүмжлэлийг
хэлнэ. Ардчилсан нам дандаа сөрөг хүчин байж ирсэн болохоор гишүүд маань
нөгөө намыг шүүмжлүүлэхийг хүсээд байх шиг байна. Шүүмжлэхгүй болохоор
Ардчилсан нам биш юм шиг санагдаад байгаа байж магадгүй юм. Шүүмжилж бол
болно. Болохгүй юм энд огтхон ч байхгүй. Гэтэл хамтарсан Засгийн
газраас Ардчилсан нам гарахад Монгол Улс яг энэ байрандаа л зогсоно. Тэр
нөхцөлд ямар ч сайн сайхан зүйл гэж байхгүй болно.

-Шүүмжлэгчдийн хувьд зогсох цэг нь их чухал байгаа юм биш үү. Учир
нь энэ сонголт дараагийн УИХ-аар Ардчилсан намд олон суудал авах
боломжийг олгоно гэдэг гаргалгааг тэд ил тодоор хийж байгаа. Ардчилсан
намд ялалт ойрхон тэр ирээдүйн төлөө танай нам өнөөдөр сөрөг хүчин байх
нь илүү зохимжтой гээд л. Улстөрчдийн хувьд магадгүй карьерийн төлөөх
холыг харсан нүүдэл ч гэж хэлж болохоор?

-Яг үнэн. Тэдний төлөвлөсөн стратеги нь ердөө л тэр байхгүй юу. Гэтэл
бидний зорилго чинь тэр улстөрчид ялж гарч ирээд дараагийн УИХ-д гоё
зорилтоо биелүүлнэ гэдэг хувь хүний зарчим юмуу, эсвэл иргэдээ сайхан
амьдруулах зарчим уу. Үүнийг л бодох хэрэгтэй байхгүй юу. Бид энд ингэж
зөрчилдснөөрөө яг юу хожих гээд байгаа юм бэ. Хувь улстөрч хожлоо гэхэд
тэр хожил нь хэнд ашигтай юм бэ. Энэ асуултын хариуг л зөв олоод харчих
хэрэгтэй. Хүнд чинь худлаа улс төр хийхээс илүү нэг нийгмийн өмнө
хүлээсэн үүрэг хариуцлага гэж байх ёстой л доо.

-Та тэгвэл тэр буруу улс төр хийгээд байгаа хүмүүстэй тулж уулзаж
үзсэн үү. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс төрийн далд амьдралд өөрийн
гэсэн дуу хоолойтой болсон үнэлэмж танд бий биз дээ?

-Би өнөөдрийг хүртэл улс төр ярихгүй мөрөөрөө ажлаа хийе л гэж бодож
ирсэн. Би өмнө нь үнэндээ нэг номерт Ардчилсан нам л гэж ажиллаж ирсэн.
Хойшид би нэг номерт Монгол Улс, хоёрдугаарт Ардчилсан нам гэж ажиллана.
Бас дуугарах ёстой үедээ хэлэх хэрэгтэй гэж бодсон үгээ хэлж байна аа.
Өмнө нь би Ардчилсан нам л ялаасай. Ардчилсан нам л ардчиллыг хамгаална
гэж бодож ирсэн. Тэр итгэл үнэмшлээ би бүхнээс илүүд тавьдаг байсан.

-Энэ үг тань таныг тодорхой хэмжээний асуудалд оруулах байхдаа. Одоо л гэнэт ухаан ороо юу гээд л?

-Мэдэж байна аа. Өнөөдөр Монгол Улсад улс төрийн тогт­вортой байдал
хэрэгтэй байна. Энэ хоёр нам    айлаар яривал байнга л хэрэлддэг авгай,
нөхөр хоёр шиг байгаад байж болохгүй. Энэ тохиолдолд бид нар Ардчилсан
намын эрх ашгийг тунхаглаад байвал энэ улс орны хөгжлийг дэмжих улс
төрийн тогтвортой байдлыг хадгалж чадахгүйд хүрнэ. Гаргалгаа нь энэ.
Монголын ажил хэрэгч хүмүүс тэр л тогтвортой байдлыг хүсдэг. Зөвхөн
гадаадын хөрөнгө оруулагчид ч бус дотоодын бизнес эрхлэгчид ч ажил
хэрэгчид ч тогтвортой байдал юу юунаас ч илүү чухал байгаа. Ардын намтай
тэврэлдээд яваад байгаа юм Ардчилсан намд огтхон ч байхгүй. Тэртээ
тэргүй энэ хамтрал нэг их удахгүй нь ойлгомжтой. Ийм богинохон хугацаанд
бүх гарцыг, бүх шийдвэрийг эдийн засгийн ач холбогдол, нэмүү өртөг бий
болгох тэр боломж бололцоо талаас нь харах ёстой. Өнцөг нь тэр л байх
ёстой. Асуудлыг харах олон өнцгөөс Монголын улстөрчид тэр л өнцгийг нь
олоод харчихвал энэ улсыг хөгжүүлэхэд ямар ч саад байхгүй шүү дээ. Бид
ирээдүй үедээ өнөөдөр сайхан ирээдүйг бий болгох замыг нь засах ёстой.
Энд цөөхөн улстөрчийн эрх ашиг ямар ч хувь эзлэхгүй л байх ёстой.

-Та дээр хүүгийнхээ төлөө эрчимтэй улс төрийг сонгосон гэж хэлсэн.
Үүнтэй тань холбоотой саяны дүгнэлтүүдийг хэлж байх шиг байна. Тэгвэл та
энд эрчимтэй улс төр хийлээ гээд өөрчлөлт авчирч чадах уу гэдэг нь
хамгийн чухал асуудал шүү дээ. Үүнд та итгэлтэй хариулт өгч чадах уу?

-Улс төр бол урт удаан хугацаанд алхах шат гэсэн үг байдаг.   Энэ
утгаараа би өөрийнхөө улс төрийн карьерийг зөвхөн 2012 оноор   харахгүй
байгаа. Би ямар ч байсан 2020-2024 он хүртэл улс төрд идэвхтэй явна.
УИХ-д сонгогдсон ч, эс сонгогдсон ч улс төрд идэвхтэй байна. Нийгэмд
байр сууриа илэрхийлнэ. Гэхдээ хэзээ ч Ардчилсан намаасаа хальж,
намынхаа дүрмийг зөрчиж улс төр хийхгүй. Би нийгэмд баялаг бүтээх замаар
улс орноо хөгжүүлэх боломжтой гэж үздэг гэдгээ дээр хэлсэн. Тэр
зарчмынхаа дагуу л байр сууриа илэрхийлнэ. Түүнээс бус намын дүрмээс
гажсан, намаа буруушаасан улс төр бол хийхгүй ээ.

-Таныг Ардчилсан намд чамгүй хэмжээний санхүүжилт хийсэн гэж дуулсан. Та нууц биш бол бодит тоон үзүүлэлтийг өнөөдөр хэлэх үү?

-Анх 1990-ээд онд хаягдал зэсийн бизнес хийгээд 4-5 найзтайгаа хамт 1,4
сая төгрөг олоод түүнийхээ саяыг нь намд өгч байсан түүх бий. Тэр
мөнгөөр Монгол Ардчилсан намын анхны их хурлыг хийсэн л дээ. Тэр үедээ л
хамгийн их хэмжээний хандив нь байсан юмдаг.

-Харамсах сэтгэл төрж бай­гаагүй юу?

-Үгүй ээ. Тухайн үед хүн сардаа 2000 төгрөгөөр л амьдарчихдаг  байсан
болохоор юу ч бодогдоогүй. Түүнээс хойш би боломж, болол­цооныхоо хэрээр
л хандив өгч ирсэн.

-Үүний цаана тодорхой нэг эрх ашиг тань хангагдах тохиолдол байдаг
уу. Хүн болгон л зүгээр ч хандив өргөнө гэж байхгүй дээ гээд л дараа,
дараагийн асуултыг тавина байх. Энэ асуудлыг танд хоёр ч удаа
тавьчихлаа.   Уучлаарай?

-Би энэ ардчиллын буянаар бизнес хийх эрх чөлөөтэй болсон. Ардчилсан
намыг анхнаас нь би байгуулалцаж явсан. Тухайн үеийн архивын мэдээгээр
би хоёрдугаар сарын 17-ны өдрийн анхны ги­шүүдийн бүртгэлээр би Монгол
Ардчилсан намын 54 дэх гишүүнээр бүрт­гэгдсэн байдаг. Анхны 54-ийн нэг ч
гэж хэлж болох л байх. Би зүгээр л Ардчилсан намыг битгий ялагдаасай
гэж хүсдэг. Ардчилсан нам хүчтэй байгаасай  гэж боддог. Би энэ итгэл
үнэмшлээрэй боломжтой үедээ тусалдаг. Түүнээс бус Ардчилсан намаас хариу
авсан тохиолдол надад байхгүй. Ардчилсан намын Монголд бий болгосон
ардчиллын ач тусыг Монголын бүх хүн хүртэж байгаа. Би тэдний л нэг.
Түүнээс бус намайг гээд онцгойлж өгсөн боломж энд байхгүй шүү дээ. Би
тэр боломжийг л ашигласан. Х.Золжаргал гэж хүнд эдлүүлсэн өөр илүү
боломж өнгөрсөн 20 жилийн хугацаанд огтхон ч байхгүй. Би үүнийг
баталгаатай хэлж чадна шүү.  Дахиад хэлэхэд би Ардчилсан нам ардчиллыг
авчирсан гэдэгт итгэдэг тийм л хүн.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж