Цэцийн даргын томилгоо ээлжит жүжиг болно

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Цэцийн даргын томилгоо ээлжит жүжиг болно

Үндсэн хуулийн Цэцийн даргын том албан тушаал, зөөлөн сэнтий хуулийн сал­барынхны амбицыг хө­дөлгөж, сэтгэлийг хөв­сөлзүүлсээр байна. Улс төрийн томоохон хүчнүүдийн нөлөө бүхий улстөрчид зарим хүнд энэ суудлыг амласан сурагтай. Уг нь энэ суудал маш явцуу хүрээнийхэнд хамааралтай. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний нууц санал хураалтын дүнгээр л даргыг нь томилохоор хуульд заасан. Тиймээс эхлээд Цэцийн гишүүн болох, дараа нь есөн гишүүний ядаж тавынх нь саналыг авах хүрээнд сонгодог суудлыг эртнээс амлах нь гоомой хэрэг гэж хуулийнхан ярьж байна.

Юуны өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Бямбадоржийн орны хүнийг яаралтай томилох шаардлагатай. Одоогоор түүний оронд Ардын намаас Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг, Ардчилсан намаас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нарыг нэр дэвшүүлэх байх гэсэн таамаглал бий. Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг Ерөнхийлөгч Н.Багабандийн үед томилогдсон болохоор түүний хүн гэж ярьдаг ч хашир хүн зай бариад халгаадаггүй. 

Хожим нь Н.Энхбаярын хүн хэ­мээх болсон ч талийгаач Ж.Наран­цац­ралт агсан л нутгархаж тал тохой татдаг байснаас өөр ивээлгүй гэж намынхан нь ярьж байна. Гэвч улс төрийн шалтгаанаар сууд­лыг нь булаагаад авсан боло­хоор нэрийг нь зүтгүүлэх алхам хийхээс өөр аргагүй байгаа ту­хай эх сурвалж хэллээ. Ингээд то­дорхой нэгэн татаасгүй ч намын татаасаар нэр дэвших энэ эрхэмд найдлага тавих хүн цөөн байна. Харин Ардчилсан намаас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр улиран томилогдсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрийг хэлж буй ч тус намын кандидатад боломж тун бага, бараг хаалттай гэж хэлж болно. Мөн АН-ын нө­гөө талын халаасанд хатагтай Б.Дэл­гэрмаагийн нэр байгаа сурагтай. Ерөнхийдөө улс төрийн намуудын зүгээс Үнд­сэн хуулийн Цэцийн даргын то­мил­гооны талаарх зо­рил­го нь нэг л цэгт огтлолцож буй. Энэ нь юу­ны өмнө 2011 оны төсвийн хуу­лиас элдэв “Но” илэрвэл түүнийг ногоон гэрлээр нэвтрүүлэх, дуугүй байх хүн хэрэгтэй. Цэцийн даргад хэнийг ч томил­лоо гэсэн энэ талаар хатуу ам өчиг авах нь тодорхой билээ.

Цэцийн экс дарга Ж.Бямба­дор­жийн хувьд дахин сонгогдох боломжгүйгээр бүрэн эрхийн хуга­цаа нь дуусгавар болсон. Түүнийг суудлаасаа буухад чухам энэ л шалт­гаанаар УИХ-ын гишүүд ал­гаа ташин баярлалдаж байсан юм.  УИХ-ын гишүүд 2007 онд тойр­гуудад 250 сая төгрөг ху­ваа­рилахад Үндсэн хуулийн Цэц иргэний өргөдлийн дагуу мар­гаан үүсгэж, хянан шалгаад дүг­нэлтээ УИХ-д өргөн барьсныг тусад нь хэлэлцэн хүчингүй бол­гож байлаа. Хожим нь тойрог бүрт хуваарилсан нэг тэрбум төгрөгийн асуудлыг өөрийн биеэр шалгаад зөрчсөн гэж үзэж байгаа тухай ал­бан бичгээ УИХ-д явуулж байв. Ту­хайн үед уг албан бичгийг “Байдаг л нэг албан бичиг шүү дээ” хэмээн УИХ-ын гишүүд үл тоож байсан ч үнэн хэрэгтээ энэ нь Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай асуудал байсан юм. Тиймээс ч Ж.Бямбадорж дар­га “Үндсэн хуулийн Цэцийн тог­­тоолоор хүчингүй болгосон асуудл­ыг дахин сэргээн баталсан то­хиолдолд Цэц их суудлын хурал­дааныг бүрэн бүрэлдэхүүнээр нь хийж хэлэлцдэг. Үндсэн хуу­лийн Цэцийн их суудлын ху­рал­дааны шийдвэр гармагцаа хү­чин төгөлдөр хэрэгжиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, төсвийг зогсооно гэсэн үг. Энд ямар нэгэн улс төр, бие биедээ таалагдах, эс таалагдах асуудал огт байхгүй” хэмээн хатуу мэ­дэгдэж олон хүний дургүйг хүргэсэн. 

Тэр үед УИХ-ын зүгээс асуудал хурц­даж мэдэхээр байгааг гадарлаад “Уг зөрчлийг арилгаж, төсвийн то­дот­гол хийнэ” гэж мэдэгдсэн. Ха­рам­салтай нь хэлсэндээ хүрээгүй өнөөг хүрч байна. Ерөнхийлөгчийн хоригийг ч, Цэцийн шийдвэрийг ч дараалан “унагааж” байсан УИХ улсын төсөвт ямар хэмжээний сонгуулийн ха­хууль төлөвлөсөн бол. Одоо үүнд саад үл болох дуулгавартай хүнийг Үнд­сэн хуулийн Цэцийн даргаар томи­лохыг тэд хүснэ. Төсвийн хуулиас гадна Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын ту­хай хууль гээд Үндсэн хуулийн “аюулгүй байдал”-д халдаж мэдэх олон хуу­лийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан нь бий. Энэ бүхнийг саад­гүй нэвтрүүлэн дуугүй суух хүнийг улстөрчид эрмэлзэн “замаа цэвэрлэх” ашиг сонирхлын зөрчлөө нууж ядан сууна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Ж.Бямбадорж өөр ажилд томилогдсоноор одоо найман гишүүнтэйгээр үйл ажил­лагаа явуулж байна. Уг най­ман гишүүнээс Ц.Жанцан, Ж.Болд­баа­тар, Т.Наранчимэг, Х.Амар­санаа нарын бүрэн эрхийн хугацаа ирэх нэгдүгээр сард дуусгавар болно. Ингээд үндсэндээ Цэцээс таван суудал сулрах нь. Энэ таван суу­далд Ерөнхийлөгч гурав, Ул­сын дээд шүүх нэг, УИХ Ж.Бямба­доржийн орны нэг хүнийг тус тус нэр дэвшүүлэх эрхтэй. Эсвэл хэ­вээр үлдээж болдог.  Тэд хуу­лийн дагуу 14 хоногийн дотор то­мил­гооны саналаа дэвшүүлж, УИХ 30 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ. Цэцийн гишүүнийг УИХ-д санал болгохдоо УИХ-ын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлт, Ерөнхийлөгчийн захи­­рамж, Улсын дээд шүүх гишүү­­дийнхээ олонхийн саналыг үн­дэслэн шийдвэр гаргадаг. Санал болгосон хүнийг нь Цэцийн гишүүн  болгохоос татгалзсан бол долоо хоногийн дотор дараагийн хүний нэрийг оруулж ирэхээр хуульд заасан байдаг. Тиймээс дээрх инс­титуциудээс болон улс төрийн на­муудын хүсэл сонирхлоор томи­логдох таван хүн нэгэн чиг үүргээр ажиллах “үүргээ ухам­сар­лаваас” Цэцийн есөн ги­шүүн дотроо олонхи болж “нууц даал­гавруудыг” амжилттай биелүүлэх нь тодорхой. Хэдийгээр дотроо бай­дал ийм байгаа ч өнгөн дээрээ жин­хэнэ сайн хуульчдыг олж Үндсэн хуулиа мануулж байна гэсэн уриа хэвээрээ байх нь ойл­гомжтой. Үүний үр дүнд Үндсэн хуульд харш хуулиуд сэм төрж, цаашилбал олон жил гар хүрэхээс эмээгээд байсан Үндсэн хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулах үйл ажиллагааг ч зориглон хийж мэдэ­хээр тохироо бүрдэх юм. Эцэст нь УИХ, Засгийн газрын бүх төр­лийн хамтарсан ажиллагааны дүнд айхавтар зоригтой, шийдэм­гий өөрчлөлтүүдээр тэсрэлт хийс­ний бурууг УИХ-ын сонгуулиар саналаа өгөхдөө улс төрийн хоёр том хүчин ойролцоо эрх олгосон  сонгогчдыг л буруутгаад өнгөрөх биз ээ. “Цэцийн дээр тэнгэр л бий” гэж гавьяат хуульч Г.Совд гуай хэлсэн бол эдүгээ тэнгэрийн оронд улс төрийн намуудын амбиц, ашиг сонирхлын нэгдэл л залрах болжээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж