
Тус байгууллага дөрвөн жилд нэг удаа их хурлаа хуралдуулж, Үндэсний танхимын их хурлын гишүүд, Үндэсний танхимын зөвлөлөө сонгодог. Бас Үндэсний танхимын зөвлөл нь танхимынхаа даргыг нууц санал хураалтаар сонгодог дүрэмтэй. Удахгүй МҮХАҮТ-ын Үндэсний танхимын их хурал хуралдах гэж байгааг эх сурвалж дуулгалаа. Мэдээж дүрэм ёсоор их хурлаараа Үндэсний танхимын их хурлынхаа гишүүдийг, гишүүд нь Үндэсний танхимын зөвлөлөө, зөвлөл нь МҮХАҮТ-ын даргыг сонгоно. Энэ том цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг чинээлэг байгууллагыг сүүлийн найман жилийн турш С.Дэмбэрэл хэмээх эрхэм удирдлаа. Үндэсний танхимын зөвлөлийн гишүүдээс хоёр ч удаа МҮХАҮТ-ыг удирдах итгэл хүлээсэн зайтай эр л дээ. Мань эр Үндэсний танхимын их хурал хуралдах хугацаа дөхөх тусам гурав дахиа сонгогдох нүхээ малтаж эхэлсэн гэнэ. Ний нуугүйдээ хүрэхэд МҮХАҮТ-ын зарим гишүүн байгууллагын удирдлагууд түүнийг дахиад даргаар сонгохгүй гэж шулуухан хэлж байна. Уг нь ч эзний алба ээлжтэй, хааны алба халаатай байдаг орчлонгийн жамыг дагавал тэр эрхэм дахиад нэр дэвших нүүргүй баймаар. Нэг газрыг нэг хүн удаан хугацаанд удирдахаар ужиг хуучдаа баригдаад балран доройтдогийн жишээг түүхийн зузаан шаргал хуудас илтгэдэг. Тиймээс шинэ сэрэл, сэтгэлгээтэй хүнээр бизнесийнхний “залуурч” байгууллагыг удирдуулбал ямар вэ. Аливаа юмыг олон арга ухаан, өнцгөөс харж асуудалд хандахыг шаардах болсон одоо цагт нэг хүнийг тахин шүтэх үзлээс ангид байхыг дор бүрээ эрмэлзэх хэрэгтэй. “Тахин шүтэх” гэх хэллэг арай хатуудаж байж болох юм. “Дахин сонгох” үзэл гээд эерүүлчихье. Яг энэ зарчмыг хар ухаандаа хатуу баримталж нэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдох эрх өгсөн биз дээ. Улс орны хөгжил цэцэглэлтийг тодорхойлдог бизнесийн салбарын “эцэг” байгууллагыг удирдах эрхэмд энэ зарчим хамаатай бус уу. Энд С.Дэмбэрэл нь ч бай, хэн нэгэн нь ажлаа муу хийлээ, эсвэл сайн хийлээ гэж дүгнэхийг оролдсонгүй. Хамгийн гол нь хаана, хаанаа “ужиграх” өвчнөөс сэрэмжилж байх сэдлийг төрүүлж байгаа юм. Шуудхан хэлэхэд С.Дэмбэрэлд дахиад МҮХАҮТ-ыг удирдах нүүр байхгүй гэж хэлж байгаа хэрэг. Дахиад дурдахад, С.Дэмбэрэлээр МҮХАҮТ-ын удирдуулах гишүүн цөөн байгаа.
Э.ХАНГАЙ.

“Монголын мэдээ” сонин.