“Соронз” сэтгүүл нэг нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

“Соронз” сэтгүүл нэг нас хүрлээ

Монголын сэтгүүл зүйд цоо шинэ уур амьсгал, дүр төрхийг бий болгосон “Соронз” сэтгүүл мэндлээд бүхэл бүтэн нэг жилийг нэр төртэй үджээ. Тиймдээ ч сэтгүүлийнхээ байнгын уншигчид, хилийн чанад дахь олон мянган уншигчдынхаа хүсэлтээр хуудасныхаа тоог эрс нэмж, Монголын сор болсон эрхэмсэг ноёд хатагтай нар, сонирхолтой үйл явдлуудыг, жилийн турш өрнөсөн дуулиан шуугианыг нэгтгэн 80-н хуудаснаа багтаалаа. Ойн дугаарын маань хамгийн хүндтэй зочноор сэтгүүлийн маань анхны дугаарын нүүрийг чимсэн дуучин С.Жавхлангийн охин Ж.Юм-Агийн жилийн дараах өхөөрдөм түүхийг хүргэж байна.  “Соронз”-ын энэхүү түүхэн дугаарын “Хайрын түүх” буланд  Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нар  уригдан  залуу насны гэгээн дурсамжаасаа хуваалцаж, зөвхөн гэртээ л нандигнан хадгалдаг гэрэл зургаа нийтлүүлсэн юм. Үүний зэрэгцээ жилийн турш явуулсан санал асуулгаар Монголын “High class” хатагтай нарыг тодруулсан бөгөөд дээдсийн хүүхнүүдийн дунд шинээр нэмэгдсэн нэгэн тансаг хатагтайг ч танилцуулж байна. Мөн мэдлэг боловсролоороо гайхагдсан Монголын нууцлаг банкир хүүхнүүдийн сонирхолтой мэдээллийг хүргэхийн зэрэгцээ ойн дугаарынхаа “Санхүүгийн хүнд жингийн тоглогч” буландаа шилдэг бизнесмэнүүдийн талаарх хэний ч мэддэггүй багын  мөрөөдлийг дэлгэж байна. Та энэ булангаас “Женко” Х.Баттулга тугалын хашааны оёдолчин байсныг, “Барс” худалдааны төвийн эзэн Ч.Амарбаатар тансаг хөнжлийн цуглуулгатай болох, АПУ-гийн П.Батсайхан бүрээчин байсан гээд олон сонирхолтой түүхийг унших болно.  Басхүү тодорхой шалтгааны улмаас уншигчдын гарт очоогүй шилдэг дугаарын сонирхолтой папарацциудыг дахин хүргэж байгаа бөгөөд Монголын хамгийн өндөр цалинтай эрхмүүдийг нэрлэж байна. Нэг жилийн турш “Хүчирхэг” буланд уригдсан хатагтай нарын хамгийн оргил асуулт хариултуудыг түүвэрлэн уншигчиддаа хүргэхийн зэрэгцээ энэ дугаарын “Гол дүр” буланд дуучин Т.Баясгаланг онцолж зүгээр ч нэг ирээгүй амьдралынх нь хэн хүний мэддэггүй нандин хуудсуудыг дэлгэж байна. Үүний зэрэгцээ дуулиант салалтын эздийг тодруулж, загварын ертөнцийн алтан үеийн гэгддэг миссүүд болох Ц.Сансармаа, Н.Биндэръяа, Н.Мөнхцэцэг, Б.Түмэнхүслэн, Ч.Чулуун-Эрдэнэ, С.Бүрэнжаргал, топ модель Д.Ариунаа  гээд 90-ээд оны загварын тайзнаа жинхэнэ гялалзаж байсан хатагтай нарыг  эргэн дурсаж, өдгөө яажшуухан амьдарч буйг дурандлаа. Алс хол, нутгаасаа хол байгаа хилийн чанад дахь олон мянган уншигчид маань ч цаг хугацааны хуудсуудыг дахин нэг эргүүлэхийг “Соронз”-оос хүсч, чамгүй олон санал сэтгэгдлээ илгээдэг билээ. Тиймдээ ч цаг үеийн халуухан мэдээлэлтэй хамтатган үе үеийн сэтгэлд хоногшсон сайхан бүсгүйчүүд, дуулиант үйл явдлуудыг сөхөж байгаа билээ. Үүний зэрэгцээ топ модель Э.Одгэрэлийн хэнд ч нээгээгүй зүрх сэтгэлийн ертөнцөө уудалж байсныг “Соронз” уншигчдынхаа хүсэлтээр нийтлэв.

Мөн рок попын амьд домог болсон эрхмүүдийг, хожуу учирсан насны зөрүүтэй  нандин хайрын эздийг ч “Соронз” хараанаасаа салгасангүй. Их аварга Д.Дагвадоржийн хувийн амьдралын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна. “Соронз” салбар бүрт чих тавин, дурангаа сунгаж байдгийг ч уншигчид маань сайшаадаг билээ. Тиймээс хошин урлагийн өнгө төрхийг тодорхойлогч жүжигчин Аглуу, Бооёо, Амбий, Хүрлээ нарын гэргий нар нэгэн дор “Соронз”-ын хуудаснаа заларлаа. Сониуч уншигчиддаа зориулж цаг хугацааны эрхээр өөрчлөгдсөн олны танил хүмүүсийн фото зургийн сонирхолтой харьцуулалтыг хүргэхийн зэрэгцээ Монголын секс символ бүсгүйчүүдийг нэрлэлээ. Ийнхүү“Соронз” нэг жилийн хугацаанд хэзээд тэргүүлэгч байсаар ирсэн нь нийтлэлийн бодлогоосоо гажиж, хэн нэгнийг даган дуурайлгүй, жинхэнэ сэтгүүлчийн хүч хөдөлмөрөөр түрүүлж сэтгэн, үг үсэг бүрээ өөрсдийн уран ухаанаар урладгийнх билээ. Мөн үргэлж шинийг эрэлхийлж, шударга шүүмжлэл, санаа оноогоо хуваалцсаар ирсэн “Соронз”-ын уншигчиддаа ойн баярын халуун мэндийг хүргье!

“Соронз” хэзээд тэргүүлсээр байх болно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж