Алдагдал хоёр оронтой тоо руу дөхлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Алдагдал хоёр оронтой тоо руу дөхлөө

2011 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцэж, Улс тунхагласны баярын өмнөх өдрийн үдшийн 22 цагийн орчимд спикерийн алхны товшооноор баталлаа. Үдээс өмнө 79 хувьтай байсан нэгдсэн чуулганы ирц үдээс хойш цөөнгүй хувиар буурсны сацуу түшээд ихийг амжуулсан царайтай, нэг л сэтгэл хангалуун харагдсан. Энд ч очиж дал мөрөө алгадалцаж, нэг нэгнийгээ баясгасан шиг өнжсөн тэдний дотор “ширээний хөрш”-өө орлосон нь цөөнгүй. Ширээндээ ганцаар суучихаад гурван хүний өмнөөс санал хураалгаж суугаа гишүүдийг төсвийг хариуц­лагатайгаар баталж чадлаа гэж дүгнэхэд бэрх. Зарим гишүүдийг микрофондоо зоож үлдээсэн цахим карт нь орлож санал өгсөн. Нэг иймэрхүү “хулгайч” дүр төрх чуулганы танхимд үе үехэн үзэгддэг ч алдагдал цоорхой нь хоёр оронтой тоонд дөхөж очсон ирэх оны төсвийг ийн цалгар батлахын чинээ санаагүй нь  мэдээж, сонгогчид. Пүрэв гаригийн 18 цагт Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваа­сүрэнгийн танилцуулж асан төсвийн зардал үдэш 20 цагийн үед дахин нэмэгдэж орж ирсэн нь бие биенээ орлож товчлуур дарснаас ч илүү гайхашрал төрүүлж байлаа. “Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 3 их наяд 954,9 тэрбум төгрөгт төлөвлөгдсөн нь өмнөх оноос 847 тэрбумаар нэмэгдэхээр бай­на” гэж тодоос уншиж дуулгасан төсвийн төсөл хэдхээн минутын дараа эрс өөрчлөгдөөд орж ирэв. Батлагдсан төсөвт улсын нэгдсэн төсвийн нийт зарлагыг 4 их наяд 84.1 тэрбум төгрөгөөр тооцжээ. Харин юуны учир зарлага ийн өссөн бэ гэдэгт хариу авч амжаагүй байтал спикерийн алх хэдийнэ цан цохьсон байлаа. 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлого 3 их няад 304.6 тэрбум төгрөг байхаар тооцсон нь нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьд хүргэж байгаа юм. Өмнө нь  өргөн барьсан төсвийн төслөөс алдагдлын хэмжээ 1.3 хувиар нэмэгдчихлээ. Хямрал нүүрлэсэн он жилүүдийг хамтдаа хэрэгжүүлсэн хөтөлбөрөөр амжилттай давсан Олон улсын валютын сангийн зүгээс Сангийн яамнаа саяхан захидал ирүүлсэн сураг гарсан. Уг захидалд “Монгол Улсын төсвийн төсөл хямралын өмнөх алдааг давтахад хүрчээ” гэж анхааруулсан ч тэрхүү сануулга түшээдийн сонорт л лав хүрч амжаагүй нь баталсан төсвөөс харагдана. Тухайн жилийн төсвийн алдагдал ДНБ-ий 6,5 хувиас хэтэрвэл ОУВС болоод бусад гадны байгууллагууд төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс татгалздаг гэх юм билээ. Харин манай улсын төсвийн алдагдал бараг л хоёр оронтой тоонд хүрчихлээ.”Хэт их алдагдалтай төсөв баталчихав уу даа” гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ бол айгаад байх хэмжээний алдагдал биш. Төсвийг нарийвчлан үзэх юм бол нэгдсэн төсөв болоод улсын төсвийн урсгал тэнцлүүд ашигтай гарсан. Харин хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн байгаа. Үүнийг та бидний идэх хоол унд элбэг хангалуун байхын дээр маргаашдаа зориулсан хөрөнгө нэмэгдсэн гэж ойлгох хэрэгтэй” хэмээн манайдаа  л урдаа барьдаг эдийн засагч гишүүн тайлбарласан юм.

Ирэх оны хөрөнгө оруулалтын зардлын 86,2 хувийг барилга байгууламж барих,  өргөтгөл шинэчлэл хийхэд, 5,6 хувийг их засварт, 8,2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад зориу­­лахаар төлөвлөсөн. Эрхэм түшээгийн хэлсэнчлэн хөрөнгө оруулалтыг “маргаашийн хоол” гэж эерэгээр төсөөлж болох ч ихэнх нь барилга байшин барих өргөтгөхөд зориулахаар тооцсон нь хөрөнгө оруулалт бус зарцуулалт ч гэж үзэж болохоор байгаа юм. Төсвийн мөнгөөр барьсан барилга байшингийн урсгал зардал эргээд л төсвөөс зарлага нэхэн сүндэрлэдэг нь нууц биш. Түүнчлэн ирэх  онд аймаг тус бүрт улсын төсвөөс дунджаар 800 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. “Орон нутгийн хөрөнгө оруулалт” гэх нэр томъёотой бас бус зардлын хэмжээ  76,8 тэрбум төгрөг. Өнгөнөөс харвал гишүүдийн мөнгө зүсээ хувиргаад ороод ирээ юу гэж хардаж болохуйц байгаа биз. 

Зарлага нь ийн өсөн нэмэгдэж, өөрчлөгдөн хувирсаар дөрвөн их наяд давчихаад байгаа ч харин орлогын зарим хэсэг тодорхойгүй хэвээр төсөв батлагдсан. Орлогын ихэнх хувь нь уул уурхайгаас орж ирэх нь ойлгомжтой. Тэдгээрээс онцолбол,  “Оюутолгой” ХХК 163.2 тэрбум төгрөгийн татварын орлого, “Ашигт малтмалын тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтөд тусгагд­сан өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 207,7 тэрбум төгрөг, газрын тос олборлолтын орлогоос 69.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх гэхчлэн баялгаас хүр­тэх хишиг хувь багагүй. Жинхэнэ утгаар нь иргэддээ хүртээх хувь хишгийн 805 тэрбум төгрөгийн тал хувь нь хаанаас орж ирэх нь өнөө хэр тодорхойгүй. Тавантолгой гэж таван гартай бурхнаас буух хишиг юм гэж ойлгоод л хүлээж суухаас аргагүй гэсэн үг. Дээрээс нь аз сорьсон нэгэн зүйл бол дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ. Ирэх оны төсвийн орлогыг бүрдүүлэх гол хүчин зүйл болсон зэсийн үнийг нэг тонн тутамд 8425 ам.доллар, алтыг нэг унци тутамд нь 1350 ам.доллар, боловсруулсан нүүрсийг 98.8 ам.доллар байхаар тусгасан нь ёстой л аз мэдсэн хэрэг болоод байна. Энэ бол эрсдэлтэй алхам гэдгийг ч УИХ-ын гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс ч “2011 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд зэс, алтны дэлхийн зах зээл дэх үнэ одоогийн төлөвлөснөөс буурах аваас төсвийн орлогод шууд нөлөөлж, төсвийн урсгал болон шууд хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломжгүй болох эрсдэл бий. Түүнчлэн ирэх оноос ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг орон нутгийн төсөвт хуваарилах болсон. Ингэснээр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөхгүй нөхцөл бүрдэх, эсвэл тусгай зөвшөөрөлтэй талбайг өмнөх онуудаас илүү хэмжээгээр буцаан хүлээлгэх өгөх зэргээс болж, орлого буурч болзошгүй” гэсэн анхааруулга санамжийг Засгийн газарт дайсан юм. Улс тунхаглсан баярын уур амьсгал дунд баталсан улсын төсвийн өнгө төрхөөс өнгөц дурдахад ийм буюу.

Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж