Шүлхий гарснаас малаа нядалж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Шүлхий гарснаас малаа нядалж эхэлжээ

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгуудад тархаад байгаа малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  хот орчмын бүх малыг вакцинжуулах ажил энэ сарын 20-нд эхэлсэн. Нийслэлийн дүүрэг бүрт Мал эмнэлгийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн ажилтнуудаас бүрдсэн нийт 360 малын эмч, туслах ажилтан, 50 гаруй машины оролцоотой ажилласан юм. Өчигдрийн байдлаар нийслэлийн малыг вакцинжуулах ажил хэдэн хувьтай явж байгаа талаар Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнгээс тодрууллаа.

-Нийслэл хот орчмын малыг вакцинжуулах ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар  80 орчим хувьд хүрсэн байна. Маргааш /өнөөдөр/  сүүлийн дүн мэдээ ирэхээр  бүр тодорхой болно. Багахангай, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд үндсэндээ дууссан. Харин бусад дүүргээс олон малтайд тооцогдох  Багануур, Сонгинохайрхан дүүргүүд хараахан дуусаагүй байгаа юм.

-Хотын менежер Ч.Бат энэ сарын 26 гэхэд дуусгах үүрэг өгч байсан. Ямар шалтгааны улмаас удаашралтай байна вэ?

-Энэ сарын 20-нд дүүргүүдэд вакцин, техник хэрэгсэл, хүн хүчээ  хуваарилаад 21-нээс малаа тарих ажил эхэлсэн гэж болно. Удаашралтай байгаа Багануур дүүрэгт  122 мянган малд вакцин хийх ёстой. Энэ нь бусад дүүргээс хамгийн олон малтай гэсэн үг. Үүнээс гадна айл өрхүүд нь хол байрлалтай, отор нүүдлээр  явсан зэрэг нь хүндрэл болж байна. Энэ сарын 25-ны байдлаар Багануур дүүрэгт вакцинжуулах ажил дөнгөж 36 хувьтай байсан учир Мал эмнэлгийн  газраас 10 эмч, нэг машин  нэмэлт хүчээр явуулсны хүчинд өнөөдөр 85 хувьд хүрлээ. Даваа гариг/өнөөдөр/ гэхэд дуусгахаар  нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд эхний вакцин хангалтгүй ирж дөнгөж 11 хувьтай байсан. Харин сүүлийн вакцин энэ сарын 26-нд ирж хоёр дахь өдрөө ажиллаж байгаа учир удааширч байна. 

-ОХУ-аас ирсэн вакцины хүрэлцээ хангамж ямар байна?

-Ер нь бол тооцоолсноос 15 мянган тун вакцин дутуу ирсэн. Гэхдээ малчид зарим малаа вакцин хийлгэлгүй нядалж байна. 300 хоньтой айл 100 хонио нядлана гээд вакцин хийлгэхгүй байх жишээтэй. Учир нь вакцин хийснээс хойш 21 хоногийн хугацаанд махыг нь хүнсэнд хэрэглэж болдоггүй. Үүнээс сэргийлж газар дээр нь нядлуулах арга хэмжээ авч байна. Зарим газар вакцин үлдвэл  хэрэгцээтэй байгаа хэсэгт нөхөн хийх арга хэмжээ авна.

-Вакцинжуулах ажилд хүндрэл бэрхшээл гарч байна уу?

-Цаг агаарын байдал болон малчны хотонд мэдээлэл  муу байгаагаас хүндрэл бэрхшээл гарч байна л даа. Жишээ нь шүлхийн вакциныг +-8 хэмийн температурт хадгалах ёстой. Гэтэл цаг агаар эрс хүйтэрч вакцинаа хэвийн нөхцөлд нь хадгалахын тулд машинаа байна байн асааж төлөвлөсөн хэмжээнээс их шатахуун зарцуулсан. Бас 500 мал тарихын тулд 60-70 айлд очих шаардлага гарч хугацаа алдаж байна. Алслагдсан дүүрэг болох Багануурт 40-50 км газар явж байж хэдэн айлд очихоор малаа бэлчээрт нь гаргасан байдаг. Буцааж тууж ирэх гэсээр байтал 2-3 цаг зарцуулна. Бас Хэнтий аймгаас отрын мал нийслэлийн зарим дүүргүүдэд орж ирсэн нь бас нэг хүндрэл болж байна.

-Хэзээ үлдсэн дүүргүүдийн малыг тарьж дуусах вэ?

-Өнөө оройдоо /өчигдөр/ Багануур дүүргийг дуусгахаар ажиллаж байна. Багануур дүүрэгдууссаны дараа хүн хүч, техник хэрэгслээ Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлж ойрын хугацаанд бүрэн  хамруулж дуусгана.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж