Уурхайчид төрийн бодлогын эсрэг жагсана гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Уурхайчид төрийн бодлогын эсрэг жагсана гэв

Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд Д.Зоригтод  өнөөдөр “Бороо гоулд”-ын 30 гаруй ажилчин  шаардах бичиг хүргэж, жагсаал зохион байгуулах юм байна. Энэ талаар “Бороо гоулд”-ын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Баттөмөртэй холбогдлоо.

-Өнөөдөр болох жагсаалд  оролцох уурхайчид ямар шаард­лага тавьж байна вэ, жагсаал хаана хэдэн цагт болох вэ?

-Энэ он гарсаар зөвхөн манай компаниас гэхэд 250 уурхайчин ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Засгийн газраас Уул уурхайн чиглэлээр гарч буй шийдвэр тогтоол яаж  хэрэгжих нь тодорхойгүй байна. Уурхайчдын эрх ашгийг зөрчсөн хууль тогтоомж гарч байгааг та бүхэн мэдэх байх. Зөвхөн  албан тушаалтнуудад ашигтай хууль тогтоомж баталж, харин уурхайчид руугаа чиглэсэн,  тэд­ний эрх ашгийг хамгаалсан  нэгээхэн нь хууль тогтоомж алга. Тиймээс бид  Эрдэс баялаг эрчим хүчний яамны өмнө 10.30 цагаас жагсана. Жагсаал тогтсон цагт эхэлнэ.

-Жагсаал тайван замаар болно биз дээ. Хэчнээн уурхайчин оролцох вэ?

-Мэдээж жагсаал  хуулийн хүрээнд тайван замаар болно. Одоогоор манай “Бороо гоулд”-ын 30 гаруй ажилтнууд жагсах санал өгсөн байна.

-Өөр уул уурхайн компаниас нэгдэж жагсаалд оролцоно гэсэн мэдээлэл байна л даа?

-“Багануур” ХХК, Шарын голын нүүрсний уурхай, “Алтан дорнот Монгол” , “Бумбат”, “Шижир алт” зэрэг компаниас уурхайчид жагсаалд оролцох хүсэлт илэрхийлсэн. Гэхдээ яг тэдгээр компаниас оролцох эсэх нь тодорхойгүй . Юутай ч урьдчилсан байдлаар бидэнд жагсаалд нэгдэх тухай мэдэгдсэн.

-Шийдвэр гартал жагсах уу?

-Бидний тавьж буй шаардлагыг хүлээж авч, эцсийн байдлаар шийдвэр гаргах хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Жагсаал зохион байгуулж буй нь далд ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаа юм биш үү гэж хардах хүн ч байхыг үгүйсгэхгүй юм л даа?

-Уурайчдыг хэн нэгэн өдөөн турхирсан зүйлгүй. Бид өөрс­дийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс энэ жагсаалыг зохион байгуулах юм.

-Эмх замбараагүй байдал үүсэхээс хэрхэн хамгаалах вэ?

-Жагсаал тайван замаар болно гэж хэлсэн дээ. Ер нь тэгээд монголчууд чинь жагсаал тоохгүй болсон юм биш үү. Ямар ч байсан шийдвэр гаргатал жагсах болно.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж