Лондонгийн финалд Федерер яллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Лондонгийн финалд Федерер яллаа

АТР буюу мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбооны улирлын хамгийн сүүлийн тэмцээн болох ATP World Tour Finals өчигдөр Лондон хотноо өндөрлөлөө. О2 Аренад долоо хоног үргэлжилсэн тус тэмцээний финалд шалгараад байсан Рожер Федерер, Рафаэль Надаль нарын тулаан олны анхаарлыг татаж, өнөө цагийн талбайн теннисний өнгө төрхийг тодорхойлж буй тэдний тоглолт Федерерийн ялалтаар өндөрлөж, аваргын цомыг “Швейцарь цаг” хочит Федерер гардан авсан юм.
Тэд өмнө нь 21 удаа таарч тоглоход 14 удаад нь Испани теннисчин хожиж байсан ч энэ удаад өрсөлдөгчийнхөө эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж чадсангүй. Федерерийн хувьд ийнхүү 6-3; 3-6; 6-1 харьцаатай ялалт байгуулснаар карьерынхаа 66 дахь түрүүг авч, 1,63 сая ам.долларын мөнгөн шагнал хүртсэн юм. Түүхэндээ 24 жилийн дараа дэлхийн чансааны нэг, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн теннисчид хоорондоо тоглосон тохиолдол энэ байлаа. Тэд хоёул финалд шалгарах хүртлээ дөрөв дөрвөн тоглолт хийж, бүгдэд нь хожсон байснаас гадна Федерер нэг ч сет хожигдоогүй байсан юм.

Тоглолтын дараа дэлхийн номер нэг теннисчин Надаль “Рожерт баяр хүргэхийг хүсч байна. Бүтэн долоо хоногийн турш тэр гайхалтай тоглолт үзүүлсэн. Миний хувьд 2010 он сайхан жил байлаа. Магадгүй хамгийн ихээр сэтгэл догдлуулсан жил байх” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж