З.Алтай: Ард түмэнд нэг л их хайртай улсууд

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

З.Алтай: Ард түмэнд нэг л их хайртай улсууд

УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед гишүүн З.Алтай хоёр намын
бүлгийн гишүүдийг “гөвж” өгөв. Тэрбээр “Орд газар, лиценз эзэмшдэг
гишүүдийг энэ төрлийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оруулмааргүй байна.
Ёс зүйн талаасаа таарахгүй асуудал. Эрх ашиг нь хөндөгдөх вий гэхээс
үхэлцэж өчигдөр орой байнгын хорооны хуралдаан дээр яав. Өөрсдөө орд,
газар эзэмшдэг хэрнээ өөрийнхөө талд эрх ашиг хайгаад лобби хийгээд,
түүндээ тааруулж, хуулиа баталж гаргах гээд үхэлдэн зүтгэлээ. Ард
түмнийг уриалмаар байна. Иргэд, сонгогчид оо, та нарын сонгосон энэ
гишүүд араар тань тавьж байна шүү гэж…

Наанаа болохоор ард
түмэнд нэг л их хайртай улсууд,  эй базарвааниа. Тэмдэгтийн хураамжийн
тухай хуулийн төслийг ярихаар, тэр нь ч болохгүй, энэ нь ч болохгүй,
ингэвэл ч баларна, тэгвэл ч өнхрөөд уначихна гэх. Сайндаа та нар ингэж
хайр зарлахгүй байгаа ш дээ,  2012 оны сонгуульд энэ муу сандлаа бодоод
л. Чухамдаа бол хэн хөлсөө гаргасан, хэн ажил хийнэ түүнийг чамайг бол
ална аа, чи юм бүтээж байна уу, татвараар дарамтална аа. Чи ажил хийхгүй
өлсөж байна уу, чи зүгээр сууж байгаа юм уу эй хөөрхий чамайг харж үзнэ
ээ. Ингэж Монгол Улсыг хөгжүүлдэг юм уу” гээд хэлээд авсан нь олон
гишүүний цухлыг төрүүлээд авав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн
Р.Гончигдорж түүнд хандан “З.Алтай гишүүн ээ, та хуулийн төслийг дэмжээд
байгаа юм уу, эсвэл эсэргүүцээд байгаа юм уу, тэр нь чухал байна шүү
дээ” гэв. Хилэн ихтэй байсан гишүүн цухалдахдаа “Улстөрийн янхан минь”
дуугай бай гээд хэлээд авсан нь эцэстээ хоёулаа бухимдахад хүрч,
Р.Гончигдорж гишүүн “Чи ч гудамжиндаа л улстөр хийх байждээ” гэсэн
хатуухан хариу бариадхав.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж