“Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголын нүүрсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батмөнх тэй ярилцлаа.
-Бид энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ олборлолтын өртөг, хэмжээ, борлуулах үнэ гэсэн гол хүчин зүйлүүдийг зайлгүй тооцож үүнд анхаарлаа хандуулах ёстой гэж хэлмээр байна. Уурхай гэдэг нь тухайн ордыг ямар хугацаанд, ямар техник технологийн загварчлалыг ашиглан, хамгийн бага зардлаар хаягдал багатайгаар нөөцийг бүрэн гүйцэд олзворлох шийдэл юм.
Уурхайн хувьд олзворлож буй бүтээгдэхүүний өөрийн өртөг нь хамгийн гол хүчин зүйл бөгөөд түүнийг урт хугацаанд хамгийн бага, тогтвортой байлгах нь гол зорилт. Таван толгойн нүүрсний орд нь геологийн тогтоц, ашиглалтын нөхцөлийн хувьд тийм таатай биш хүндрэлтэй ангилалд ордог бөгөөд ихэнх нөөцийг ил уурхай хэлбэрээр ашиглах хэрэгтэй. Гэхдээ ашиглалтын явцад ил аргаар авах бололцоогүй, хаягдах магадлалтай нэлээдгүй хэмжээний нөөцийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлыг давхар шийдэж өгөх нь чухал. Өнөөдөр дэлхийн уул уурхайн практикт маш олон төрлийн олборлолтын загвар, техник технологийн шийдлүүд нэвтрээд байгаа бөгөөд тус ордтой төсөөтэй тогтоцтой ордыг ашиглаж байгаа олон жишээ бий. Тиймээс Тавантолгойн ордын ашиглалтын хувьд техник технологийн сонголтоос илүүтэйгээр үр ашиг, өртөг зардал, менежментэд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй.
-Таны ярьж байгаа энэ асуудал дээр Төмөр замын дэд бүтэц ч хамаарах байх?
-Тэгэлгүй яахав. Төмөр замын дэд бүтэц нь тухайн орд газраас их хэмжээгээр олборлолт хийж борлуулах боломжийг бүрдүүлэх гол хүчин зүйл. Гэхдээ тус бүс нутгийн онцлог болон байршлын хувьд ойр бусад орд газруудын хэтийн хөгжлийн төлөвийг харгалзан аль нэг төслөөс нь санхүү болон бүтэц зохион байгуулалтын хувьд хараат биш, эдийн засгийн үр ашиг бүхий, шударга өрсөлдөөн, ижил нөхцөл, үнэ тарифыг хэрэглэгчддээ санал болгох бие даасан компани хэлбэрээр зохион байгуулах ёстой болов уу. Нөгөө талаар томоохон орд газруудын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн асуудал нь зайлшгүй шийдэх ёстой чухал асуудлын нэг бөгөөд энэ нь олборлолтын өртөг зардлыг хямдруулах нэгэн томоохон хүчин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тавантолгойн орд газрыг түшиглэн бага болон томоохон цахилгаан станц байгуулах төслүүд санаачилж зарим нь хэрэгжүүлэх шатандаа ороод байгаа. Энэ бодит байдал дээр үр дүнтэй байгаа ч нөгөө талаар эргэж харах асуудал цөөнгүй байгааг тэмдэглэх хэрэгтэй юм.
-Тодруулбал, яг юуг илүү анхаарах ёстой гэж?
-Учир нь Тавантолгойн орд газраас олзворлох эрчим хүчний нүүрс нь гадаад зах зээлд өрсөлдөх чадвар бүхий сайн чанарын экспортын бүтээгдэхүүн. Одоогийн зах зээлийн ханшаар энэ төрлийн нүүрсний үнэ нь нэг тн нь 80-110 ам.доллар байна. Энэ нь Тавантолгойн орд газар дээр цахилгаан станц байгуулж, эрчим хүчний үйлдвэрлэл явуулснаар жилдээ ойролцоогоор 200 сая ам долларын нэмэлт ашиг бий болгох боломжтой экспортын бүтээгдэхүүнийг дотооддоо хэрэглэнэ гэсэн үг. Гэтэл энэ ордоос хойд зүгт 300 км орчим зайд Тэвшийн Говь хэмээх нэг тэрбум шахам тонн хүрэн нүүрсний нөөцтэй томоохон орд оршдог бөгөөд дэд бүтцээс алслагдсан байршил болон нүүрсний чанараас шалтгаалан зах зээлийн эргэлтэд орж чадахгүй байна. Хүрэн нүүрсийг биет байдлаар нь экспортод гаргах нь төдийлөн ашигтай биш. Учир нь, хүрэн нүүрс илчлэг муутайгаасаа болоод олон улсын зах зээлд үнэ багатай, тээвэрлэхэд зардал их учир экспортлоход эдийн засгийн хувьд үр ашиг муутай байдаг.
-Тэгвэл энэ асуудал дээр ямар хувилбар байгаа юм?
-Дээрх нөхцөл байдлыг дүгнэн бодоход бид өндөр үнээр борлуулах бололцоотой нүүрсээ экспортолж, зах зээлийн эргэлтэд орж чадахгүй байгаа хямд өртөг бүхий хүрэн нүүрсний орд газраа түшиглэн цахилгаан станц байгуулж, тухайн бүс нутагт хэрэгжиж буй Тавантолгой, Оюутолгой зэрэг уул уурхайн төслүүдийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг хангах, улмаар Улаанбаатар хотын хомсдож буй эрчим хүчний зарим хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Энэ хувилбар нь эдийн засгийн өгөөж, үр ашиг талаасаа хамгийн зөв шийдэл гэж үзэж байна. Хятад, Солонгос, Япон болон бусад томоохон зах зээлд Тавантолгойн орд газрын бүтээгдэхүүн болох өндөр чанарын эрчим хүчний болон коксжих нүүрс маш хямд үнэтэй, боловсруулагдаагүй байна гэсэн хүлээлтийг үүсгэж байгаа. Өнөөдөр дэлхийн зах зээлд түүхий буюу боловсруулагдаагүй нүүрс экспортлох гэдэг ойлголт бараг байхгүй болж байна. Учир нь нүүрсний салбарын томоохон нийлүүлэгчид нүүрсийг угаах, баяжуулах, ангилан ялгаж баяжуулах, коксжуулах, мөн түүнчлэн төрөл бүрийн нүүрсийг хооронд нь хольж баяжуулах зэрэг олон төрлийн баяжуулалтын технологийг ашиглан хэрэглэгч, худалдан авагчдынхаа хэрэглээний онцлог, шаардлагад нь тааруулан төрөл бүрийн чанар үзүүлэлт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жишээлбэл, БНХАУ-ын нүүрсээр баялаг хойд мужуудын нэг болох Шаньсид олон төрлийн нүүрсийг холин баяжуулж, хэрэглэгчддээ сайн чанарын, тогтмол үзүүлэлт бүхий нэлээд олон төрлийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон зүүн өмнөд Азийн зах зээлд нийлүүлж, өндөр хэмжээний ашиг олж байгаа практик ч бий.
Монгол Улсын нүүрсний нөөцийн дийлэнх хэсгийг хүрэн нүүрс бүрдүүлдэг. Батлагдсан нөөцийн ихэнх хэсэг нь Улаанбаатараас урагш төмөр замын дагуу байршилтай байдгийг бид мэднэ. Тавантолгойн ордын өндөр чанартай нүүрсийг Сайншандад тээвэрлэн авчирч, тухайн бүс нутагт байгаа хүрэн нүүрстэй хольж баяжуулан, нүүрсний овор хэмжээг ихэсгэн эрчим хүчний брэнд нүүрс болгон экспортод гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байхыг дээрх жишээнээс харж болно. Ер нь маш өндөр чанарын коксжих нүүрсийг дангаар гаргах нь сүүнийхээ өрөмийг хүнд өгсөнтэй ижил зүйл биш үү. Тавантолгойн төсөлд төрөөс хатуу баримтлах нэг гол бодлого нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдалд юм. Нэмүү өртөг шингэсэн, хэрэглэгчдийнхээ онцлог, шаардлагад тусгайлан нийцсэн, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах нь бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, боломжит дээд үнээр борлуулах боломж олгох ба тээврийн зардлын ачааллыг даах бололцоог бүрдүүлнэ.
-Тавантолгойн ордын гэрээт олборлогчийг яаж шалгаруулах бол гэж асуумаар байна?
-Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн орд газрыг 100 хувь төрийн мэдэлд байх ёстой гэж зарлан тус ордод олборлолт явуулах Гэрээт олборлогч ( Contract Miner / Operator) шалгаруулахаар болсон. Уг шалгаруулалтад Peabody, Shenhua, Xstrata, Vale, Renova зэрэг дэлхийн уул уурхайн салбарын томчууд Монголын баялагаас хувь хүртэх, ашиг олох, хяналтаа тогтоох зэрэг тус бүр өөр өөрийн сонирхол, зорилгыг агуулан өрсөлдөж, бид ч тэднийг дэмжих, эсэргүүцэх, улстөржүүлэх, геополитикийн сонирхолдоо ашиглах зэрэг элдвээр ярьж хэлэлцэж байна.
-Энэ төслийн зорилго чухам юу юм. Монгол Улсын ашиг сонирхолд нийцэх үү, төслөөс Монгол Улс юу хүлээж байна?
-Ерөнхийдөө асуудлыг иргэд ойлгож байгаа. Миний харж байгаагаар уул уурхайн шилдэг, тэргүүний техник технологийг нэвтрүүлэн эзэмшиж, хамгийн бага зардал, өртгөөр их хэмжээний олзворлолт хийж, өндөр хэмжээний ашиг олохын тулд нүүрсийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, боломжит дээд үнээр хөрш болон гуравдахьч орнуудын зах зээлд борлуулж, их хэмжээний валютын нөөцийг бий болгох гэсэн байдлаар ерөнхийд нь томьёолж болох юм. Гэхдээ энэ томьёоллоо богино болон дунд, урт хугацааны гэж ялгавартай тодорхойлох хэрэгтэй.
Энэхүү төслийн үр дүнд Монгол Улс уул уурхайн олбворлолтын шилдэг, тэргүүний техник технологийг нэвтрүүлэн эзэмшиж, орчин үеийн дэвшилтэт техник технологид суурилсан нүүрс-химийн болон металлургийн томоохон цогцолбор байгуулж, түүнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэж, тээвэрлэлтийн хуваарилалт болон ачааллыг даах төмөр зам татаж, эрчим хүчний дэд бүтцүүд бий болгож, дээрх цогцолборуудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний чанар, хэмжээг таашаадаг зах зээл, хэрэглэгчтэй болж үлдэх нь хамгийн гол зорилт байх ёстой. Тэгэхээр эхний ээлжинд бид энэ ордыг хэдэн жилийн хугацаатай олборлолтын гэрээгээр өгөх вэ гэдгийг нухацтай бодож түүнээс гарах үр дүнг харах ёстой. Чухам ямар хугацаанд бид энэ бүхнийг бий болгож чадах вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй байна. Зөвхөн үүний дараа л Тавантолгойн төлөө өрсөлдөж буй уул уурхайн дэлхийн томчуудаас хэнтэй нь ажиллах вэ. Ямар шаардлагыг хангасан компани бидний сонирхолд нийцэх вэ гэдгийг тодруулах ёстой байх.
-Таны бодлоор ямар компани Монгол Улстай энэ төсөлд хамтран ажиллах боломжтой вэ?
-Нэгдүгээрт, тухайн түнш нь тухайн нүүрсний Худалдан авагч болон хэрэглэгчийн төлөөлөл биш байх ёстой. Энэ бол бизнесийн алтан дүрэм. Ийм төрлийн түнш нь тухайн уурхайн олборлолтын зардлыг байж болох хамгийн өндөр төвшинд өсгөж, борлуулах үнийг хамгийн доод хэмжээнд барих бодлого явуулах нь гарцаагүй. Учир нь энэ түнш өөрөө хэрэглэгч учраас Монголоос импортлох нүүрсээ өндөр үнээр худалдан авахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тавантолгойн төсөлд шалгарах компани маань бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулан ашиг олох сонирхолтой байх ёстой болохоос өөрөө хэрэглэх сонирхолтой байх нь бизнесийн үндсэн утга санаа, зорилгыг алдагдуулах билээ.
Хоёрдугаарт, аливаа улс төр, геополитикийн бодлогоос ангид, хөрш орнууд ба бусад компаниудын нөлөөлөлд ороогүй. Өнөөдөр дэлхийд түүхий эдийн төлөөх дайн хаа сайгүй явагдаж байна. Тэргүүлэгч гүрнүүд түүхий эдийн бааз болон эх үүсвэрүүд дээр хяналтаа тогтоох сонирхол их болсон бөгөөд энэ нь улс төрийн бодлогоор халхавчлагдан хэрэгжиж байна. Энэхүү бодлогодоо үндэстэн дамнасан томоохон компаниудыг ашиглаж байгаа нь сүүлийн үед олон жишээн дээр харагдаж байгаа билээ. Ингэж хяналтаа тогтоосноор хямд үнэ бүхий түүхий эдийн эх үүсвэрээр зөвхөн өөрсдийгөө хангах дагавар бааз болгоод зогсохгүй тухайн түүхий эдийн өрсөлдөх чадвар, олзворлолтын хэмжээ, үнийн бодлогод нөлөөлөх, дампууруулах, цаашилбал улс төржүүлэн ашиглалтанд оруулахгүй байх зэрэг сөрөг бодлогуудыг авч хэрэгжүүлэх магадлалтай юм. Өнөөгийн нөхцөл байдлаас дүгнэн үзвээс. Гуравдугаарт, Орос, Хятад болон түүнчлэн гурав дахь зах зээлд нэвтрэн нүүрсээ хамгийн сайн буюу дээд үнээр борлуулах чадвар туршлагатай байх. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч томоохон компаниуд нь Азийн зах зээлд тэр дундаа Хятад, Япон, Солонгосын зах зээлд түүхий эдээ тогтмол борлуулдаг. Бидний сонгох түнш тухайн зах зээлийн нөхцөл байдлын талаар сайтар мэдээлэлтэй, борлуулалтын сувагтай байхаас гадна ялангуяа худалдааны томоохон компаниуд буюу Commodity Trader-үүдтэй сайтар холбогдон ажиллах чадвартай байх ёстой. Ер нь Commodity Trader нь мэдээлэл судалгаан дээр тулгуурлан дэлхийн аль ч зах зээлд түүхий эдийн үнийг хамгийн өндрөөр тогтоон борлуулдаг мэргэшсэн байгууллагууд юм.
Хэдийгээр Хятад улс гол зах зээл гэдгийг хүн бүхэн ойлгож байгаа ч энэ нь Хятадын компани л заавал хятадын зах зээлд борлуулах ёстой бас чадвартай гэсэн үг биш. Хятадын зах зээлд дэлхийн уул уурхайн олон компаниуд амжилттай ажиллаж, түүхий эдээ нийлүүлж байгааг бид бодолцож үзэх л ёстой байх.
Дөрөвдүгээрт, Уул уурхайн салбарт туршлагатай, нэр хүндтэй. Мэдээж Таван Толгойн төсөлд өрсөлдөж байгаа дээр дурдсан компаниудын аль нь ч гэсэн уул уурхайн салбарт туршлагатай, нэр хүндтэй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт төрөл бүрийн уул уурхайн төслүүдийг янз бүрийн техник технологи, аргачлал ашиглан хэрэгжүүлж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ аль нь хамгийн өндөр үр ашигтай ажилладаг вэ гэдгийг нь харьцуулсан байдлыг олж харахад сонин дүгнэлт гарсан байсныг хэлмээр байна. Жишээлбэл, өрсөлдөж буй хоёр компанийн нэг компани нь нөгөө компанийхаа ашиглаж байгаад ашиггүй гэж үзээд орхисон уурхайг авч өндөр ашигтай ажиллуулж байгаагаас үзэхэд зөвхөн техник технологид бус менежментийн асуудалд гол анхаарлаа хандуулах ёстой мэт санагдсаныг хэлэх хэрэгтэй байх. Тиймээс дээр дурдсан нөхцөл шаардлагуудыг хангасан компанийг сонгох нь Монголчууд бидний сонирхолтой зүй ёсоор нийцэх байх.
-Олборлолтын гэрээний тухай, олборлогч хэрэгтэй юу?
-Монгол Улсын Ерөнхий сайд гэрээт олборлогч сонгоно гэж зарласантай холбоотой нэг зүйлийг асуумаар эсвэл, тайлбарламаар санагддаг юм. Ер нь уул уурхайн практикт ямар нөхцөлд гэрээт олборлогчийг авдаг юм бэ. Дараахь нөхцөлүүдэд голчлон гэрээт олборлогч хөлслөж авдаг. Нэгдүгээрт, тухайн ордыг эзэмшиж байгаа компани техник, тоног төхөөрөмжгүй тохиолдолд, хоёрдугаарт, тухайн орд газар нь геологийн ихээхэн эрсдэлтэй нөхцөлд оршиж буй, гуравдугаарт орд газрыг олборлох туршлага, ур чадвар бүхий боловсон хүчин байхгүй гэсэн ийм гурван тохиолдолд гэрээт олборлогчийг авдаг.
Тэгвэл манай улсад тоног төхөөрөмж байхгүй юу гэвэл байна аа. АНУ, Герман, Австрали зэрэг орнуудын уул уурхайн техник технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид урт хугацааны зээлээр нийлүүлье, мөн түүнчлэн уурхайн ашиглалтын загварчлал хийж өгье гэсэн зуу зуун компаниуд Монголоор дүүрэн байна. Тавантолгойн орд геологийн эрсдэлтэй нөхцөлд оршдог уу, гэвэл бас л үгүй шүү дээ. Энэ ордод хангалттай хэмжээний хайгуул судалгаа хийсэн бөгөөд ашиглалтын хэд хэдэн техник эдийн засгийн үндэслэл хийсэн. Манай Улс уг ордыг олборлох туршлага, чадвар, боловсон хүчингүй гэж үү гэвэл бас л үгүй. Монгол улсад уул уурхайн салбарын томоохон үйлдвэрүүд бий болж, Эрдэнэтийн зэсийн уурхай, Багануур, Шивээ Овоо, Шарын гол, Бор Өндөр зэрэг уурхайнууд багагүй хугацаанд ажиллаж өөрийн гэсэн школтой болчихсон, ур чадварын хувьд гологдохгүй хэмжээнд хүрсэн.
Тэгээд ч гэрээт олборлогч гэдэг нь олборлолтын өртөг дээр өөрийнхөө ашгийг нэмж авдаг жишигтэй байдаг ба олборлох өртөг дээрээ доод тал нь 20 хувиар нэмэлт зардал бий болгох бөгөөд нүүрсний олборлолтын өртөг төдий хэмжээгээр нэмэгдэж байна гэсэн үг. Дээр нь гэрээт олборлогчийг сайтар хянаж ажиллаж байж, өртөг зардлыг зохих төвшинд барьдаг. Монгол Улсын Засгийн газар хэрхэн яаж хяналт тавих вэ гэдэг нь үнэхээр чухал асуудал юм. Бид энэ мэт олон асуудлыг бодож байж Тавантолгойн төслийг эхлэх ёстой. Ер нь нэг алдвал бид дараа нь барьж авахад хэцүү болно. Ниргэсэн хойно хашгирав гэдэг л болно. Хоёр том хөрш орны дунд байгаа бид маш ухаалаг зөв бодолтой хандан энэ үүцээ задлаж, зөв сувгаар гаргах ёстой. Миний хамгийн гол санаа бол бидний нүүрсийг олборлогчид өөрөө хэрэглэгч, худалдан авагч биш байх ёстой л гэдгийг хатуу хэлмээр байна. Манай төр засгийн удирдлагууд, ажлын хэсгийнхэн маань энэ асуудалд нэлээд анхаарал тавьж, бодолцож шийдвэр гаргаасай гэж хүсч байна даа.
-Та хэдийгээр ийм бодолтой байгаа ч хэрэгжинэ гэдэг хэцүү. Ер нь Тавантолгой орд газрыг хуваах хэрэгтэй юу?
-Ерөнхийд нь өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан зах зээлийн эрсдлийг бодвол дараахь байдлаар хуваах хэрэгтэй гэж үзэж байна, Хятадын зах зээлд чиглэсэн, Орос болон бусад зах зээлд чиглэсэн, дотоодын зах зээлд чиглэсэн гэсэн байдлаар хувааж болно.
-Тавантолгойн ордыг Монголын компаниуд ашиглаж болохгүй гэж үү?
-Тавантолгойн орд нь Монголын уул уурхайн салбарт дэвшил, боломж авч ирж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, бид уул уурхайн салбар түүний дотор нүүрсний салбарт ямар бодлого баримтлахаас Монголын аж үйлдвэрийн хөгжлийн төвшинд чухал нөлөө үзүүлнэ. Бид Тавантолгойн ордыг ашиглахдаа олон улсын санхүүгийн зах зээлээс шаардлагатай хөрөнгө оруулалтыг татан, үндэсний компаниудаас бүрдсэн Монгол нүүрс корпораци байгуулан олборлолтыг гүйцэтгэн, нэмүү өртөг бий болгох баяжуулах болон коксын үйлдвэрийг хэрэглэгч, худалдан авагчаар байгуулах, зах зээлд туршлага бүхий томоохон Commodity Trader компанид борлуулалтын асуудлыг хариуцуулах хэлбэрээр ажиллах нь нэлээд оновчтой бөгөөд ийм хувилбарыг бид яагаад ярьж болохгүй гэж, үндэсний компаниуд оролцсон олборлогч, нэмүү өртөг бүтээх, боловсруулах үйлдвэр байгуулах технологийн хөрөнгө оруулагч, зах зээлд борлуулах туршлага, чадамж бүхий худалдаалагч Commodity Trader. Эдгээр хувилбар яагаад Монгол улсын болон Монголчуудын өнөөгийн болон ирээдүйн эрх ашигт нийцэхгүй гэж. Бодож үзэх л асуудал. Жишээлбэл, ОХУ-ын “СУЭК” гэж дэлхийд томд тооцогдох эрчим хүч, нүүрсний салбарын компани байна. Энэ компани байгуулагдаад удаагүй ч дэлхийд эрчим хүч үйлдвэрлээр долоод, нүүрс олборлолтоор тавд орж байна. ОХУ төрийн бодлогоор хувийн болон улсын мэдэлд байсан томоохон хэмжээний ордуудыг нэгтгэж, нэгдсэн нэг том компанийн зохион байгуулалтад оруулсан. Энэ шийдэл нь дээрх компанийг дэлхийд эрчим хүч, нүүрсний салбарын тэргүүлэх хэмжээний томоохон компани болгосон.
Манай улсын нүүрсний томоохон ордууд болох Нарийн сухайт, Багануур, Төгрөг нуур, Тэвшийн говь, Таван толгой, Улаан овоо, Сайхан овоо, Шивээ овоо, Чандгана тал, Хөөт хонхор, Адуун чулуун, Цайдам нуур, Шарын гол зэргийг нэгтгэж, Монгол Нүүрс корпораци хэлбэрээр ажиллах нь нилээд ашигтай хувилбар юм. Эдгээр нүүрсний ордыг ийм хэлбэрийн зохион байгуулалтад оруулж ажиллавал мөнгө босгох асуудал бол чухал биш. Бид дээрх байдлаар нэгдэж чадваас энэхүү корпораци нь олон улсын стандартаар баталгаажсан нөөцөөрөө дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, дэлхийн зах зээлээс томоохон хэмжээний хөрөнгө санхүү босгох боломжтой, нүүрсийг боловсруулах, баяжуулах зэрэгт шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бөгөөд ордуудыг ашиглахдаа бүс нутгийн дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх, нүүрсний олборлолт болон экспортод цэгцтэй бодлогыг тодорхойлж, зохион байгуулалтад оруулах зэрэг өргөн боломжийг бидний өмнө нээж өгөх болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн Монгол улсын эдийн засгийн хөгжлийг үүрч яваа үндэсний компаниуддаа уриалга гаргамаар байна. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд юу ч хийж сураагүй юмуу, ямар ч туршлага хуримтлуулаагүй гэж үү.
Монгол хүн эх орныхоо баялагийн эзэн байхын тулд, Монгол хүн эх орондоо баялаг бүтээгч байхын тулд, Монгол хүнд эх орныхоо баялагаас өөрийнхөө хувь нэмрээ оруулан хувиа хүртэх боломж олгохын тулд Тавантолгойн ордыг ашиглах энэхүү дэвшүүлж буй саналыг дэмжиж, нэгдэн хамтран ажиллахыг уриалж байна.
Манай орны нүүрсний орд газрууд нь нийт нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд жигд тархсан бөгөөд 3 бүс нутагт хамаарагдах 12 сав газраас бүрдсэн 320 орчим нүүрсний орд илэрцүүд мэдэгдээд байгаагийн 80 нь нүүрсний орд, 240 нь нүүрсний илэрц байна. Монгол Улсын нүүрсний салбар төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 5 хувьцаат компани, хувийн өмчид тулгуурласан 25 компани, 30 гаруй аж ахуйн нэгжүүд 4000 гаруй боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаа явуулж байна Сүүлийн 5-6 жилд нүүрс олборлолтын хэмжээ тогтмол өсч, жил бүр 8.0-8.8 сая тонн нүүрс олборлож, 15.9-19.2 сая шоо метр хөрс хуулж байна. Цаашлаад ч нүүрс олборлолтын хэмжээ 2012 онд 12 сая орчим тоннд хүрч өсөх хандлагатай ба нүүрсний уурхайнуудын хувьд хүчин чадал нь 4 сая хүртэл тонн нүүрс нэмж олборлох бүрэн боломжтой байна. Манай улсын нүүрсний геологийн нийт таамаг нөөц ойролцоогоор 150 тэрбум тонн. Урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр 22.3 тэрбум тонн нь нүүрсний нөөцтэй гэж тогтоогдсон. Үүнээс 11,2 тэрбум тонн нь эрчим хүчний зориулалтаар ашиглах, 1 тэрбум тонн нь чулуун буюу коксжих нүүрс, 10,1 тэрбум тонн нь Б2, Б3 маркийн хүрэн нүүрс байна гэсэн тойм тооцоо байна. Энэ нь Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэх боломжтой бөгөөд нийт нөөц нь 150 гаран тэрбум тонн ба энэ нь дэлхийд 3-5 дугаар байрт орох бүрэн боломжтой юм. Гэтэл бид эдгээр нөөц болоцоог яагаад ашиглаж чадахгүй байна гэдгийг бодох хэрэгтэй.
-Нүүрсний салбарт гарч буй хүндрэлүүдээс яаж гарах вэ. Зарим үед энэ салбар хаягдаад байгаа юм шиг ажиглагддаг?
-Өнөөдрийн Монголын нүүрсний салбарт нэг томоохон хүндрэл байна. Дээр дурдсан тооны нүүрсний орд илрэлүүд байгаа боловч эдгээр нь ашиглалт болон хайгуулын лицензээр аж ахуйн нэгж болон иргэдэд эд хөрөнгийн эрх хэлбэрээр эзэмшин, ашиглагдаж байгаа билээ. Энэ байдал нь Монголын нүүрсний салбарт дараах хүндрэлүүдийг авч ирж байна.
Жишээлбэл, нүүрсний салбарт цэгцтэй бодлого байхгүй байгаагаас үүдэн нүүрсний томоохон нөөц нь лиценз хэлбэрээр жижиглэгдэн хэтэрхий их тарсан учир лиценз эзэмшигчид тус тусдаа үйл ажиллагаа явуулж, нэгдэхгүй ажиллаж чадахгүй байгаа, нэгдэлгүй учир зах зээлд эзлэх байр суурь жин бага, нүүрсний компаниуд олон улсын зах зээлд гарах чадвар сул, гаднын зах зээлээс хөрөнгө оруулалт татах чадваргүй байгаа зэрэг маш олон хүндрэлүүд үүсч байна. Хэдийгээр дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд атомын болон сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх хэмжээ буурахгүй байгаа ч эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах гол эх үүсвэр нь “нүүрс” байх юм. 2015 оноос бүр ч тэргүүлэх байр эзлэх төлөвтэй байна. Иймээс хүрэн нүүрсний олборлолтыг ихэсгэж, цахилгаан эрчим хүч болгож экспортлох нь илүү давуу талтай,
• Эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоо бүрэн хангах
• Хүрэн нүүрс шингэрүүлэн нефть бүтээгдэхүүн гарган авах замаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах улмаар экспортлох
• Уурхай түшиглэн эрчим хүчний үйлдвэрлэл явуулан экспортлох
• Хүрэн нүүрсийг орчин үеийн шинэ боловсруулах технологи ашиглан чанарыг сайжруулах замаар экспортийн бүтээгдэхүүн бий болгох
• Хүрэн нүүрс боловсруулан кокс химийн үйлдвэрийн дагалдах хольц бүтээгдэхүүн болгох
• Ашиглалтын нөхцөл хүндэвтэр ордууд дээр нүүрсний давхаргын метан хийг ашиглан эрчим хүчний үйлдвэрлэл явуулах/ ахуйн газ гаргаж авах олон асуудлыг энд дурдаж болно.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.
В.Сарантуяа