Чөлөөтийнхөн Азийн наадамд гялалзав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Азийн наадамд гялалзав

Азийн XVI спортын их наадам БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандун мужийн Гуанжоу хотноо энэ сарын 12-27-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Азийн наадмын хаалтын ёслолын ажиллагааны үеэр урлаг, соёлын олон үзүүлбэрүүд багтаж, Өмнөд Солонгосын төдийгүй Ази тив, дэлхийн од болсон дуучин Rain болон Хятадын шилдэг уран бүтээлчид оролцсоны дээр Монгол Улсын СТА Т.Дэлгэрмөрөн “Гуанжоу-2010” наад­мын хаалтын ёслолын ажиллагаанд ая дуугаа өргөсөн нь үнэхээр бахар­хууштай хэрэг байлаа.

Оролцогчдын тоо болоод спортын төрлөөрөө рекорд тогтоосон энэ удаагийн Азийн наадамд Шар тивийн 45 орны 9704 тамирчин спортын 42 төрөлд 476 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Цэцгэн хот гэгддэг Гуанжоу 2004 оны долдугаар сарын 1-нд Азийн наадмын нийслэлээр сонгогдож, зургаан жилийн хугацаанд наадмын бэлтгэлийг дээд төвшинд базаасан байв.

“Гуанжоу-2010”-ын галт бамбар нь “Далайн түрлэг” нэртэй, 980 грамм 70 см урттай. Азийн наад­­мын галт бамбарын аялал Гуан­дун мужийг тойрон 30 хоног үр­гэл­жилсэн. Аяллын үеэр Азийн наадмын ариун галыг Цагаан хэрэм болон Бээжин хотын Тэнгэрийн сүмд бадамлуулсан бөгөөд бамбарын аялал 23 хотыг дайрч, уг ёслолд 2068 хүн оролцжээ. Харин медалийн тухайд Гуанжоу хот нь эрт цагийн “Торгоны зам”-ын гол боомт, эхлэл цэг байсныг бэлгэдэж, “Тэнгисийн торгоны зам” нэртэйгээр урласан байна. Медаль дээр Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмын лого, галаар тургих луу, дураараа элин халих бүргэдийг дүрсэлжээ.

Наадмын нээлт болоод хаал­тын ёслолын ажиллагаа цэнгэл­дэх дотор биш харин Хайсиньша аралд болж, усны гайхамшгийг мэд­рүүлж байлаа. Наадмын төгсгөлд зо­хион бай­гуу­лагч орон болох БНХАУ-ын баг 199 алтан медаль /нийт 416 медаль/ хүртсэн амжилтаар үнэм­лэхүй ялалт байгуулж, Азийн наад­мын түүхэнд шинэ рекорд тогтоосон бол Өмнөд Солонгос болон Японы хүчирхэг баг тамирчид меда­лийн чансаагаар удаалсан. Түүнч­лэн бадминтоны эрэгтэй ган­цаар­чил­сан төрөлд аваргын алтан медаль хүрт­сэн “Супер Дань” хочит, Хята­дын тамирчин Линь Дань энэ удаагийн Азийн наадмын үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм. Наадмын төгсгөлд Азийн олим­пийн зөвлөлийн тэргүүн Шейх Ахмед Аль-Файад Аль-Ахмед Аль-Са­бах “Гуанжоу-2010” наадмыг “Гайхам­шигтай, урьд өмнө байгаагүй хам­гийн сайхан наадам” болсныг онцолж байлаа.

Гуанжоугийн Азийн наадамд нийт 122,6 тэрбум юань буюу 17 тэр­бум ам.доллар зарцуулжээ. Үүнээс 109 тэрбум юанийг дэд бүтцэд, 6,3 тэрбумыг цэнгэлдэх талбайд, харин 7,3 тэрбум юанийг наадмын зохион байгуулалт, үйл ажиллагаанд зарцуулсан тухай Гуанжоу хотын мэр Ван Циньлян албан ёсоор мэдэгдсэн юм. Наадмын уралдаан, тэмцээнүүд нийт 53 өөр талбайд болов. “Гуанжоу-2010” наадмыг зохион байгуулалтын тал дээр өөлөх зүйлгүй, магтууштай сайхан байсан гэдгийг хэвлэл, мэдээллийнхэн, баг тамирчид болон албаны хүмүүс тэмдэглэж байна.
“Гуанжоу-2010” Азийн XVI наа­дамд Азийн олимпийн зөвлөл (OCA)-д бүртгэлтэй 45 гишүүн орон бүгд оролцсон. Гэхдээ Кувейт улсын олимпийн хороо улс төрийн нөлөөнд автсан хэмээн эрхээ ха­суул­­сан учир тус улсын баг та­мир­чид ОУОХ-ны тугийн дор Азийн наадамд өрсөлдсөн юм.

Харин манай улсын тухайд спортын 28 төрөлд 222 та­мир­чин Азийн наадамд хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаан, онч мэргэнээ сорин өрсөлдөж, хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл, нийт 16 медаль хүртсэн амжилтаар медаль хүртсэн 36 орноос медалийн чансаагаар 21-рт, харин медалийн тоогоор 16-р байрт шалгарсан юм.

Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг харийн тэнгэрт мандуулж явдаг жүдо, буудлага болоод боксын тамирчдад маань энэ удаагийн Азийн наадам халгаатай байсан гэж болно. Харин сүүлийн үед уналтад ороод байсан чөлөөтийнхөн маань хүсэн хүлээж байсан аваргын алтан медалийг ихэрлүүлж, эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд өрсөлдсөнөөс алт, мөнгө, хүрэл медалийг хос хосоор нь хүртсэн билээ.

Аливаа наадмын эхэнд жүдо, буудлага, сүүлд нь бокс, чөлөөт бөх байдаг бичигдээгүй хууль Гуанжоуд ч үйлчилсэн. Эх­нээ­сээ л баг тамирчдынхаа салхийг аатайхан хагалж, медалийн оосроос булаа­цалдан атгадаг жүдочид энэ удаад үлгэр дуурайл болж чадсангүй. Шүүгчдийн шийдвэр, санаатай гэмээр буруу шүүлтэд  ма­най жүдочид төдийгүй ширэн бээ­лийтнүүд маань ч өртсөн. Ямартай ч Гуанжоугийн жүдогийн татамигаас монголчууд нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Харин буудлагын төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндмэгмаа тэргүүтэй мэргэн буудагчид маань багаараа мөнгөн медалийн тавцанд гарсан бол ушугийн төрөлд М.Батжаргал хүрэл медаль хүртсэн.
Ширэн бээлийтнүүдийн ху­вьд дэл­­хийн аварга П.Сэр­­дамба, дэлхийн авар­гын мөн­гөн медальт Н.Төгсцогт нар эхний ту­лаан­­даа ялагдаж, эцсийн мө­чид эмэг­тэйчүүдийн төрөлд Э.Унд­рам мөн­гөн медалийн тавцанд гар­сан билээ. Мөн Ж.Отгонжаргал хү­рэл медалиар энгэрээ мялаасан юм.

Чөлөөтийнхөн маань Гуанжоугийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн дууллыг хоёронтоо эгшиглүүлсэн. Явсан уралдаан, тэмцээнээсээ ганзага хоосон ирж, багагүй шүүмжлэлд өртөөд байсан чөлөөтийнхөн маань ийнхүү сэргэлтийн замдаа орж буй бололтой. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Мандахнаран хүсэн хүлээж байсан аваргын алтан медалийг хүртэж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан бол чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-д Г.Наранчимэг аваргалсан. Харин Ж.Чулуунбат, О.Насанбурмаа нар мөнгө, Д.Гомбодорж, П.Өсөхбаатар нар хүрэл медалийн эзэд болсон юм
Ийнхүү Монголын баг тамирчид Азийн XVI спор­тын наадмаас нийт 16 медаль хүртэж, өмнөх амжилтаа ахиуллаа.

Азийн 16-р наадмын медаль хүртсэн Монголын тамирчид:

Алтан медаль:

Г.Мандахнаран – чөлөөт бөх, эрэгтэй 60 кг
Г.Наранчимэг – чөлөөт бөх, эмэгтэй 72 кг

Мөнгөн медаль:

М.Бундмаа – жүдо бөх, эмэгтэй 52 кг
О.Насанбурмаа – чөлөөт бөх, эмэгтэй 63 кг
Ж.Чулуунбат – чөлөөт бөх, эрэгтэй 120 кг
Э.Ундрам – бокс, эмэгтэй    69-75 кг
О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баяр­цэцэг – буудлага, эмэг­тэй­чүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд багаараа

Хүрэл медаль:

Б.Бат-Эрдэнэ – жүдо бөх, эмэгтэй 48 кг
Т.Баттөгс – жүдо бөх, эмэгтэй 57 кг
Ц.Наранжаргал – жүдо бөх, эмэгтэй 70 кг
Х.Мөнхбаатар – жүдо бөх, эрэгтэй үнэмлэхүй
Д.Цэрэнханд – жүдо бөх, эмэгтэй үнэмлэхүй
Д.Гомбодорж – чөлөөт бөх, эрэгтэй 74 кг
П.Өсөхбаатар – чөлөөт бөх, эрэгтэй 84 кг
М.Батжаргал – ушу, эрэгтэй 75 кг
Ж.Отгонжаргал – бокс, эрэгтэй 69 кг

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж