Хакухо тав дахиа дараалан түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Хакухо тав дахиа дараалан түрүүлэв

Японы Кюүшю аралд 15 хоногийн турш үргэлжилсэн арваннэгдүгээр сарын кюүшю башё өндөрлөж, мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозуна Хакухо макүүчи зиндаанд дараалан тав дахь удаагаа, нийтдээ 17 дахь удаагаа түрүүллээ.

Башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Хакухо аварга озэки Котоошюг уватэнагэ мэхээр давж, 14 даваатай болсон бол баруун жигүүрийн маэгаширагийн тавд эрэмбэлэгдсэн Тоёоношима ошитаоши мэхээр зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Кисэносатог давснаар ёкозунагийн адил 14 даваа, нэг унаатай болсон юм. Улмаар нэмэлт барилдаанаар башёгийн түрүү бөхийг тодруулж, Хакухо М.Даваажаргал окуринагэ мэхээр Тоёоношимаг давснаар мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 17 дахь түрүүгээ авлаа.

Мөрийтэй тоглоомын гэх хэрэгт холбогдож, мэргэжлийн сумогийн ертөнцөөс хөөгдсөн озэки Котомицүки есөн жилийн өмнө маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдээд байх үедээ макүүчид түрүүлж байсан. Хэрэв энэ удаад Тоёоношима нэмэлт барилдаанд ёкозуна Хакухог давж, түрүүлсэн бол сумогийн түүхэнд есөн жилийн дараа цолгүй бөх макүүчи зиндаанд түрүүлсэн тохиолдлын эзэн болох байлаа.

Их аварга Хакухогийн тухайд кюүшю башё чухал ач холбогдолтой байсан гэж болно. Дараалсан давааныхаа тоогоор түүхэн амжилтын эзэн болох боломжтой байсан Хакухо аварга башёгийн хоёр дахь өдөр Кисэносатод ёрикири мэхээр өвдөг шороодсоноор түүний рекорд амжилтын төлөөх тэмцэл талаар өнгөрсөн юм. Мэргэжлийн сумогийн домогт их аварга Футабаяма дараалан 69 давсан амжилтаар нэрээ мөнхөлсөн бол их аварга Хакухо кюүшю башёгийн эхний өдөр давснаар дараалсан 63 дахь даваагаа аваад байлаа. Харамсалтай нь, Кисэносаод дийлдсэнээр 2010 оны нэгдүгээр сарын хацу башёгийн 14 дэх өдрөөс эхлэн нэг ч өвдөг шороодолгүй, дараалан 63 давсан их аваргын амжилт төгсгөл болсон юм.

Кюүшю башёд зодоглосон манай бусад сумочдын тухайд башёгийн өмнө мөрний бэртэлтэй байсан Харумафүжи Д.Бямбадорж гурав дахь өдрийн барилдаанд шагайгаа гэмтээснээр башёг орхисон билээ.

Харин Шотэнро Д.Нямсүрэн, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Тамаваши Б.Мөнх-Оргил нар есөн даваа, зургаан унаатай, Токитэнкү А.Хүчитбаатар, Коорюү Э.Мөнх-Оргил, Токүсэгава Б.Ганболд нар найман даваа, долоон унаатай башёг дуусгасан бол Моконами Г.Базарсад, Асасэкирюү Б.Дашням, Хакуба А.Өнөржаргал, сэкиваки Какурюү М.Ананд нар тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадсангүй.

Ш.Тэргэл 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж