Орлогынхоо тал орчим хувийг хүнсэндээ зарцуулж буй монгол хүн эрүүл мэнд, боловсрол, бусад хэрэглээндээ хэдий хэрийг зарцуулах нь ойлгомжтой биз. Харин хөгжлийн сайн загварт тооцогддог Швейцарьт иргэд нь эмнэлгийн болоод боловсролын үйлчилгээндээ манайхны хүнсэндээ хэрэглэдгээс багагүйг зарцуулдаг байна. Мэдээж тэд монголчуудаас илүү их өвдөж хавддаг гэсэн үг биш. Амьдралын чанар, утга зорилго, эдийн засгийн эрх чөлөө нь биднийхээс өөр байгааг л харуулж буй хэрэг.
Хүний эрх, эрх чөлөөний тухай бид сүүлийн хорин жил ярихдаа “эдийн засгийн эрх чөлөө” гэдэг ойлголтыг тойрсоор ирснийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох, хуулиар хамгаалуулах… гээд эрхэмсэг оршихуйн төлөөх эрх, эрх чөлөө мэдээж хэрэгтэй. Харин мөнгөгүй, үгээгүй ядуу, орон гэргүй бол энэ бүхнээр яах юм бэ? Тэгэхээр хамгийн гол эрх бол санхүүгийн, эдийн засгийн эрх чөлөө байж таарна.
Эхэнд өгүүлсэн судалгаа бол Монгол Улсад иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөө ямар хэмжээнд байгааг нэг талаас харуулж буй дүр зураг юм. Нөгөө талаас Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын төвшин аль хэмжээнд явааг харуулах ёстой. Хэрэв үнэхээр “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нөхцөл” нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тунхагласанчлан “хүний аюулгүй байдал, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг” хэлдэг юм бол шүү дээ.
Монгол Улсад иргэдийнх нь эдийн засгийн эрх чөлөө баталгаатай биш, аюулгүй байдал, амгалан амьдрах боломжийг нь хараахан бүрдүүлж чадаагүй гэж үзвэл эдийн засгийн аюулгүй байдал маань түгшүүрийн харанга дор оршиж байгаа болох нь ээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай үзэл баримтлалыг УИХ-аас өнгөрсөн зун шинэчлэн баталсан юм. Уг үзэл баримтлалд эдийн засгийн аюулгүй байдлыг хоёр өгүүлбэрт багтаан томьёолсон байна. Эхний өгүүлбэр нь “Эдийн засгийн бие даасан байдлаа ханган хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл мөн” гэжээ. Харин хоёр дахь өгүүлбэр нь “Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтална” гэжээ. Харин “эдийн засгийн олон тулгуурт бүтэц” гэдэгт юуг багтаан ойлгохыг нэлээд дэлгэрэнгүй авч үзсэн байна.
Гэхдээ энэ удаад хувь хүний эдийн засгийн эрх чөлөө, аюулгүй амгалан амьдрах орчин нь эдийн засгийн аюулгүй байдлын үндэс болж чадаж байна уу, үгүй юу гэдгийг хөндөхийг зорилоо. Өнөөдөр нэг монгол хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ Олон улсын валютын сангийн 2009 оны тайланд дурдсанаар бол 1551 ам.доллар болж байна. Жагсаалтыг Люксенбургийн вант улс 105 918 ам.доллараар тэргүүлж буй бол Африкийн Конго, Бурунди зэрэг орнууд 171 ба 163 ам.доллараар сүүл мушгиж байна. Энэ жагсаалтаас харвал Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийн 182 орноос 126 дугаарт бичигдэж байна.
Улс, эх орон уул уурхайн орлогыг дагасан маш их мөнгөний урсгал руу орно, эдийн засаг маш эрчимтэй өснө гэсэн хүлээлт байгаа ч энэ нь иргэдийн орлогыг нэмнэ, аюулгүй байдлын баталгааг хангана гэсэн найдвараар тун бага бололтой. Ирэх онд л гэхэд эдийн засаг 12 хувиар өсөх төлөв байгаа ч энэ нь хүмүүсийн орлого нэмэгдэж, худалдан авах чадвар өсөх бодит орлого биш уул уурхайн голлосон өсөлт байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, үүний үр ашгийг хүртэгчид нь тодорхой хүрээний цөөн хэдэн хүн байх аж.
Хөгжлийн гарц болно гэж тооцоолж байгаа уул уурхайн орлого цөөнх хэсгийг тэтгэж, эсвэл бэлэн мөнгө тараах хэлбэрээр үр ашиггүй цацаад байвал эдийн засаг сэргэж, иргэд нь баян болно гэдэг хэт холын мөрөөдөл болоод зогсохгүй харин ч сүйрэл дагуулах аюултай. Өнөөдөр хийж, хэрэгжүүлж буй бодлогын үр дагавар нь ирээдүйн дүр зураг гэж үзвэл юутай ч, өнөөгийн эрх баригчдын алхмуудаас хэтийн үр өгөөж харагдахгүй л байна.
Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал иргэдийн амьдралын баталгаа, цаашлаад хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого, төсөв санхүүгийн салбарын аюулгүй байдал гээд олон хүчин зүйл, нөхцөлөөр хангагдах ёстойг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан байна. Гэтэл УИХ-аас хэдхэн хоногийн өмнө баталсан 2011 оны төсөв л гэхэд 2006-2008 оны өндөр өсөлтийн жилүүдийн алдааг давтаж, 2008-2009 онд болсон хямрал дахин гарахгүй гэх баталгааг үгүй хийлээ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Бид хил хязгаарын бүрэн бүтэн байдлаа хамгаалах гэж хил дээрээ буутай цэрэг зогсоодог. Харин эдийн засгийн аюулгүй байдлаа хэнээр мануулж, хэрхэн хамгаалах ёстой юм бол доо?