Жил бүрийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол цөм болж ирсэн зэсийн үнийг нэг тонн тутамд 8425 ам.доллараар тооцсон нь нэлээд өндөр үзүүлэлт болов. Ирэх жилд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ дээрх хэмжээнээс буухгүй байвал монголчуудын хувьд идэх хоол, өмсөх хувцастай гэдэс цатгалан, мөр бүтэн байна. Хэрвээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унавал, Засгийн газар, УИХ нэгдсэн төсвөө дахин тодотгохоос эхлээд төсвийн орлогыг бүрдүүлэх өөр эх үүсвэрийн эрэлд мордох хэрэгтэй болно. Одоогийн төвшинд нэг тонн зэсийн үнэ зарим өдөр 8900 ам.долларт хүрч буй. Гэсэн ч унахгүй гэх газаргүй. Өнгөрсөн жилүүдийн зэсийн үнийн хэлбэлзлийг эргэн харвал, хоёр жилийн өмнө нэгэн үе Лондонгийн бирж дээр 9000 ам.долларыг даван гялалзаж, бусад металлын хажууд хамгийн үнэ цэнэтэй нэгжид тооцогдож байсан зэс энэхүү ноёрхлоо удаан хадгалж чадалгүй, 4000 ам.доллар руу бууж байв. Золоор өмнөд хөрш зэсийг маш их хэмжээгээр татан төвлөрүүлж байсны хүчинд Монгол Улс зэсийн үнийн уналтаас үүссэн хямралыг бага амссан юм. Тиймээс ирэх жил дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэг тонн нь 8425 ам.доллараас буухгүй байх болтугай гэсэн ерөөлийг өргөж суух л үлдлээ.
Мөн төсвийн орлого бүрдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг алтыг нэг унци тутамд нь 1350 ам.доллараар тооцсон бол боловсруулсан нүүрсийг 98.8 ам.доллар байхаар тусгажээ.
Түүнчлэн Оюутолгой ХК-иас 163.2 тэрбум төгрөгийн татварын орлого орж ирнэ гэж урьдчилан тооцоолоод байгаа бол Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татвар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилдээ улсын нэгдсэн төсөвт 207.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүргийг УИХ-аас авлаа. Мөн 2011 оны нэгдсэн төсөвт тусгаснаар татварын бус орлогоор 385.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх бол газрын тос олборлолтын орлогоос 69.8 тэрбум төгрөг, далайн тээврийн хураамжаас 300 орчим сая төгрөг, Монголбанк таван тэрбум төгрөгийг тус бүр төвлөрүүлэх болж байна.
Өмч хувьчлалын үндсэн чиглэлд тусгасны дагуу 2011 оны төвшинд төрийн өмчийн зарим обьектыг хувьд шилжүүлснээр 98.4 тэрбум төгрөг “босгохоор” тооцоолсон бол гадаадын тусламжийн орлогоос найман тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр тус бүр заасан юм.
Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын зардлыг 737.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь Засгийн газрын өргөн барьсан анхны төслөөс 600 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Хоёр намын амлалтыг хэрэгжүүлэх хүрээнд 2011 оны нэгдүгээр сараас эхлэн иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг, жилд 252 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу нийт дүнгээрээ энэ арга хэмжээнд зориулж Хүний хөгжил сангаас 702.5 тэрбум төгрөгийг иргэдийн гар дээр бэлэн хэлбэрээр “цацахаар” тусгасан бол төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 160 мянган оюутны сургалтын төлбөрт тус бүр 500 мянган төгрөгийг олгоход сангаас 102.5 тэрбум төгрөг гаргана. Эдгээр нь нийт дүнгээрээ 805.2 тэрбум төгрөг болж байгаа юм. Ингэхдээ энэхүү мөнгөний 504 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар ирээдүйд олох орлогоосоо иргэд болоод оюутнуудад олгох болчихоод байгаа нь хамгийн шог үзэгдэл болоод буй. Учир нь Хүний хөгжил санд ирэх оны төвшинд 301.2 тэрбум төгрөг төвлөрөх нь тодорхой ч, үлдсэн 504 тэрбум төгрөгийг хаанаас ямар эх үүсвэрээс хэрхэн “босгох” вэ гэдэг нь асуултын тэмдэгтэйгээр Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг баталсан юм.