Арваннэгдүгээр сарын 27

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 27

Арваннэгдүгээр сарын 27-ны тэмдэглэлт өдрүүд

Украины өлсгөлөн ба улс төрийн хэлмэгдүүлэлтийн хохирогчдыг дурсах өдөр

Жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх бямба гаригт өлсгөлөн ба улс төрийн хэлмэгдүүлэлтийн хохирогчдыг дурсах өдөр болгон Украинд тэмдэглэж иржээ. Эхлээд Украины ерөнхийлөгчийн 1998 оны арваннэгдүгээр сарын 26-ны зарлигаар Өлсгөлөнд нэрвэгсдийн дурсгалын өдөр гэж тэмдэглэж байгаад 2000 оны аравдугаар сарын 31-ний өдрийн зарлигийн дагуу Украины өлсгөлөн ба улс төрийн хэлмэгдүүлэлтийн хохирогчдыг дурсах өдөр гэж нэрлэх болсон байна. 2002 онд Украин 1932-1933 онуудын өлсгөлөнгөөр үй олноор нас барагсдын 70 жилийн эмгэнэлт ойг дурсан тэмдэглэсэн билээ. 1921-1922 онуудын Зөвлөлтийн өлсгөлөнгөөр 5-7 сая хүн үхсэн байлаа. 1932-1933 онуудын гангаар бараг бүх ургацаа алдсан учир Зөвлөлтийн есөн сая хүн амь үрэгдсэн байв. Зарим тооцоогоор 13 сая хүн үхсэн гэдэг.

Өдрийн ишлэл

“Ихээхэн хэмжээний мөнгө хөрөнгийг өвлүүлэн гэрээслэх нь хүн төрөлтнийг мангартуулахад нэмэртэй” (Людовиг Нобелийн хэлсэн үг. Түүнийг ах Альфред Нобель хэлсэн гэж андуурах нь их байдаг.)
1895 оны арваннэгдүгээр сарын 27-нд  Альфред Нобель өөрийн хөрөнгөөр сан байгуулан хүн төрөлхтний дэвшилд тэр жилдээ гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнах гэрээслэлийнхээ эцсийн хувилбарыг бичжээ. Тэр цагаас Нобелийн шагналын түүх эхэлсэн гэж болно. Гэрээслэлийг нээсний дараа Альфредын хамаатан садан ба дотны хүмүүс нь авна гэж байсан бараг бүх хөрөнгө нь тэдэнд огт ноогдохгүй болжээ. Шагналыг гардуулах ёстой байсан Шведийн хаан II Оскар ч дургүйцлээ илэрхийлж байв. Нобелийн энх тайвны шагналыг хаан биш Норвегийн парламентын сонгосон хороо тодруулан гардуулж байна гэж гэрээслэлд бичсэн нь хаанд таалагдсангүй. Хаан Нобелийн хөрөнгийг залгамжлан авах ёстой байсан Эмануэлийг дуудаад “Чиний авга чинь энх тайвныг мөрөөдөгч нар нэн ялангуяа эмсийн нөлөөнд нь автжээ” гэж хэлсэн гэдэг. Хааныхаар бол гэрээслэлийн эсрэг гомдол гаргах ёстой байж л дээ. Гэвч залгамжлагч нь “Эрхэм дээдэс ээ, ирээдүйн хүндэт эрдэмтэд тэдэнд очих ёстой хөрөнгө мөнгийг манай гэрийнхэн авчихсан юм гэж хэлүүлэхийг би хүсэхгүй байна” гэсэн хариуг хэлсэн байв.

Үйл явдал

Августа Ада Кинг нас баржээ

Августа Ада Кинг

1852 он: Энэ эмэгтэй компьютерийн техникийн түүхэнд анхны программчин гэдгээр орсон хүн юм. Тэрээр компьютер олон үйлдэл хийж, олон туслах шийдвэрийг  шийдэж чадна гэдгийг нь түүнийг бүтээхээс  өмнө урьдчилан харж чадсан юм. Түүний нэрээр 1980 онд Францад хийгдсэн программыг Ада гэж нэрлэсэн байлаа.
Августа Ада Байрон Кинг  1815 оны арванхоёрдугаар сарын 10-нд Лондон хотноо төрсөн ба хатагтай Анабелла Милбэнк ба яруу найрагч Жорж Байрон хоёрын цорын ганц охин нь юм. Яруу найрагч охиноо Август гэж нэрлээд өөрөө үл мэдэх зүгт алга болсон  билээ. Эх нь тэдний салалтыг даван гараад охиноо  зохиолч болгохыг хүсээгүй гэдэг.
Ада арван гуравтайгаасаа эхлэн ээжийнхээ хүлээж байсныг зөвтгөн шинжлэх ухааныг гүн ухаанаас илүүтэй сонирхох болсон байна.  Тэрээр хатагтай Милбэнкид цэргийн нисдэг аппаратын зураг хийснээ үзүүлж байлаа. Хүүхэд ч гэсэн зургийг нарийн хийсэн байсан нь эхэд нь таалагдсан гэдэг…
…Түүний бичсэн тэр өчүүхэн гэмээр бүтээлүүд нь тэр эмэгтэйг хүн төрөлхтний  Анхны программчин болгосон юм. Адагийн бичсэн программуудыг хэрэглээнд нийлүүлээгүй ч түүний 1843 онд хэлж байсан нь дараагийн зууны компьютерийн программын хувьд чухал зарчмаа хадгалан үлдсэн байна.
Леди Адагийн гаргасан томьёолол өрчин үеийн программистуудад өргөн хэрэглэгдэж байгаа. Түүний “цувралын” тодорхойлолт нь орчин үеийн программын сурах бичгүүдэд бичигдсэнтэй бараг таардаг аж.

“Нууцат арал” романы сүүлчийн боть хэвлэгдэн гарав

1875 он: Парис хотноо Жюль Верны “Нууцат арал” романы сүүлчийнх болох гурав дахь боть хэвлэгдэн гарчээ. Эхний боть нь “Агаарт сүйрсэн нь”, хоёр дахь нь “Хаягдмал хүн”, сүүлчийнх нь “Нууцат арал” нэртэй. Ном нь робинзонада гэх стилиэр бичигдсэн ба зохиолчийн хамгийн нэртэй бүтээл гэгддэг. Номын баатрууд агаарын бөмбөрцөг нь сүйрсний дараа эзгүй аралд хаягдсан байдаг. Сүйрэх үеэрээ илүү ачаагаа хутга, шүдэнзээ хүртэл хаясан тэд бүх зүйлээ шинээр бүтээн хийж эхэлдэг. “Усан доогуур 20000 бээр” номын баатар ахмад Немог дахин амилуулж өгөөч гэсэн уншигчдын хүсэлтийн дагуу шинэ номондоо “усан доорх” сэдэв мөн “Ахмад Грантын хүүхдүүд" номынхоо үргэлжлэлийг оруулж өгөн зохиолч гурван романаа нэгэн бүтэн цуврал болгосон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж