Д.Эрдэнэбилэг: Даамаараа Монголдоо нэгд юм чинь, бизнест бас хүч үзье гэх бодол төрөөд байгаа

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг: Даамаараа Монголдоо нэгд юм чинь, бизнест бас хүч үзье гэх бодол төрөөд байгаа

Дөлийн Эрдэнэбилэг. Монгол Улсад 2001 онд Олон улсын их мастер цолыг даамын төрөлд анх удаа авчирч, Азийн аваргын тэмцээнд гурав дараалан төрүүлж, Ази тивийн шилдэг тамирчин өргөмжлөлтэйгээр тивээ төлөөлөн энэ сарын 20-27-ны хооронд болох дэлхийн шилдэг 12 даамчны “халз тулаанд” оролцох гэж байгаа нэгэн. Спортын олон төрлөөс бөх хийгээд боксоос бусдыг үл ойшоох нь элбэг байдаг монголчууд түүний тухай сайн мэдэхгүй байж болох. Харин дэлхийд түүнийг аль хэдийнэ үнэлэх болсон бөгөөд мэргэжлийн 40 сая даамчнаас чансаагаараа 32-т бичигдэж байгааг дуулгахад хэн хүн бахархахгүй байхын аргагүй юм. Ингээд Дөлийн Эрдэнэбилэгтэй ярилцсанаа хүргэе.

-Саяхан таны нэг ярилцлагыг уншсан тань их бардам хүн шиг санагдсан. “Намайг Голландын хоёр сая гаруй хүн танина” гэж ирээд л ярьсан байсан шүү дээ. Энэ сэдэв их сонирхолтой санагдсан учраас ярилцлага авахаар шийдлээ. Ярилцлагаа эндээс эхэлье?

-Бардам…яг ч бардам гэж шууд дүгнэж болохгүй байх аа. Голланд улс нийтдээ 16 орчим сая хүнтэй. Тэд бүгд спортын төрлөөс нэгд хөлбөмбөгийг, хоёрт даамыг тавьдаг юм билээ. Нэг ёсны үндсэн спортынх нь төрөл бол яах аргагүй даам болчихсон. Хүмүүс чөлөөт цагаараа шар айраг уух гэж бааранд ордог бол голландчууд даам тоглох цаг авах гэж ордог. Мөн жилийн турш даамын лигийн тэмцээнийг улс даяараа зохион байгуулж, хот бүр өөрийн гэсэн хүчтэй багтай оролцдог. Тийм болохоор дэлхийд үнэлэгдсэн даамчдын тухай мэдээлэл их сайтай байдаг нь ажиглагдаж байсан. Хүмүүс нь энд тэнд таарахаараа мэнд мэдэж, гарын үсэг авах гээд байдаг юм. Тэрийг хэлсэн юм. Өөрийн тань бардам гээд байгаа тэр хариулт ийм утгатай л даа.

-Ойлголоо, бахархах хэрэгтэй үзүүлэлт байна. Та Голланд руу олон удаа явж байсан уу?

-Нэлээд хэдэн удаа. Хугацааны хувьд сар гаруй болдог байсан. Даамын төрөлд гурван дэлхийн аваргатай, энэ төрөлд Геннисийн амжилт гаргасан хүн хүртэл байдаг учраас голландчууд бага насны хүүхдээ ч зорьж хичээлүүлдэг.

-Дэлхийн аварга болгох гэж үү?

-Яалаа гэж дээ, хамгийн гол нь даам тоглож сурсан хүүхэд олон нүүдлийн цаадхыг харах чадвартай болж, зөв төлөвшдөг учраас заавал амжилт гарах нь гол бус харин тоглож сурах нь гол гэж үздэг юм билээ.

-Тэгвэл тэр өөрчлөлт танд хэр бүрдсэн бэ. Зөвхөн өрөгт бус амьдрал дээр?

-Бүрдсэн гэж бодоод байгаа шүү. Өнөөдрийн ялж, ялагдахаас илүү цаашдын үр дүнг нь харах чадвартай болж байна. Аливаа асуудалд анализ хийх, учир шалтгааныг нь олох гээд илүү бодитой сэтгэх ур чадвар даам тоглоод ирэхээр тухайн хүнд хүссэн, хүсээгүй суудаг. Мөн даам тоглохоор их сайхан амралт болоод бүх дарамт, сэтгэл зүйн ачаанаас салж чаддаг.

-Мэдээж анх тэр бүх ач холбогдлыг бас өнөөдрийн нэр хүнд, амжилтын тухай бодох ч сөхөөгүй л тоглож эхэлсэн байх. Юу тэгтлээ дааманд “хорхойтуулсан” юм бэ?

-Анх хүүхэд байхдаа шатар, зохион бүтээгчийн дугуйлан гээд л ийш тийш үсчсэн хүүхэд байсан. Бүх хүүхэд л тэгдэг байх. Одоо манай охин ч гэсэн зургаан настай гэхгүй шатар, даам, уран гимтастик гээд л гүйгээд байна. Миний хувьд бол үнэндээ хичээл хийхгүй дугуйланд суугаад байх нь гоё санагддаг байлаа. Тэгж байтал өөрийн мэдэлгүй уусаад, даамаасаа салж чадахгүй болсон. Ингээд 1991 онд 13 настайдаа Казахстанд өсвөр үеийн даамчдын уралдаанд оролцож, есдүгээр байрт орсон чинь их гоё шагнал авсан. Бас болоогүй ээ, тэндээсээ хэд хэдэн даам, шатар авчирч энд хүүхдүүдэд зарсан чинь ер нь ингэж яваад, уралдаанд орж байр эзлээд давхар жижиг, сажиг юм зараад байвал болох юм байна гэсэн бодол их хүчтэй төрж байсан санагддаг юм. Одоо бодоход шүү дээ.

-Бизнес сэтгэлгээ сайтай хүүхэд байж дээ?

-Манай аавын ахын эхнэр тухайн үед олон улсын вагонд үйлчлэгч хийдэг байсан. Тэр эгчийгээ дагаж ажилд нь туслаад их явдаг байсан болохоор жаахан “санаа суусан” шиг байгаа юм. Тэгээд л зарж байхгүй юу.

-Одоо тэгээд бизнес хийж байна уу. Шагналын бооцоо, ийшээ тийшээ явж ирээд “наймаа” хийгээд санхүүгийн хувьд хөл дээрээ зогсч чадсан биз дээ. Зөвхөн би ч биш бүгд л ингэж бодож байгаа байх?

-Би “Скайтел” компанид ажилладаг. Тийм болохоор яг хувийн бизнес дагнаж хийгээгүй л байна. Учиргүй баяжиж, хөлжөөгүй ч гэсэн асар их туршлага хуримтлуулсан. Мөн цаашид тодорхой ажил эхлүүлэхээр бизнесийн мэдлэг олж авах санаатай Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнес, удирдлагын ангид сурч байгаа. Нэгэнт даамаараа Монголдоо нэгд юм чинь, бизнест бас хүч үзээд алдая гэх бодол ер нь төрөөд байх болсон шүү.

-Ингээд л та их бардам сэтгэгдэл төрүүлчих юм. Монголдоо даамаар нэг юм чинь гээд л?

-Бардам гэхэд ч хаашаа юм бэ дээ. Ер нь бол даруухан байхыг хичээдэг. Хаяа хүн бүрт л ингэж чадсан юм чинь тэгж чадах байлгүй гэдэг бодол төрдөг шүү дээ. Ганц надад биш, энэ өөрт чинь ч гэсэн хамаатай л бодол байх. Үүнтэй адил хүчээ соримоор ааг амтагдаад байдаг юм.

-Бизнесийнхээ санаанаас дэлгэхгүй юм уу?

-Яг одоо хэлэхэд арай эрт байна л даа. Ямар ч байсан спортын чиглэлээр маркетинг хийх бодол бий. Өнгөрсөн жилээс манай спортын маркетинг өндийж эхэлсэн. Бөхийн төрөлд олон халз тоглолт боллоо. Боксчид ч бас зүгээр байгаагүй. Мөн тамирчдын имиж, дүр төрх, нийгэмд нөлөөлөх нөлөөг нь хүчирхэгжүүлэх хэрэгтэй байна. Дэлхийн шилдэг тамирчид энэ тал дээр маш их анхаардаг. Иймэрхүү асуудлыг нь хариуцсан бүхэл бүтэн баг ажиллаж байхад манайхан бол ганцаараа л гүйгээд байдаг шүү дээ. Иймд энэ чиглэлээс ажлаа эхэлнэ дээ.

-Сонирхолтой санагдаж байна. Харин даамын төрөлд “халз тулаан”, шоу зохион байгуулбал үзэгчид үзэх үү. Үзэгчид чинь арай өөр зүйлд мөнгө төлдөг шүү дээ?

-Үзүүлэхийн тулд л харин ажиллах ёстой байхгүй юу. Энэ нь тухайн тамирчны зөвхөн спортын нэр хүнд ч бус амьдралд нь ч хэрэгтэй. Даамын төрөлд гэхэд үзэгчдийн анхаарлыг хандуулахын тулд нүүдэл тайлбарлаж өгөх, сонирхлыг нь өдөөхийн тулд сургалт зохион байгуулах гээд олон ажлыг хийж болно. Ийм туршлага дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд маш их байдаг. Тэр бүхнийг ашиглана даа.

-Энэ ажилд тань амжилт хүсээд нэг асуулт асуумаар байна. “Формула”-д Шумахерийг долоон удаа төрүүлээд ирэхэд үзэгчид нь багасч, зохион байгуулагчдынх нь орлого буурч байсан. Үзэгчид нь “За за Шумахер л төрүүлэх юм чинь үзээд ч яах вэ дээ, тодорхой” гэж дүгнэж эхэлснээс ийм байдал үүссэн гэдэг шүү дээ. Яг үүнтэй адил та Монгол Улсын даамын найман удаагийн аварга. Тэмцээний хариултыг арай өөр хувилбартай болгох хүчтэй өрсөлдөгч байхгүй байгаа хэрэг үү. Эцсийн дүн нь сонирхолтой байхаа больсон байна шүү дээ?

-Тамирчин хүн хүчтэй өрсөлдөгчтэй байж л хөгждөг. Таны хэлээд байгаа залхах үзэгдэл даам сонирхогчдын дунд гарч байгаа юу гэвэл байгаа. Иймд манай холбооноос болоод би ч тэр хувиасаа сайн даамчин бэлтгэхийн тулд ажиллаж байгаа. Зарим үед одоо ч улсын аваргад орохоо больё доо гэсэн бодол орж ирдэг л юм. Гэвч тэгж бодоод шууд шийдэх асуудал биш. Тэнд оролцож байгаа тамирчин бүрт хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй. Тэд өрсөлдөгчөө ялж байж л дараа дараагийн амжилтад хүрэх учраас шууд орхиж төвдөхгүй л байна.

-Хариултаа тодорхой болгоорой?

-Аваргыг давж л аварга болдог гэдэг биз дээ.

-Ойлгомжтой, дахиад л нэг бардам хариулт байлаа. Гэхдээ та хоёр удаа байр ухарч байсан юм билээ. Шалтгаан нь юу байсан бэ?

-Энэ чинь л нөгөө хүчтэй өрсөлдөгчийн тухай асуудлыг сөхөөд гаргаад ирж байгаа юм. Яагаад гэхээр эхний удаад нь миний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох манай Г.Ганжаргал тэр үед гадаадад байсан. Тэгэхээр нь “За за, тэртээ тэргүй ялах юм чинь” гэж бодсон ч юм уу, ямар ч байсан санаа амраад нэг их бэлтгэл хийхгүй байж байгаад хожигдчихсон. Тэгэхээр тамирчин хүнд байнгын хүчтэй өрсөлдөгч маш их хэрэгтэй гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ. Ер нь тэгээд заавал хүчний спорт гэхгүй бүх төрлийн спортын тамирчид байнга бэлтгэл хийж, шинэ арга барилд суралцаж байхгүй бол ялагдал маш ойрхон байдгийг тухайн үед ойлгосон.

-Тэгэхээр Голландад болох “Шилдэг их мастерууд-2008” тэмцээнд чөлөө завгүй л бэлтгээд байна уу?

-Бэлтгэлийн хажуугаар даам толгоход амралт чухал байдаг. Амралтаа зохицуулахгүй бол яг тоглож байхад толгой өвдөх, ядрах, сэтгэлзүйн хувьд тайван бус болох гээд олон бэрхшээл үүсдэг. Голландад болох энэ тэмцээн дэлхийн хамгийн шилдэг 12 даамчны “халз тулаан” гэдэг утгаараа асар их нэр хүндтэй тэмцээн. Энэ тэмцээнд ороход маань өнгөрсөн аравдугаар сард Бээжинд болсон Оюуны спортын анхдугаар олимпод 136 хүнээс шигшээ наймд нь шалгарсан үзүүлэлт болон Ази тивийн гурван удаагийн аварга гэдэг нэр хүнд минь нөлөөлсөн бололтой юм билээ. Урилга нь цаанаасаа ирсэн. Тоглолтыг дэлхий нийтэд шууд цацах учраас мэргэжлийн даамчдын хувьд 2008 оны хамгийн их сонирхож байгаа тэмцээн л дээ.

-Таны өрсөлдөгчид чинь хэн байх вэ. Амжилтаас нь танилцуулахгүй юу?

-Дэлхийн арван удаагийн аварга А.Чижов, энэ оны дэлхийн аварга А.Георгиев, 64 болон 100 буудалт даамын дэлхийн үнэмлэхүй аварга А.Шварцман, Америкийн аварга А.Сильва, Африк тивийн аварга Л.Когу зэрэг даамчид оролцоно.

-Би бол цол гуншинг нь дуулаад л сүрдмээр юм байна. Таны хувьд ч өөр байх нь тодорхой л доо?

-Үнэхээр хүчтэй өрсөлдөгчид. Гэхдээ нэгэнт тэмцээн л юм чинь ялахын тулд л тоглоно. Иймд өрсөлдөгчдийнхөө тоглолтыг судлахын зэрэгцээ компьютертэй тоглох хэлбэрээр бэлтгэлээ хийгээд л байна.

-Шилдэг тамирчдыг гадныхан “Манайд ирээч, манайд ир” гээд амраадаггүй бололтой. Танд тийм санал ирсэн үү?

-Олон удаа биш ээ. Ганц нэг бол ирж байсан шүү. Голландаас тийм санал ирэхэд тухайн үед нь татгалзсан. Харин одоо тийм санал ирвэл бодож үзнэ гэж бодоод байгаа.

-Яагаад вэ?

-Уг нь Монголдоо амьдрах нь сайхан л даа. Гэсэн ч хэсэг хугацаагаар тэдний багт тоглох нь буруу биш юм уу гэсэн бодол төрөөд байгаа. Наад зах нь Монгол Улсаа сурталчилна шүү дээ.

-Бас санхүү тал дээр ч нэмэртэй байх, тийм үү?

-Тийм ээ, хамгийн гол нь хэсэг хугацаанд тоглоно уу гэхээс бүр мөсөн Монголоосоо явж чадахгүй ээ. Энэ тухай бодох ч хүсэлгүй шүү.

-Их хэмжээний мөнгө амласан ч уу?

-Монголдоо амьдрах сайхан шүү дээ.

-Тэр тийм шүү. Тэгээд бүр ийм хөөрхөн охинтой, удахгүй дахиад нэг хүүхдээ өлгийдөж авах гэж байгаа хүний хувьд /Ярилцлага авч байхад охин нь бидний хажууд эрхлээд гүйгээд байсан юм/?

-Тийм ээ, ямар ч байсан дахиж санал ирвэл гэр бүлийнхнийгээ авч явах боломжтой бол бодож үзнэ. Ер нь үзээд алдана. Хамгийн түрүүнд бодох асуудал бол энэ шүү дээ.

-Зургаан настай охин тань даам тоглодог болчихсон гэсэн байх аа?

-Уг нь зааж өгөөгүй юм. Өөрөө л хажууд харж суусаар байгаад сурчихсан.

-Танайх удахгүй хоёр спортын их мастертай болж магадгүй нь ээ?

-Тэгж байгаад болих байлгүй дээ. /Охин нь хажуугаас нь “Би болихгүй ээ. Тоглоно” гэнэ билээ/

-Болихгүй нь дээ, янз нь?

-Өөрөө мэдэх байлгүй дээ. Өчигдөр манай Даамын холбооныхон манайд ирж, 20 жилийнхээ ойг тэмдэглэж, түргэн тоглолтоор тоглохыг хараад “Одоо би түргэн тоглоно оо” л гээд байгаа.

-Нээрэн, Монголын даамын холбооны 20 жилийн ой болж байгаа гэсэн мэдээ уншсан юм байна?

-Тийм ээ, анх 1988 онд байгуулагдаж 1992 оноос гадагшаа тэмцээнд тамирчдаа оролцуулж эхэлсэн. Азийн даамын холбооны тэргүүн Ч.Бат-Эрдэнэ гэж хүн Монголын Даамын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Бидний зүгээс ирэх онд Дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн тэмцээн болон Азийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар ярилцаж байгаа. Мөн даамчдаа дэмжих, шинэ залуу үеийг гаргаж ирэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөсөн.

-Та тэр ажилд нь хэр оролцож байна?

-Удирдах зөвлөлд нь байдаг болохоор оролцолгүй яах вэ.

-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь ээ. Таныг “Сэтгэшгүй” эмнэлэгийн Л.Хүрэлбаатар эмчтэй хамтарч ажиллах гэж байгаа гэж сонссон. Хүмүүс Л.Хүрэлбаатар эмчийг ховсоор эмчилдэг гэж мэддэг болохоор яг ямар чиглэлээр хамтарч ажиллах бол гэдэг нь их сонирхолтой санагдаж байсан юм?

-Дөнгөж эхэлж байгаа ажлыг нэг их яримааргүй байна аа.

-Таны ярилцлага их нээлттэй болж байна шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлчийн асуултаа хариултгүй үлдээмээргүй байна. Иймд яг ямар чиглэлээр хамтрах вэ гэдэг асуултаа дахиад тавилаа, уучлаарай?

-За за…/инээв/ Тамирчин хүн бүрт бие махбодь болоод сэтгэл санааны хувьд бүрэн хамгаалалт хэрэгтэй байдаг. Тэр хэрээр бусдад нөлөөлж сурах хэрэгтэй. Энэ чиглэлээр хамтран ажиллахаар ярилцаж байгаа.

-Өрсөлдөөнд чанга хатуу байх гэсэн үг үү?

-Зарим үед ингэж нүүж болохгүй гэж мэдсээр байж яагаад ч юм өөрийн мэдэлгүй нүүчих үе байдаг. Энэ нь хамгаалалт байхгүй, аль эсвэл эсрэг талын үйлчлэлд орж байна гэсэн үг л дээ. Үүнийг л зохицуулах чадвартай болох хэрэгтэй байгаа юм. Ойлгогдсон уу.

-Тийм ээ, баярлалаа.

 Ярилцлагын төгсгөлд Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэгийн Монголын даамын спортод оруулсан хувь нэмэр хийгээд амжилтаас нь дурдвал Монгол Улсын найман удаагийн болоод Ази тивийн гурван удаагийн аварга, 1993 оны Өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медаль, 1997 оны залуучуудын Дэлхийн аваргын тэмцээнд дөрөвдүгээр байр, 2000 оны Дэлхийн даамын олимпийн I, II байрыг эзэлсэн гээд олон амжилтыг дурдаж болно. Түүнчлэн түүний ялалтын бүртгэлд дэлхийн зургаан удаагийн аварга И.Куперманыг хожсон тоглолт хийгээд ОХУ-ын нэрт тамирчин, дэлхийн аварга А.Шварцманыг ялж “Сайхан өргийн шагнал” хүртэн Олон улсын их мастер цолны болзол хангасан гээд олон сайхан амжилт бий. Иймд эрхэм уншигч та оюуны спортын их мастер Дөлийн Эрдэнэбилэгийн дэлхийн шилдэг 12 тамирчны халз тулаанд нь /Энэ сарын 20-27-ны өдөр Голланд улсад болно/ амжилт хүсээрэй. Учир нь, дэлхийн оюуны их спортын даамын төрөлд Монголын нэрийг мандуулж яваа шилдэг тамирчин юм.

Г.ОТГОНЖАРГАЛ /2008.12.16/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж