Мөн өнөөдөр Гуанжоугийн дэвжээнд барилдаж, 63 кг-ын жинд финалын барилдаанд шалгараад байсан ОУХМ О.Насанбурмаа аваргын төлөөх барилдаанд Казахстаны Елена Шалыгинад ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Харин 55 кг-д хүч үзсэн Б.Номин-Эрдэнийн тухайд дагах барилдаанд Узбекистаны Лилия Шакировад ялагдсанаар медалийн төлөө барилдах эрхгүй болсон байна.
Ийнхүү Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Гуанжоугийн Азийн наадамд тун амжилттай оролцож, нутаг нэгтнүүдийнхээ хүсэн хүлээж байсан аваргын алтан медалийг хоёронтоо хүртэж, нийтдээ хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, зургаан медаль хүртсэн амжилт гаргалаа.
Азийн наадмаас медаль хүртсэн чөлөөт бөхийн тамирчид:
Алтан медаль:
Г.Мандахнаран – эрэгтэй 60 кг
Г.Наранчимэг – эмэгтэй 72 кг
Мөнгөн медаль:
О.Насанбурмаа – эмэгтэй 63 кг
Ж.Чулуунбат – эрэгтэй 120 кг
Хүрэл медаль:
Д.Гомбодорж – эрэгтэй 74 кг
П.Өсөхбаатар – эрэгтэй 84 кг