УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд гишүүн Л.Гүндалай төсөлд шүмжлэлтэй хандав. Тэрбээр газрын доорх баялаг гадаад руу тэр дундаа өмнөд хөрш рүү маш бага үнээр гарч байхад металлуудад татварын хэмжээг нэг, хоёрхон тооны зөрүүтэйгээр тавьсан нь хэний лоббигоор хийгээд буй ажил вэ гэв. Тухайлбал, хүдэрт таван хувийн татвар тавьсныг 30, баяжмалд дөрвөн хувийн татвар ногдуулахыг 20 хувьд хүргэх, эцсийн бүтээгдэхүүн гаргахад хоёр хувийн татвар төлөхийг 15 хувь болгох ёстой гэсэн юм. Мөн гишүүн “Манай газрын баялгийг худалдаж авч байгаа гол орон Хятад. Дэргэдээсээ шахам говийн баялгийг авч байгаа. Үүнд тээврийн зардал шаардахгүй, бусад улс орнууд далайгаар тээвэрлэн, дахиж буулган ачих гээд олон шат дамжлагыг дамждаг. Монголтой сайн ярих юм бол үнэндээ цагаан хэрэм давуулаад шидэхэд цаана нь хоп гээл тосоод авч байна ш дээ” гэв. Энэ үг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг тас тас инээхэд хүргэв. Барагтай зүйлд инээдэггүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүртэл инээдээ барьж ядан, тас тас хөхрөв.
Г.Дарь