Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн ордны Их танхимд болсон Иргэний андгай өргөх энэхүү ёслолын үеэр, Та бүхний амьдралд мартагдашгүй дурсамж болон үлдэх энэ баярт мөчөөс эхлэн залуус та нарын амьдралын шинэ хуудас, нэгэн шинэ үе эхэлнэ. Иргэний үнэмлэхээ гардан авснаар Та нарын эрхэм нэр, эцэг эхийн нэр, эх орны тань ариун нэртэй хамт дурсагдах болно. Иймд “Хүн нэрээ” гэдэг эцэг дээдсийн сургаалийг захиас болгон сануулъя. Эрдэм мэдлэг, эрхэмсэг ёс зүй хоёр бол хүний нэр төрийн хүчирхэг хоёр жигүүр шүү гэлээ.
Мөн дэлхийд өрсөлдөх өндөр мэдлэг боловсрол, дээдсээс өвлөсөн ариун ёс суртахуунтай байх нь залуус Та бүхний нэн эрхэм зорилго мөн. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрхэм ёс суртахуун, эх оронч сэтгэлгээтэй, өв тэгш хүмүүжил бүхий Залуу хүн Та Монгол үндэстэн өнө мөнхөд оршихуйн үндэс, Монгол төр улсын тусгаар тогтнолын баталгаа, эх орны хөгжил дэвшлийн эх ундарга, бүтээлч их хүч нь байх болно гэж Ерөнхий сайд С.Батболд хүүхэд залуучуудад хандаж хэллээ.
“Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” гэсэн бодлого зорилготой манай хамтарсан Засгийн газар ийм өв тэгш залуу хүний төлөө байна. Залуус Та бүхэн зүрх сэтгэлээ эх орондоо зориулж, цуцаж шантрахгүйгээр сурч хөдөлмөрлөхийн төлөө шамд. Зүтгэл сэтгэлийн үр дүнд бодит биелэл болох сайхан ирээдүй, тэр бүр олдохгүй боломж хүлээж байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.
Мөн тэрбээр эцэг дээдсийнхээ аугаа их үйлсийг дурсан санаж, эрхт төрийнхөө туг сүлдэнд мэхийн ёсолж, ахмад үеийнхээ өвлүүлсэн ариун нандин бүхнийг эрхэмлэж, үйл хэргийг нь үргэлжлүүлж, эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэхээ андгайлан тангарагласан энэ залуучуудын дундаас Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгах олон олон алдар гавьяатан төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.
Эх орон, ард түмэн, эцэг эх, элгэн садныхаа өмнө Монгол Улсын иргэний андгай өргөдөг, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон урлаг соёлын алдартнууд оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.