ШТС ажиллуулахад нэг сая төгрөг төлнө

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

ШТС ажиллуулахад нэг сая төгрөг төлнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд нийт гишүүдийн 73.8 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм.

    Хоёр намын бүлэг, байнгын хорооны гишүүдээс гаргасан саналын дагуу иргэдэд очих дарамтыг аль болох бага байлгах ёстой гэж үзэн, зарим тэмдэгтийн хураамжийг Засгийн газраас өргөн барьсан төслөөс даруй арав дахин бууруулж, өөрчлөлт оруулсан гэсэн тайлбарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэхүү төслийг хэлэлцэх шатанд онцолж байлаа. Тухайлбал, суманд шатахуун түгээх станц ажиллуулах эрх авахад 11 сая төгрөг төлөхөөр төсөлд тусгасныг арав дахин бууруулж, нэг сая төгрөг болгосон. Гэрлэлт бүртгүүлэхэд 9000 төгрөг төлдөг байхаар тусгасныг  3000 төгрөг болгож бууруулсан.  Хүүхэд үрчилж авах бүртгэлд 24 мянган төгрөг төлөхөөр нэмэгдүүлснийг 2500 төгрөг,  эцэг, эх тогтоолгоход 12 мянган төгрөгийн хураамж төлөхөөр тусгасныг 1500 болгож бууруулсан гэсэн юм. 

    Харин спиртийн үйлдвэр байгуулах зөвшөөрөл авахад 100 сая төгрөг төлдөг байсныг 200 сая төгрөг, Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх зөвшөөрөл авахад 30 сая төгрөг төлж байсныг 100 сая төгрөг болгон тус тус нэмэгдүүллээ. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийг шинэчлэн баталснаар улсын төсөвт 9.7 тэрбум төгрөг төвлөрнө.

    Г.Дарь
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж