О.Насанбурмаа, Г.Наранчимэг нар аваргын төлөө үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаа, Г.Наранчимэг нар аваргын төлөө үлдлээ

Азийн XVI спортын их наадмын чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 63 болон 72 кг-ын жингийн барилдаанууд болж байна. Монголын баг тамирчдаас эдгээр жингийн ангилалд, тодруулбал, 55 кг-д ОУХМ Б.Номин-Эрдэнэ, 63 кг-д ОУХМ О.Насанбурмаа, харин 72 кг-ын жинд ОУХМ Г.Наранчимэг нар зодоглож байгаа юм.

О.Насанбурмаа, Г.Наранчимэг нар өглөө 09.30 цагаас эхэлсэн хэсгийн барилдаанд амжилттай барилдсанаар Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө барилдахаар болоод байна. 63 кг-ын жинд барилдаж буй О.Насанбурмаа эхний барилдаандаа БНХАУ-ын бөх Чен Менг 5:3 (2:1; 3:2)-аар, дараагийн тойрогт Японы Мио Нишимакиг 4:0-ээр ялснаар хагас шигшээд Энэтхэгийн тамирчин Суман Кундуг 7:0 оноогоор ялж, мөнгөн медалийн болзол хангажээ. Тэрбээр орой 18.15 цагаас Бээжингийн олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Ази тивийн алт, мөнгө, хүрэл медальт, Казахстаны бөх Елена Шалыгинатай аваргын алтан медалийн төлөө өрсөлдөнө.

ОУХМ Г.Наранчимэгийн тухайд 72 кг-ын жингийн ангилалд Вьетнамын Тран Ти Хоа, Казахстаны Гузел Манюрова нарыг дараалан ялснаар финалын барилдаанд шалгарчээ. Тэрбээр орой 19.10 цагаас зохион байгуулагч БНХАУ-ын тамирчин Ли Даньтай аваргын алтан медалийн төлөө барилдах юм.

55 кг-ын жинд хүч сорьсон Б.Номин-Эрдэнэ эхний барилдаандаа олимпийн хошой аварга, дэлхийн найман удаагийн аварга, Азийн наадмын хошой аварга, Японы шилдэг тамирчин Саори Ёшидад ялагдсан боловч Японы бөх цаашид амжилттай барилдаж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон учир манай тамирчин дагах барилдаанд зодоглох эрхтэй болоод байна. Б.Номин-Эрдэнэ 16.00 цагаас Узбекистаны бөх Лилия Шакироватай барилдах бөгөөд ялсан тохиолдолд БНАСАУ-ын бөх Пак Ён Хуитай хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж