
Буянт-Ухаа дахь “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас 13.3 кг алт гаргахыг завдаж тагнуулынханд саатуулагдсан БНСУ-ын 13 иргэнийг Ганц худаг дахь Урьдчилан саатуулах төвөөс батлан даалтад гаргасан байна. Тэднийг Тагнуулын ерөнхий газраас Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд зааснаар бүлэглэн онц их хэмжээний эд зүйл хил гаргахыг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Уг зүйл ангид зааснаар тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол найман жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхээр заасан байдаг аж. Тэд аравдугаар сарын 14-ны өдрийн 23.00 цагт “Korean air”-ийн 868 дугаар нислэгт шулуун гэдсэндээ гялгар уутанд хийсэн алт нууснийг Тагнуулын албанынхан илрүүлсэн юм.
Н.Бүжээ