Ордноор дүүрэн хүүхэд

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Ордноор дүүрэн хүүхэд

Өнөөдөр Төрийн ордноор дүүрэн хүүхэд хөлхөж өнжив. Тэдний дэг журмыг сахиулах гэж хамгаалалтын ажилтнууд дунд сургуулийн багш нар шиг л хариуцлага өндөртэй ажиллаж харагдлаа. Улсын анхдугаар их Хурал Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Тусгаар тогтносон, Бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улсаа дэлхий дахинл зарлан тунхагласны 86 жилийн тэройг тохиолдуулан  өнөөдөр 16 нас хүрсэн хүүхдүүд Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж, иргэний андгай өргөсөн юм.

Төрийн ордны Их танхимд болсон Иргэний андгай өргөх энэхүү ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Та бүхний амьдралд мартагдашгүй дурсамж болон үлдэх энэ баярт мөчөөс эхлэн залуус та нарын амьдралын шинэ хуудас, нэгэн шинэ үе эхэлнэ. Иргэний үнэмлэхээ гардан авснаар Та нарын эрхэм нэр, эцэг эхийн нэр, эх орны тань ариун нэртэй хамт дурсагдах болно. Иймд “Хүн нэрээ” гэдэг эцэг дээдсийн сургаалийг захиас болгон сануулъя. Эрдэм мэдлэг, эрхэмсэг ёс зүй хоёр бол хүний нэр төрийн хүчирхэг хоёр жигүүр шүү” гэлээ.

Мөн дэлхийд өрсөлдөх өндөр мэдлэг боловсрол, дээдсээс өвлөсөн ариун ёс суртахуунтай байх нь залуус та бүхний нэн эрхэм зорилго мөн. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрхэм ёс суртахуун, эх оронч сэтгэлгээтэй, өв тэгш хүмүүжил бүхий Залуу хүн та Монгол үндэстэн өнө мөнхөд оршихуйн үндэс, Монгол төр улсын тусгаар тогтнолын баталгаа, эх орны хөгжил дэвшлийн эх ундарга, бүтээлч их хүч нь байх болно гэж Ерөнхий сайд С.Батболд хүүхэд залуучуудад хандаж сургамжийн үг хэллээ.

                                                                        
  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж