Өвлийг өнтэй давна гэдэгт итгэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Өвлийг өнтэй давна гэдэгт итгэлтэй байна

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсан энэ цаг үед өвөлжилтийн бэлтгэл ямар байгаа талаар Булган аймгийн Засаг дарга С.Батхишигтэй ярилцлаа.

-Өнгөрсөн өвлийн цас зудны сургамжыг орон нутгийнхан мартаагүй биз дээ?

-Яриад яахав, хамгийн гол нь их хүйтэрч, удаан хугацаагаар үргэлжилсэн. Цас ч их унасан. Ялангуяа гуравдугаар сард орсон хэдэн өдрийн цаснаар олон хот айл малаа хашаанаас гаргалгүй өнжсөн. Сумын удирдлага бид малчдынхаа хотонд хүрч амжихгүй холбоо тасарч байлаа. Тийм ч учраас аймгийн онцгой байдлын газраас цас туулах чадвартай машин ирүүлж тусалсан. Хөдөөгийн айлаар ороход энд тэндгүй үхсэн мал. Гэрийнхэн нь хэцүүдлээ хэмээн толгой сэгсэрч угтана. Сумын хэмжээгээр 60 гаруй мянган малаа “мажийлгасан”. Хүмүүсийн ярьдгаар чухам л зүрхэнд орсон доо.

-Сарьсан баавгай шөнө даарч хонохдоо “Маргааш л сайхан дулаан үүр барьж авъя” гэж боддог. Нар гарч өдрийн дулаан болохоор мартчихдаг гэдэг?

-Тийм ээ, ард иргэдийн дунд “сарьсан баавгайн үлгэр” хэмээн ам дамжиж ирсэн энэ яриа бол үйл явдлаас сургамж авна гэж амлаад хэрэгжүүлдэггүй “мартамхай”-н сануулга шүү дээ. Өвөл хаврын тэр хэцүү хатуу өдрүүдэд “за ирэх зун, намар л ихээхэн хөдөлье” гэсэн бодол манай нутгийнхан, сум, багийн удирдлагуудад төрж байсан.

-Тархинд төрсөн бодлоо хэр зэрэг ажил хэрэг болгов оо?

-Тэр бодол нэг талаар ухаарал, сануулга, нөгөө талаар бидий гэмшил байсан. Болсон явдлаас төрсөн бодлоо хэрэгжүүлэхээр нэлээн л хичээлээ. Сумын ИТХ-ын тэргүүлэгчид ган зудаас хамгаалахад туслах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг тавдугаар сарын эхээр хэлэлцэж баталсан. Сумын Засаг даргын тамгын газраас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө боловсруулж холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгсөн. Гурвалсан гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, өвөл хавар мал сүргээ зутраахгүй, өөрсдөө сандарч тэвдэхгүйн тулд малчин яаж ажиллах, баг ямар арга хэмжээ авах, сумаас удирдлага зохион байгуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ тодорхойлсон гэсэн үг. Энэ бүхнийгээ хэрэгжүүлэхээр их л шамдлаа.

-Саяхан аймаг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн дүнг гаргажээ. Урьдчилсан байдлаар таван сум бэлтгэлээ хангаагүйн нэг нь танай сум гэв үү?

-Тийм ээ, аймгийн үнэлгээнд “бүдэрсэн” гол асуудал бол тэжээлийн хангамжийн асуудал байгаа. Цагийн байдал хүндэрсэн нөхцөлд нийт мал сүргээ хонин толгойд шилжүүлснээр гурав хоног тэжээх нөөц бүрдүүлсэн байх учиртай. Манайх аймагтаа олон малтай сумдын нэгэнд ордог, Энэ жил гэхэд 200-гаад толгой мал өвөлжүүлнэ. Тэдгээр малаа гурав хоног тэжээх нөөцтэй байхын тулд ихээхэн өвс шаардлагатай. Тэр хэмжээнд хүргэж чадаагүй. Аймгаас өгсөн чиглэлийн дагуу сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлж амжаагүй байсан.

-Өвсгүй мал өлдөнө. Өлдсөнөөс болоод турж туйлдана. Тэгээд үхэж хорогдоно гэсэн хэрэг шүү дээ?

-Энэ талаар манайхан нэлээн ахиц гаргасан л даа. Хадлан бэлтгэх төлөвлөгөөгөө бага боловч давууллаа. Малчид өвөлжөө хаваржааныхаа халгай, ойр орчмын хиаг ногоог хадаж авахаас эхлээд эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн. Хадлангийн дөрвөн салаа ажиллаж бэлтгэсэн өвсөө зарж борлууллаа. Энэ бол нэг талаар өрх гэрийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусдадаа дэм болж байгаа хэрэг. Нөгөө талаар хэн авхаалж гарган хөдөлмөрлөж байна гэдгийг харууллаа гэж үзэж болно.

Мөн улсын сайн малчин Ж.Батцэнгэл болон Баяннуур сумын хадлангийн салаатай гэрээ байгуулснаар сумын аюулгүйн нөөцөд эхний ээлжинд 60 тонн өвс бэлтгэн татаж авсан. Уг нөөцийг бүрдүүлэх санхүүгийн эх үүсвэргүй байхад энэ бол малчин Ж.Батцэнгэлээс гаргасан сайхан санаачилга, туслалцаа гэж үзэж байна. Түүнчлэн гар тэжээл 100 тонныг бэлтгэхийг 20 хувь давуулсан. Малчид уламжлалт аргуудаар нэлээд зүйл бэлтгэснээ ярьж байна. Айл өрх шар сүү нөөцлөн авлаа. Хүчит тэжээл 160 орчим тонн бий. Өнгөрсөн хаврын их цаснаар зарим айл малаа хотноос гаргалгүй ганц хоёр өнжихөд өлссөн хонь ямаа хашааны холтос мэрж байсан. Тийм болохоор зудны сургамжийг малчид мартааагүй байгаа. Түрүүчийн цасны дохиогоор хөдөөгийнхөн маань ажлаа улам эрчимжүүллээ. Уулын толгойн цас харахад хүүхдүүдийг айлгадаг “Хадны мангаа” шиг санагдаж байсан гэхэд болно. Аймгийн урьдчилсан дүнгээр 77 оноо авсан. 85 байх учиртай. Дутуу зүйлээ чадах ядахаараа хийнэ. Аймгийн удирдлагууд ч үүрэг чиглэл өгсөн. Гол нь малчид, ард иргэд маань энэ өвлийг зутралгүйхэн давчих юм сан хүсэл бодол дүүрэн байгаа.

-Сая өвс тэжээлийн талаар нэлээд ярилаа. Бусад бэлтгэл хэр вэ?

-Сумын хэмжээнд бод богийн нийт 550 гаруй хашаа байранд мал сүргээ өвөлжүүлж хаваржуулна. 24 хашаа шинээр барьсан. Нэлээн хашаа байрыг засан сэлбэлээ. Ойр зуурын шавж бөглөх ажлыг өвөлжөөндөө буугаад хийнэ. Сумын хэмжээний малчид 286 хот айл, сууриар өвөлжинө. Өөрөөр хэлбэл бараг нийт айл өрх хоёр ээлжийн хашаа байр буюу өвөлжөө, хаваржаатай гэсэн үг. Энэ жил 42 худаг ашиглаж өвөлжихөөр бэлтгэл хангалаа. Нэг зүйл онцлон хэлэхэд хуучин гүн өрмийн худгийг сэргээн засварлах хөдөлгөөн өрнөсөн.

Тухайлбал, хоёрдугаар багийн Цагаан нуурт Ц.Эрдэнэсайхан, Ц.Батсайхан, гуравдугаар багийн Хөндлөнд Б.Нямдаваа гээд хэд хэдэн хүн 2-2,5 сая төгрөг зарцуулж энэ ажлыг хийлээ. Ингэснээр зөвхөн өөрсдөө төдийгүй нутаг нугынхаа айл өрхийн хүн малын усан хангамжид сайхан боломж олгосон. Эрүүл мал цас, жаврын ая даах чадвар сайтай байдгийг сайн мэдэх малчид мал эмнэлгийн угаалга, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ихээхэн анхаарсан. Намрын шинэ ургасан хужир хамж авцгаалаа. Ер нь ядарсан малд өгч идүүлж болох бүхнийг л цуглуулж нөөцөлж байгаа. Сумын төвийн малтай айлууд гэхэд улиас хайлаасны навчийг шуудайлан авч байна.

-Өнгөрсөн өвөл хавар Сайхан, мөн танай сум хамгийн олон мал хорогдуулсан. Зэргэлдээх зарим сум тэр хэмжээнд хүргэлгүй ажилласан байхад тийм олноор хорогдуулсан явдал намартаа айрагдаж налайсны илэрхийлэл гэж зарим хүн ярьж байсан?

-Буянт малынхаа амтат идээг муу хэлээд яахав. Манай нутагт жилийн жилд намуун тогтуун өвөл хавар болдог. Хааяа цас шуурганы зах дайрдаг ч хүндрэл, хохирол бага байдаг болохоор айраг идээндээ биш гайгүй байх хэмээн назгайрсандаа л болсон хэрэг. Хангай дэлхий дахиад хатуурхах ч юм бил үү хэмээн өнөө жил манайхан шургуу ажилласан. Гэлээ ч зохих хэмжээнд хүрээгүй зүйл бий. Ойрын хугацаанд гүйцээнэ. Манай сумынхан өвлийг өнтэй давна гэсэн итгэлтэй байгаа.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж