Ким Ю На олимпийн аварга боллоо | News.MN

Ким Ю На олимпийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Ким Ю На олимпийн аварга боллоо

21 дэх удаагийн Өвлийн олимп Канадын Ванкувер хотноо 13 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр  /Ванкуверийн цагаар 25-ны орой/, Өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн уулын цанын хоёр төрлийн уралдаан, эмэгтэй хоккейн багуудын болон уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөл мөн цанын free style-ийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.

Уран гулгалт /эмэгтэй ганцаарчилсан/

Өвлийн олимпийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг нь яах аргагүй уран гулгалтын тэмцээн. Тэгвэл эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын тэмцээн хоёр өдөр үргэлжилж медалийн эзэд тодорсон. Богино болон чөлөөт үзүүлбэрийн гарааны дүнгээр 288,56 оноо авсан Өмнөд солонгосын тамирчин 19 настай Ким Ю На Олимпийн алтан медалийн эзэн боллоо. Тэр хоёр хоногийн өмнө эхний гараагаа амжилттай эхэлж өөрийн гүйцэтгэлээ гайхалтай чадварлаг хийн тэргүүлэгчдийн эгнээнд орсон бол өнөөдөр хоёр дахь гараандаа дээрх амжилтаа бататган ийнхүү олимпийн аварга болж чадлаа. Ким Ю На-гийн авсан алтан медаль нь түүний эх орон Өмнөд Солонгосын хувьд Олимпоос авч байгаа долоо дахь алтан медаль. Харин өвлийн олимпийн мөнгөн медалийг 205,5 оноогоор Японы уран гулгагч Мао Асада, хүрэл медалийг Канадын уран гулгагч Жоанни Рокет авсан.

Цанын хоёр төрөлт /трамплины үсрэлт, 10 км-ийн зайн уралдаан/

Ванкуверийн олимпийн албан ёсны сайтын мэдээлж байгаагаар цанын хоёр төрөлтөд Америкийн тамирчид Олимпийн алт мөнгөн медалийг авчээ. Америкийн тамирчин Билл Дэмонг ганцаарчилсан уралдаанд хамгийн сайн үзүүлэлтийг харуулж алтан медаль авсан бол түүний нутаг нэгтэн Жонни Спиллейн мөнгөн медалийн эзэн болжээ. Олимпийн хүрэл медаль дээр Австрийн тамирчин Бернард Грубер буулаа. Дэмонг, Спиллейн нарыг барианд орж ирснээр Америкийн медалийн тоо 30-д хүрсэн.

Цана /free style/

Энэ өдөр Олимпийн бас нэгэн шинэ аваргыг төрүүлсэн улс бол Белорусс байлаа. Цанын энэ төрөл нь олон улсад эрчимтэй хөгжиж байгаа шинэ залуу спорт. Тэр ч утгаараа өрсөлдөөн тун ширүүн сонирхолтой болж Белоруссын тамирчин Алексей Гришин олимпийн алтан медаль авсан. Эхний гараан дээр тэр хоёрдугаар байранд байсан бол удаах гараанд амжилт нь ухарч дөрөвт орсон. Гэвч хоёр байрын нийлбэр дүнгээр 248,41 оноо авч олимпоос алтан медаль атгаж чадлаа. Түүний амжилт нь Белоруссын багийн хувьд анхны алтан медаль болох юм. Мөнгөн медалийг Америкийн Жерет Питерсен, харин хүрэл медалийг Хятадын Лю Чун цин нар тус тус авсан.

 Л.Золбаяр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Kim una-d 2010-02-26 202.179.10.22

very very very good beautiful girl

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж