МоАХ сонгуулийн хуульд анхаарал хандуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

МоАХ сонгуулийн хуульд анхаарал хандуулав

Ардчилсан намд МоАХ–ын фракц албан ёсоор бий болоод хэдхэн хонож байна. Тус фракц анхныхаа хэлэлцүүлгээр  УИХ–ын Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.  Тэд сонгууль ямар системээр явагдах нь зүйтэй вэ гэдэг сэдвээр ихэвчлэн санал солилцсон байна.  Мөн Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа Филлиппин, Бангладеш, Тайландад сонгууль хэрхэн явагддаг талаар мэдээлэл хийж одоогийн манай хэлэлцэж буй УИХ-ийн Сонгуулийн тухай хуульд зайлшгүй тусгах шаардлагатай хэд хэдэн үндэслэл байгаа гэж үзжээ.

Монгол Улсын газар нутаг том, нүүдлийн мал аж ахуйгаа дагасан хүн ам сийрэг суурьшмал зэргийг  харгалзан  үзэж, сонгуулийн тогтолцоог шийдэх хэрэгтэй гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдлээ. Мөн хүн амын нягтралыг харгалзаж үзсэн сонгуулийн тойрогт хуваах нь чухал юм байна. Тухайлбал, нийслэл хот 1,2 сая хүнтэй тул УИХ дахь төлөөллийг нэмж, одоо байгаа 20 суудлыг 35-аас доошгүй болгох нь зүйтэй гэж үзжээ. Байгалийн баялаг ихтэй улс орны хувьд сонгуулийн санхүүжилтээр дамжин ирэх мөнгөний асар их урсгалаас зайлсхийх, Сонгуулийн тухай хуулиар иргэдэд чиглэсэн сургалт семинар  тогтмол явуулах хэрэгтэй гэх мэт олон санал санаачилгууд хэлэлцүүлгийн үеэр яригдав. Мөн одоогийн хэлэлцэж байгаа хуулийн төсөл болон хэрэгжих механизмын талаар ярилцаж, санал тооллогоо цахим хэлбэрээр явуулах гэж байгааг талархан дэмжсэн байна. 

Б.Баясах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж