“Спөрс”-ийн ялалтын буухиа үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

“Спөрс”-ийн ялалтын буухиа үргэлжилсээр

NBA-д ганц хожигдолтой нэг л баг үлдээд байна. Тэр нь их гурвалыг буулгаж авсан, Крис Полоор удирдуулсан “Нью-Орлеан Хорнетс” бус Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобили нараар тэргүүлүүлсэн “Сан Антонио Спөрс” баг юм.

Өнөөдөр тэд улирлын 14 дэх тоглолтоо “Миннесота Тимбервулвес” багийн талбайд хийсэн. Тоглолтын эхнээс талбайдаа тоглож байгаа залуу “Чононууд”  итгэлтэй тоглолтыг үзүүлж, эхний үеийг 33:18 гэсэн онооны давамгайлалтай дуусгасан юм. Гэсэн ч ахмад туршлагатай “Спөрс”-чүүд бууж өгөхийг хүсээгүй. Хэдийгээр талбайн эздийн Кэвин Лав 32 оноо, 22 самбар, Бизли 11 оноо, 9 самбар, Миличич 22 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийсэн ч рүүки тоглогч Вэс Жонсонгоос нь өөр тоглогч хоёр оронтой оноо аваагүй юм..

Нэмэлт цаг цунгасан ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын дөрөвдүгээр үед Аргентин лигионер Жинобили тус тоглолтод авсан 26 онооныхоо 14-г нь авсан юм. Мөн Паркэр 18, Жэффэрсон 19 оноо авч, үүргээ гүйцэтгэсэн бол, Данкан 13 самбараар багийнхнаа манлайлжээ. Дөрөвдүгээр үе эхэлсэн цагаас л “Спөрс”-ийнхний довтолгоо ээлж дараалан байндаа тусч байсан бөгөөд тоглолтын үндсэн цагт багууд 106:106-аар тэнцсэн юм. Улмаар нэмэлт цагт ахмадууд буурь заан өрсөлдөгчөөсөө дөрвөн оноо илүү авснаар энэ улирлын 13 дахь, дараалсан 12 ялалтаа байгуулжээ.

Улирлын хоёр дахь тоглолтоо “Нью-Орлеан Хорнетс”-тэй хийж, хожигдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл ганц ч тоглолтонд хожигдсонгүй. Мөн Техас мужийн баг “Миннесота Тимбервулвес”-тэй хийсэн сүүлийн 13 тоглолтдоо бүгдэд нь илүүрхжээ.

“Сан Антонио Спөрс” түүхэндээ дөрвөн удаа аварга болж байсан бөгөөд 1999, 2003, 2005, 2007 онуудад лигийн багуудыг манлайлж байжээ. Энэ жил хэний ч таамаглаагүй “Спөрс”-чүүд тав дахь аваргын цом, бөгжөө хүртчих юм биш биз?

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж