
Ц.Дашдорж гэхээр баргийн хүн таньдаггүй. Арга ч үгүй биз. Телевизийнхэн тоож дүрсийг нь авахгүй, зурагчид тоож патиарыг нь татахгүй, сэтгүүлчид ядаж тоож тодруулга ч авахгүй болохоор арга ч үгүй биз. Зарим нэгэн сүйхээтэй гишүүд “Сурвалжлагч нар аа, би үг хэлэх гэж байна шүү, миний дүрсийг аваарай” гэж зарлаж байгаад ч болов өөрийгөө рекламдчихдаг шүү дээ. Элдэв фракци хөдөлгөөнд хамаарагддаггүй, элдэв хуулийн төсөл энэ тэрд ч саналаа нэмэрлэдэггүй, нэг тиймэрхүү мануухай шиг юм сууж л байдаг. УИХ-ын 76 гишүүний талаар энд тэндээс мэдээлэл хайхад амархан л даа. Харин Ц.Дашдорж гэдэг гишүүний талаар бол юу ч хайгаад нэмэргүй. Юу ч байхгүй. Юу ч хийдэггүй юм чинь юу л байв гэж. Их хуралд сонгогдсоноосоо хойш сэм сэмхэн гадаад томилолтод явчихдгийг нь л аз гэдэггүй юм бол даанч нэг гялайж гялтайх юмгүй нөхөр юм билээ.
Ирэх оны төсөвт Говь-Алтайд хэдэн ажил хийхээр хөрөнгө тусгуулах санал гаргажээ, Говь-Алтайн хоёр гишүүн. Нийтдээ 39 ажилд хөрөнгө тусгуулахаар болсон байна лээ. Тэр ажлынх нь жагсаалтын хамгийн сүүлд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг, тоног төхөөрөмж суурилуулахад 80 сая төгрөг хэрэгтэй байна гэж. Мөн их ажил сэдсэн байгаа биз. Жагсаалтынх нь дээгүүр цэцэрлэгийн тоглоом, Засаг даргын тамгын газрын байрны засвар гэхчлэн “шал хэрэггүй” юмнууд орсон байгаа юм. Гэтэл өнөөдөр Говь-Алтайнхны хамгийн их сэтгэл зовоосон асуудал нь ус. Цэвэр усны хомсдолд орж байгаа энэ нутгийнхан шар өвчинд нэрвэгдэх шахаж байна. Орон нутгийн удирдлагуудаас өөр санаа зовох ёстой хүмүүс нь тойргоос нь сонгогдсон гишүүн байх ёстой. Гэтэл тиймгүй бололтой.
Улстөрчид ёстой орондоо ч орох завгүй, буруу зөвгүй бурж, будилж, хэрэлдэж, уралцаж байна. Уг нь ийм л байх ёстой. Амьдрал буцалж байгаа нь энэ л дээ. Гэтэл буцалж байгаа амьдрал дотор бөхөж байгаа зул шиг Ц.Дашдорж шиг ганц нэг хүмүүс байх юм аа. Байх юмаа ч гэж дээ, байлгаад байх юм аа. Говь-Алтайчууд ч түүнийг хорхойтой араандаа зууж байгаа гэнэ лээ шүү.
Б.ОЮУ.
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.