Төсвийн төсөл “Голланд өвчин”-ий вирус тээж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Төсвийн төсөл “Голланд өвчин”-ий вирус тээж байна

Манай улсын төр засгийн удирдлагууд уул уурхайн бая­лаг­таа хэт бардаж, өнгөрсөн ал­даанаасаа сургамж авахыг хүсэхгүй байгаа бололтой. Энэ нь УИХ-д өргөн барьсан ирэх оны төсвийн төслөөс тод харагдав. Үүнийг Монгол­банкнаас эхлээд олон улсын байгууллагууд ч хүр­тэл шүүмжилж байна. Ирэх оны төсвийн төсөлд зардлыг ихээхэн нэмэгдүүлж тооцсоноос төсвийн алдагдал ДНБ-ий 8.6 хувьд хүрч огцом өсчээ. Хэрэв төсөв энэ хэвээр батлагдвал инфляцийн дарамт өндөр хэмжээнд хүрэхийг Дэл­хийн банкнаас анхааруулж байна. Нөгөөтэйгүүр, саяхан баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заа­сан макро эдийн засгийн тогт­вортой байдлыг хангах, инфляцийг тогтоон барих зэрэг зарчимтай зөрчилдөж байгааг мөн дурьджээ. Уг нь дээрх хуулийг уул уурхайгаас орж ирсэн баялагаас хуримтлал үүсгэж эдийн засгийг олон тулгууртай болгох, хямрал үүслээ гэхэд хуримтлалаа ашиг­лах зорилгоор баталсан юм сан.  Түүнчлэн, төсөв энэ хэвээр батлагдвал 2011 оны эцэст инфляц одоогийн түвшин дээр 15 хувиар нэмэгдэх тооцоо гарч байгаа аж. Ингэснээр 25 хувь хүрнэ гэсэн үг. Энэ нь тараасан бэлэн мөнгөний ач тусыг багасгаж, тусламж дэмжлэг хамгийн хэрэгтэй эмзэг бүлгийнхэнд хүнд тусах аж.

Үүний зэрэгцээ төгрөгийн ханшийн чангаралт олон улсын зах зээлд гаргах боломжтой салбарын өрсөлдөх чадварыг сулруулахаар байна. Үүнд, манай улсын хөдөө аж ахуйн салбар хамгийн их нэрвэгдэх магадлалтай юм.  Төсвийн алдагдлыг санхүү­жүүлэх асуудал бэрхшээлтэй тулгарахаар байна. Одоогийн төлөвлөсөн байдлаас ха­рахад төсвийн алдагдлыг хэд хэдэн эх үүсвэрээс санхүү­жүү­лэхээр тооцжээ.

Эхнийх нь Таван­тол­гойн гэрээнээс ДНБ-ий 5.6 хувь­тай тэнцэх хэмжээний (442.5 тэрбум төгрөг) урьдчилгаа авахаар тооцсон байна. Гэтэл Тавантолгой зэрэг томоохон төслийн хэлэлцээрт орохдоо их хэмжээний урьдчилгаа шаардах нь Засгийн газрын хэлэл­цээр явуулах эрхийг буу­руулж, тохиролцоонд хүрэх хугацааг хойшлуулах эрсдэлтэй байна. Нэг үгээр хэлбэл, нөгөө тал үлэмж хэмжээний урьдчилгааны оронд өөрт ашигтай хариу болзол тулгах нь дамжиггүй юм. Цаашилбал Засгийн газар Тавантолгойгоос төлөвлөсөн урьдчилгаагаа авч чадахгүйд хүрвэл олон улсын зах зээл дээрээс зээл авахаас өөр аргагүй. Гэтэл Европын бүсэд үүссэн бэрхшээлтэй холбоотойгоор олон улсын зах зээлээс зээл босгох амаргүй байх бололтой. Нөгөөтэйгүүр, хоёр Солонгосын дунд үүсээд байгаа асуудал эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тааварлахад бэрх байна.

Дараагийн санхүүжилтийн эх үүсвэр нь энэ онд байгуулагдаж 2011 оноос ажиллаж эхлэх ёстой Төсвийн тогтворжуулалтын сангаас ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэх (164.6 тэрбум төгрөг) хөрөнгийг ашиглахаар төлөвлөсөн байна. Тэгвэл тус санд төвлөрсөн хөрөнгийг тэр дор нь зарцуулах бус харин гарцаагүй уналтын үед ашиглахаар хуримтлуулах учиртай. Тэгэхээр уг сангийн мөнгийг үндсэн зорилгоос нь өөрөөр зарцуулах болчихоод байгаа юм.

Эцэст нь ДНБ-ий 1.3 хувь­тай тэнцэх хэмжээний (98.4 тэрбум төгрөг) орлогыг өмч хувьчлалаас, түүний дотор Төрийн банкны хувьчлалаас цуг­луулахаар төлөвлөжээ. Энэ нь Засгийн газрыг Төрийн банкийг ирэх жил заавал хувьчил гэсэн шахаанд оруулж байна.

Ирэх оны төсвийн урсгал зардлыг 30 хувиар нэмэгдүүлсэн байна. Энэ дундаас цалин хөлсний зардал энэ онтой харьцуулахад 22, шилжүүлгийн зардал бараг 50 хувиар өссөн дүн гарчээ. Ингэснээр 2011 онд шилжүүлгийн зардал төсвийн нийт зарлагын 40 орчим хувь буюу ДНБ-ий 21.4 хувьд хүрэх аж. Эрдэс баялгийн орлогоос Хүний хөгжил санд хуваарилдаг хөрөнгийг хоёр дахин нэмж 805 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлснээс шилжүүлгийн зардал ийнхүү өсч байгаа аж. Ерөнхийд нь дүгнэж бичихэд төсвийг энэ хэвээр баталвал Монгол Улс “Голланд өвчин”-өөр халдварлах бүх боломж бүрдүүлэх аж.

Г.БАТЗОРИГ.

Зохиогчийн эрх: “Нийгмийн толь” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж