ҮЗХ-ны өмнөх тоглолт буюу АХХ-ны задрал

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны өмнөх тоглолт буюу АХХ-ны задрал

“Бид эхний ээлжинд намынхаа мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулж, “Монгол хүн-2020” хөгжлийн бодлогоо батлах хэрэгтэй байна. “Монгол хүн-2020” эдийн засгийн цогц бодлого үнэхээр сайн болжээ. Тэгэхээр батлах хэрэгтэй. Түүнээс гадна намын дунд, доод шатны байгууллагуудад асуудал их байна. Сонгуульд ялагдсан ч, ялсан ч хамаагүй өчнөөн олон жил тухайн шатныхаа намын дарга хийгээд л явж байдаг. Бүр 8-9 жил намын даргад суусан нөхдүүд ч байна шүү дээ. Намын анхан, дунд шатны иймэрхүү асуудлуудыг дүрмэндээ өөрчлөлт оруулж засах хэрэгтэй. Энэ мэт асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Түүнээс биш хэн Ардчилсан намын дарга байх вэ гэдэг асуудал бол 1000 эсвэл 2000 дахь ээлжинд яригдах асуудал…”

Энэ үгийг Ардчилсан намын ҮЗХ-ны хурал хаалттай үргэлжилж, тодорхой асуудлуудаар санал хураалт явагдах үеэр З.Энхболд гишүүн хэлжээ. Харин дараа нь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мөн ижил утгатай үгийг хэлсэн байна. Ч.Сайханбилэг ч яах вэ, угаасаа хамтарсан Засгийн талд байгаа нөхдүүдийн нэг. Гэтэл “Би намын дарга болоод, намаа хамтарсан Засгаас салгаж, Ардчилсан намын үнэ  цэнийг аварна” хэмээн сүржин мэдэгдэж асан З.Энхболд гишүүнийг ийм “бялдууч” үг хэлсэнд хэн хүнгүй гайхсан сурагтай. Зүгээр нэг намын удирдлагадаа хандсан “гоё” үг хэлээд зогсолгүй, өөрт нь итгэж, өөрийг нь дэмжиж явсан С.Эрдэнэ гишүүнийг хатгаад амждаг байна шүү. Түүнд нь бухимдсан С.Эрдэнэ юу ч хэлэхгүй тайзны ар талд муухай царайлаад сууж байсан гэнэ. Тиймдээ ч даваа гарагт болсон намын бүлгийн хуралдааны үеэр аргагүй “тэсэрсэн” биз.

ҮЗХ-ны гишүүдийн хувьд, намын дарга эсвэл ээлжит бус их хурлын асуудал дэмжигдэхгүй нь тодорхой болмогц З.Энхболд нэг л их намдаа хайртай хүн болж байна гэх дүгнэлт хийсэн гэж байна. Гэхдээ З.Энхболдын үйлдлийн ар талд илүү том зүйл, том ашиг сонирхол яваа гэх “бор шувуу” ч нисч явна. Тэр бүх тохироонуудыг З.Энхболд ҮЗХ-ны хурал яригдахаас өмнө хийж амжсан бололтой. Одоогоор нисч яваа “бор шувуу”-нуудын хэлснээр бол З.Энхболдыг дуугүй болгосон хүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эсвэл ЗТБХБ-ын сайд Х.Баттулга гэх. Ирэх сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулбал, сайдын суудал амласан гэх ч яриа байна аа. Үнэн эсэхийг нь мэдэхгүй. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ардчилсан хүчний холбооны тэргүүн З.Энхболдыг хэн хүнгүй аливаа асуудалд шударгаар хандаж, хэлэх гэсэн үгээ хэнд ч хэлчихдэг нэгэн гэдэг. Гэтэл түүний амыг хэн барьж чадав аа гэх асуулт анхаарал татаж байна. Ардчилсан нам хамтарсан Засгаас гарах уу, үгүй юу гэх асуудал ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын амнаас шалтгаалж байгаа гэх яриа ҮЗХ-ны хурал болохоос өмнө дуулдаж байсан. Харин Х.Баттулга сайдын хувьд төмөр замын бодлого, Шинэ бүтээн байгуулалтын үндэсний хөтөлбөр гээд томоохон ажлуудыг салбартаа хийсэн болохоор тийм ч амар замын дундаас буцахгүй гэсэн бололтой. Тэгэхээр хамтарсан Засгийн асуудал Х.Баттулга сайдын хүссэнээр болж, “стандарт бус” засаг элэг бүтэн үлдсэн бололтой. Эсвэл Ардчилсан намын ард чимээгүй сууж байгаа гэгддэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нөлөө байж ч магадгүй юм. Гэхдээ Ц.Элбэгдорж ч бай, Х.Баттулга ч тэр З.Энхболдын амыг тийм ч амар хаачихгүй биз. Томоохон албан тушаал амлав уу, эсвэл…

Эсвэл Ц.Элбэгдорж ч биш, Х.Баттулга ч биш. Зүгээр л З.Энхболдын улс төрийн тоглолт яваад өнгөрчихөв үү. Намын дүрмээр бол ҮЗХ-ны хурлаар даргын асуудал яригдах боломжгүй. Үүнийг З.Энхболд мэдээгүй биш мэдэж байсан. Мэдсээр байж, зориуд “би намын дарга болно” гэж ярьсан нь яах аргагүй олны анхаарлын төвд орох гэсэн л зорилго байж таарах нь. Энэ зорилгодоо Ардчилсан хүчний холбооны гишүүнчлэлд байдаг С.Эрдэнэ, Г.Баярсайхан тэргүүтэй нөхдийг урвуулж чадсан. Харин эцсийн үр дүнд З.Энхболд намдаа хайртай хүн болж харагдаад, С.Эрдэнэ намын дайсан болчих шиг боллоо. З.Энхболд гэх хүнийг аливаа юманд үнэхээр ул суурьтай, нухацтай ханддагийг нь гайхдаг. Тэгвэл энэ удаагийн ҮЗХ-ны хурлын өмнөх үйл явдлуудын өрнөлийг ч тэрбээр маш нарийн төлөвлөсөн бололтой. Гэхдээ өөртөө итгэж, чин сэтгэлээрээ дэмжиж, аливаа асуудалд ”бамбай” болж явсан С.Эрдэнийг “өшиглөх” хэрэг байсан юм болов уу даа, З.Энхболдод.

Л.Энхдэлгэр.

Зохиогчийн эрх:
“Монголын мэдээ” сонин. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж