
Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд “Юуны өмнө дэлхийн халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэн төрийн одон медалиар шагнагдсан энхийг сахиулагчдадаа баяр хүргэе! Монголын төр өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, эх орныхоо даалгаврыг мадаггүй биелүүлсэн эрэлхэг хөвгүүддээ Улс тунхагласны 86 жилийн ойн баярын мэндийг хүргэе. НҮБ-ын мандатын дор монгол цэрэг сүүлийн долоон жил энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож ирсэн бөгөөд Африк тивд энхийг сахиулах ажиллагаа ерөнхийдөө дуусч байгаа. Тиймээс энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг алдаршуулах зорилгоор “Африкт энхийн төлөө” дурсгалын медалыг Батлан хамгаалах яамнаас гаргасан. Анхны медалын дээжийг та бүхэндээ гардуулан өглөө.
Хэдхэн хоногийн өмнө Португаль улсын Лессабон хотод Нато-гийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн хамт оролцсон. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч, ХБНГУ-ын канцлер болон дэлхийн бусад улс орны удирдагч нар бидэнд баяр хүргэж байсан. Учир нь Монгол Улсын зэвсэгт хүчин болон цэргийн бие бүрэлдэхүүн олон улсын энхийг сахиулах үйл ажиллгаанд амжилттай оролцож байгад онцгойлон баяр хүргэсэнийг та бүхэндээ дуулгахдаа баяртай байна” гэлээ.
Шагнал гардуулах ёслолын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Л.Болд “Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Африкийн Чад улсад энхийг сахиулах анхны багт үүрэг гүйцэтгэсэн хурандаа Онцгойбаяр Бригадын генерал цолоор шагнажээ. Мөн Ерөнхий цэргийн зөвлөлийн командлагч хурандаа Сүхбат, хурандаа Давааням нарыг бригадын генерал цолоор шагнасан” гэж мэдэгдлээ.