Б.Наранбаатар: Буруугаа хүнтэй хуваалцахыг хүсэхгүй байна, хэн барилдсан би л барилдсан шүү дээ

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар: Буруугаа хүнтэй хуваалцахыг хүсэхгүй байна, хэн барилдсан би л барилдсан шүү дээ

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар Бээжингийн олимпийн наадмаас хойш хэвлэлд анх удаа ярилцлага өглөө.

Баяраагийн Наранбаатар. Бээжингийн олимпийн наадмын найдваруудын нэг тэр байлаа. Афины олимпиос хойш бөхийн чөлөөт барилдааны 55 кг-ын жингийн бүхий л шилдэг бөхчүүдийг тив, дэлхийн дэвжээнд цэвэр ялж, Бээжинд жингийнхээ аварга болох нь тодорхой гэгдэж байсан түүний ялагдлыг олон хүн хүндээр тусгаж авсан. Зарим нь уйлж, зарим нь уучилж, ихэнх нь зэмлэж угтсан Бээжингийн олимпийн тухай ярих түүнд хэцүү байсан байж магадгүй. Гэсэн ч дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын аваргын хүрэл медальт, Оюутны “Универсиад” наадмын аварга, Оюутны дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар “Ардын эрх” сонины уншигчидтай уулзуулах хүсэлтийг маань зөвшөөрч, манай редакцид зочиллоо.

Сугалаа гайгүй таарсан, ер нь санаанд багтаж байсан



-Олимпийн дараа тамирчдын зарим нь найр наадмын ёслол ихтэй байх шиг байна. Зарим нь ч чимээгүй байхыг илүүд үзэж байгаа бололтой. Ямар ч байсан өөрийг чинь Якутск яваад ирлээ гэж сонссон?

-Тэглээ. Якутскийн бөхийн холбооноос тэнд зохион байгуулж байгаа олон улсын тэмцээнд ирж оролцооч гэж хүсэлт тавьсны дагуу очоод ирлээ. Олимпийн дараа яаж бас зүгээр суух вэ. /инээв/. Хүрэл медальтай ирсэн. ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркинийн нэрэмжит тэмцээн л дээ. Түрүүлсэн бөхчүүдийг 3000 еврогоор шагнаж байна. Шагналын сан өндөртэй, гранпри тэмцээн. Якутскийн топ спорт нь чөлөөт бөх, тэр дундаа хөнгөн жинд илүү анхаарал тавьдаг. 55-д бол бүр айхтар анхаарал тавина. Тэндхийн бөхчүүд олимпийн өмнө манайд ирж, бэлтгэл хангагч хийж тусалсан болохоор урилгыг нь зөвшөөрөхгүй байх арга байсангүй. Ер нь тэд Монголын бөхчүүдэд их сайн л даа.

-Ойлгоно биз дээ. Шуудхан хэлэхэд би тантай олимпийн тухай ярилцах хүсэлтэй байгаа болохоор өөр асуултуудаас урьдчилаад энэ тал руу яриагаа чиглүүлье гэж бодож байна?

-Ойлгож байна.

-Чөлөөтийнхөн олимпийн наадам бараг дундаа орчихсон байхад Бээжин рүү ниссэн. Манайхан ялагдаад л байсан эхний өдрүүд, бас олимпийн аваргатай болж хөөрч, буцалсан тэр өдрүүдэд ч та нар эх орондоо, эндээ бүхнийг сонсоод байж байсан. Тэр үед хэдхэн хоногийн дараа олимпийн дэвжээнд гарах гэж байгаа таны сэтгэлзүй ямар байсан бэ?

-Хэдий сэтгэл санаагаа үймүүлэхгүй гэж телевиз харахгүй, сонин уншихгүй байлаа ч гэсэн олимпийн эргэн тойронд болж байгаа мэдээллийг сонсоно л доо. Чихээ таглачихаад суугаад байх биш, тийм ээ. Тэр үед сэтгэлзүйн хувьд хүссэн, хүсээгүй өөрчлөлт ордог. Хэцүү.., юу гэж хэлмээр юм бэ дээ. Энгийн хүмүүс шиг хөөрч догдолж болохгүй. Сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй. Ямар ч байсан бушуухан очоод, сайхан барилдмаар л санагдаад байсан. Яараад ч байх шиг….нэг тийм мэдрэмж төрж байсан /инээв/.

-Олимп эхэлчихээд талдаа орж байхад онгоцонд суугаад Бээжин явахад юм юм л бодогддог байх?

-Үсгийн дарааллын дагуу чөлөөт бөхийн тэмцээн яах аргагүй олимпийн дундуур болдог. Онгоцонд суугаад нисэхэд үү…Элдвийн юм бодоогүй ээ, барилдаанаа л бодож явсаар байгаад Бээжинд очсон.

-Барилдааны өмнөх өдөр нойр, хоолондоо дажгүй байсан уу?

-Уг нь гайгүй байсан чинь, яг барилдааны өмнөх өдөр нойр хүрдэггүй ээ. Хэсэг унтах гэж оролдоод болохгүй болохоор нь багшид хэлээд /Б.Баттулга/, хоёулаа гарч, хэсэг салхилаад, жаахан хоол идээд хэвтсэн чинь харин нам унтсан. Өглөө дуудуулж сэрсэн. Өглөө хүнээр дуудуулж сэрнэ гэдэг бол тэмцээний өмнө ховор л доо. Ихэвчлэн нойр муутай хонодог. Тэгээд л би бодож байсан юм, ийм сайхан амраад, сэтгэл санаа тайван байгаа юм чинь гайгүй барилдах нь дээ гэж.

-2007 оны дэлхийн аварга Весик Кудухов. Тэр хүн нэгэнтээ “Би Монголын Б.Наранбаатараас л эмээж байна. Бусдыг нь ялна гэдэгтээ итгэлтэй байгаа” гэж ярьж байсан таны хамгийн гол өрсөлдөгч. Бас тантай дэлхийн аварга цолны төлөө барилдаад үзчихсэн хамгийн сайн судлагч чинь. Сугалаа хатуу таарсан гэж бодож байгаа юу?

-Сугалаа хатуу биш ээ. Боломжийн таарсан. Үнэнийг хэлэхэд, эхний тойрогтоо В.Кудуховыг ялчихсан бол дараагийн барилдаанууд санаанд багтаж байсан. В.Кудуховыг ялна л гэж бодож байсан. Тэр намайг дэлхийн аваргаар ялж, аварга болсон ч дараа нь би нутагт нь болсон тэмцээнд 6:0-ээр хожиж байсан, эн тэнцүү л хүмүүс.

-Эхний тойргийн барилдаанд танд өгөх байсан оноо дэвжээний гадна гишгэсэн гэдэг утгаар В.Кудуховт очсон. Тэр оноо барилдаанд гол нөлөө үзүүлчих шиг болсон?

-Чөлөөт бөхийн дүрэм ойр ойрхон шинэчлэгдэж байна. Дүрмийн тиймэрхүү сонин асуудал байна л даа. Өөрийгөө өмөөрч байгаа юм шиг санагдах ч үнэндээ бол шүүгч нар Оросын талд байх нь байсан. Эхний тойргийн барилдаанд нэг оноо алдчихаар дараагийн тойргийн барилдаанд шууд нөлөөлсөн. Дотроо шатна. Сэтгэлзүйгээрээ шүүгчтэй барилдах шаардлага гарч байгаа юм шиг тэр хэдэн минутад олон юм бодогдоно. Бодогдохгүй байхын аргагүй. Бодож барилдахгүй бол ялагдана. Уг нь эхний тэр оноогоо авчихсан бол дараагийн тойрогт би биш В.Кудухов тийм байдалд орчих байсан байх. Гэхдээ яахав дээ, нэгэнт хожигдсон юм чинь, миний л буруу биз дээ. Би түүнийг хүлээн зөвшөөрнө. Харамсалтай л байгаа юм, уг нь дэвжээний гадна гишгэж, оноо алдаж байгаагүй юм даа.

-В.Кудухов цаашаа сайн барилдаад алтан медалийн төлөө өрсөлдсөн бол танд дагах барилдаанд гарах боломж байлаа. Тэр үед өрсөлдөгчөө дэмжээд л суудаг байх даа?

-Дэмжсэн /инээв/. Уг нь Б.Кудуховыг ялсан Японы тамирчин ялж болохоор л бөх. Надад хоёр, Д.Мансуровт гурав ялагдаж байсан юм. Яг үнэндээ өнгөрсөн олимпиос ганц айж байсан хүн гэвэл, миний хувьд Д.Мансуров л байсан. Зүүн өрөлттэй л дээ. Эвгүй. Дэлхийн хошой аварга, Азийн аварга, аймаар хүн шүү дээ. Сая хүрлийн төлөө барилдаанд В.Кудуховт ялагдсан.

-В.Кудуховтой барилдааны дараа дахиж таарсан уу. Тантай ямар хэмжээнд харьцдаг вэ?

-Нэг их сүрхий биш. Жаахан муухай харах талдаа /инээв/. Гэхдээ өнгөрсөн жил Иван Ярыгины тэмцээн үзээд сууж байхад харчихаад хүрч ирээд мэндэлж байсан. Тэгэхээр хүн бараг биш л дээ. Сайхан л санагдаж байсан. Оросын бөхчүүд ч ер нь том. Өөрсдийг нь ялж байж л тэднээр хүндлүүлэх байх. Тэрнээс нэг их тоохгүй шүү дээ.

Ялж ирчихээд ээждээ үнсүүлэх сайхан л даа…

-Олимп дууссанаас хойш бараг хоёр сар болох гэж байна. Тамирчдын хувьд мартъя гэж бодсон ч мартагдахгүй алдаа яах аргагүй олимпийнх байдаг байх. Сэтгэл нэг л дутуу оргиод?
-Сайхан боломж байсан. Гэхдээ цаг хугацаа гэж сонин зүйл байна шүү дээ. Эхний өдрүүдэд аймаар хэцүү байсан. Хүнтэй дугарах гэхээр дуу гарахгүй, хоол идэх гэхээр орохгүй. Дотор нэг том юм тээглээд. Гол нь ямар олон хүн надад итгэж байлаа, ямар олон хүн намайг дэмжиж байлаа гэсэн бодол толгойд эргэлдээд, өөртөө гомдоод байдаг юм билээ. Яахав, тэгээд цаг хугацаа тэр бараан үүлийг арилгаж л байна. Өөрөө өөртэйгөө дотроо жаахан “барилдлаа даа”, өнгөрсөн өдрүүдэд.

-Бээжингээс хэзээ ирсэн бэ. Сүүлийн ээлжийн тамирчид бөөнөөрөө ирэхэд та хамт байгаагүй?

-Түрүүлээд ирчихсэн. Манайхан наймдугаар сарын 25-нд ирэх байсан. Би 22-нд ирчихсэн. Хаалт ч үзээгүй.
-Яагаад.
-Би тэнд барилдах л гэж очсон. Барилдсан. Хүмүүс олимпийн хотхон сонирхоод юм уу, дэлгүүр хэсээд явдаг л даа. Би тэгж, тэнд байж чадахгүй байсан. Бушуухан л гэртээ харья гэж бодсон. Олимпийн уур амьсгал дунд байх хэцүү санагдаад.

-Асашёорюү таны барилдааныг үзэхээр тэр өдөр Бээжинд очсон байсан. Өөрөө Б.Наранбаатарыг үзэх гээд яарч ирлээ гэж ярьж байсан шүү дээ. Уулзсан уу?

-Уулзсан. Намайг барилддагийн орой Асашёорюү ирээд бид нар зөндөө удаан ярьж суусан. Их спортыг асар өндөр хэмжээнд ойлгож, хүндэлдэг хүн ш дээ, аварга. Би яахав ээ, их спорт бол агуу гэж даруухан зан гаргана /инээв/.

-Аварга юу гэж байв?

-“Одоо март, март…” гээд л нэг сайхан мөр алгадаж өгөөд баахан онигоо ярьж суусан. Сэтгэл санааг маань өөр зүйлд хандуулах гэж л тэгсэн байх даа. Ялагдчихаад, тэр хүнд сэтгэлзүйг их аварга хүнтэй хуваалцаж, тайвшрах сайхан байсан. Гэхдээ дараа нь нэг том даваа байсан.

-Ямар?

-Энд ирээд хүнтэй уулзмааргүй санагдаад…/инээв/. Гэм хийчихсэн хүн шиг. Нэгэн төрлийн гэм юм даа. Их хэцүү байсан. Хүн бүхэн яачив, юу болов гэж асууна. Хүний шархан дээр ирээд дараад, цохиод байвал өвдөнө дөө. Яг тэрэн шиг. Бүгд л болоод өнгөрсөн тэр хуудсыг эргүүлж сөхөхийг хүсдэг нь жаахан хэцүү байсан. Муу ээж маань миний өмнөөс бараг сэтгэл санаагаараа барилдчихдаг хүн байдаг юм. Ялж ирчихээд ээждээ үнсүүлэх сайхан л даа. Харин ялагдчихаад ээж, аавыгаа харах хэцүү санагдаад байдаг.

Би өөрийгөө их олон хүнийг гомдоосон юм байна л гэж бодсон

-Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар хоёр л чадна гэж итгэж, хүлээгээд, дэмжээд байсан хүмүүс өнөөдөр та нар руу үгээр чулуу нүүлгэж байна л даа. Интернетэд элдэв янзын таагүй сэтгэгдэл бичих юм. Та үүнийг мэдэрч л байгаа байх. Юу гэж бодогдож байгаа бол?
-Тэдний зөв байх аа. Уншсан. Интернетэд үлдээсэн сэтгэгдлүүдийг. Намайг уншаасай, хараасай гэж бичсэн байх. Хүмүүс ч бас шууд хэлж байна. Шүүмжилж байна. Зөв л дөө, хүмүүсийн. Би түрүүн хэлсэн дээ, миний л буруу гэж. Тийм болохоор би олон хүнээс уучлалт гуйх ёстой. Хэн гарч барилдсан, Б.Наранбаатар барилдсан. Хэн хожигдсон би хожигдсон. Хүн их сонин. Магтаалд амархан идүүлдэг байх. Тэр нь хүнийг эвддэг талтай байж магадгүй. Тийм болохоор бусдын талаар зоригтой хэлж байгаа, шударга шүүмжлэлд би гомддоггүй. Гэхдээ харааж, зүхэх бол өөр хэрэг л дээ. Өнөөдөр тэр хүмүүс яагаад миний төлөө бухимдаж, миний барилдааны төлөө сэтгэл санаагаа зориулж байгаа юм бэ. Намайг дэмждэг, надад итгэдэг болоод л тэр. Үгүй бол тэр хүмүүст Б.Наранбаатар ялна уу, ялагдана уу ямар ч хамаа байхгүй. Тамирчин хүнд угаасаа ялалт, ялагдал гэсэн хоёр л зам байдаг. Аль нэг замаар нь хүссэн, хүсээгүй алхдаг. Тийм л үеийг би саяын олимпиор туулаад ирлээ. Хүмүүс муу хэллээ л гэж байна. Гэхдээ тэр дунд үнэн сэтгэлээсээ дэмжээд байгаа нэг тийм сэтгэл харагдаад байдаг юм. “Ээ, Нараа чи ёстой новш юм аа…” гээд биччихсэн хүн миний ялагдлын өмнөөс ширээ цохиод босч ирсэн бол намайг хаа нэгтэйгээс түшиж байсан сайхан сэтгэл байж таараа. Би харин тийм шүүмжлэл, намайг буруутгаж байгаа үгэнд гомдохгүй ээ. Ялгаж, салгана. Тэгээд ч шүүмжлэл сонсох ганц спортод ч биш амьдралд сургаж байгаа л нэг хэлбэр. Олон хүнээс сайн, муу үг сонсч явна гэдэг хувь заяа. Бүгдийг нь сонсоод, хараад, бодож тунгаагаад өнгөрөх хэрэгтэй. Хүн надад сайн ч, муу ч үг хэлэхгүй бол аймаар байна биз дээ. Сонирхуулж ярихад гэх үү, энэ асуулттай холбогдуулж хэлэхэд гэх юм уу, өнгөрсөн жил дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэний дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр бид нартай уулзсан юм. Тэгсэн Ерөнхийлөгч “За баяр хүргэе. Дэлхийн аваргаас медаль авна гэдэг бол том амжилт гээд л магтаж байснаа, үнэнийг хэлэхэд, Нараа чи зургаахан минут тэсчихсэн бол дэлхийн аварга болох байлаа ш дээ. Алийн болгон монголчууд мөнгө, хүрэл медаль авах юм бэ” гээд баахан шүүмжилсэн. Тэр надад их юм бодогдуулсан. Нээрэн л би хичээсэн бол болох байсан. Юу хэлэх гээд байна гэхээр, хүн өөрийгөө голж байх хэрэгтэй. Мөнгөн медаль биш алтын төлөө дандаа зорих хэрэгтэй. Ерөнхийлөгчийг тэгж хэлсний дараа Орос руу дэлхийн шигшээгийн тэмцээнд явахдаа “Заавал Б.Кудуховыг ялна даа” гэж бодож явсан. Тэгээд давуу ялсан. Жүдогийн холбооны Тулгаа ах руу /УИХ-ын гишүүн, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга/ би саяхан мессеж бичлээ. Спортод үнэхээр том хөрөнгө оруулалт хийж байгаа хүн шүү дээ. Би их хүндэлдэг юм. Тэгсэн түүн рүү “Тулга ах аа, уучлаарай. Дүү нь олимпод тааруу барилдлаа” гэж бичээд явуулсан чинь “Тийм. Чи маш муу барилдсан” гэж хариу ирүүлсэн. Тэр чинь их юм бодогдуулна биз… Тэр мессежийг нь яагаад ч юм устгахгүй, дахин дахин гаргаж уншмаар санагдаад байдаг юм.

-Та тэгэхээр өөрийг чинь муулаад байгаа хүмүүст баярлалаа гэж хэлэх гээд байна аа даа?

-Намайг хүмүүс муу хэлжээ, надад муу болж гэж харагдахаасаа илүү олон хүн миний өмнөөс харамссан юм байна гэж би ойлгосон. Тэндээс би өөрийгөө ийм олон хүнийг гомдоосон юм байна л гэж бодсон. Дэлхийн аваргаас медаль аваад ирэхэд хүмүүс ямар их баярлаж байлаа. Яг тэгж баярлуулна даа л гэж одоо бодож байна. Нэг ийм үг байдаг даа. “Давсан хүн хүчтэй, гэхдээ унасан нь бүр илүү хүчтэй болдог” гэж. Хичээж барилдана аа.

-Чөлөөт бөхийн холбоо муу ажиллалаа, чөлөөтийн дасгалжуулагч нар муу байна гэдэг ч юм уу, ерөнхийдөө чөлөөт бөх уналтад орлоо гэсэн ойлголт хүмүүсийн дунд төрчихөөд байх шиг байна. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Би тэр холбоо, дасгалжуулагч нарт буруу өгөхийг хүсэхгүй байна. Хэн дэвжээн дээр гарч барилдсан тэр хүнээс л бүх зүйл шалтгаална. Алдсан бол алдаагаа, өөрийнхөө ойлгох ёстой хариуцлагаа бусадтай хуваалцахыг хүсэхгүй байна. Харин амжилт гаргасан бол олон хүнтэй хуваалцана шүү.

-Гэхдээ л тамирчин хүний амжилт дасгалжуулагч, холбоо, шигшээ баг, бэлтгэл хангагчаас шууд шалтгаалах нь мэдээж биз дээ. Өнөө итгэж найдаад байдаг чөлөөт бөхийн төрлөөс нь олимпийн медальтан гарахгүй удаад байхаар ямар нэгэн буруутан хайх нь хүмүүсийн зөв байх гэж бодож байна. Алдаагаа засч байж, дараагийн олимпод бэлтгэнэ шүү дээ?
-Тэр буруутай гэж хэлж мэдэхгүй байна. Эмч хүн хүний хувь заяаг шийддэг дээ. Буруу оношловол тэр хүний амь насаар тоглоод л өнгөрдөг. Түүн шиг дасгалжуулагч хүн буруу ажиллавал эрүүл хүнийг эрэмдэг болгоно. Тэр, энэ гэж хэлэхийг хүсэхгүй байна. Би олон сайхан багш нарын буянд өдий зэрэгтэй яваа. Гэхдээ нэг бодож явдаг бодол бол байна. Өнөөдөр дэлхийн хэмжээний амжилт гаргах тамирчинтай байхын тулд аль ч спортын төрлийн дасгалжуулагч өөрийгөө хамгийн түрүүнд хөгжүүлэх хэрэгтэй. Маш өндөр хэмжээнд бэлтгэгдсэн дасгалжуулагч нар л чухал. Спорт хөгжүүлэх гол бодлого тийшээ чиглэгдэж байх хэрэгтэй байх гэж боддог. Хүмүүс яагаад дандаа чөлөөт бөхийн тухай яриад байна гэхээр манайхан чөлөөт бөхөд дэндүү хайртайгийнх. Жүдо, буудлага, боксоор дэлхийн аварга юм уу, Азийн аваргаас медальгүй ирвэл нэг их шүүмжлээд байдаггүй. Тэгсэн хэрнээ чөлөөт бөхийнхнийг хоосон ирвэл “Яагаад ингэв” гээд л шуугиад эхэлдэг. Тэгэхээр манайхан илүү сонирхдог, итгэдэг болохоор анхаарлаа илүү хандуулдаг байх.

-Олимпийн медаль авсан тамирчдад маань гадна, дотноос манай нэр дээр барилдаач ээ гэсэн санал ирээд л байгаа бололтой. Цалин, хангамж гэж мэдээж айхтар л юм хэлдэг юм шиг байна. Танд тийм санал ирж байсан уу?

-Туркээс ирж байсан. Мэдээж, зөвшөөрөөгүй.

-Тэгвэл одоо тийм санал ирвэл…

-Тэгж асуувал “Би айргаа ууж, тааваараа жаргаж, Монголдоо амьдармаар байна” л гэж хэлнэ. Ямар ч эргэлзээгүйгээр. Мөнгөөр бүхнийг хэмжиж яагаад ч болохгүй. Бидний бэлтгэгдэж байгаа орчин, амьдарч байгаа нөхцөл гээд зовлон тоочоод байх юм бол их зүйл байна л даа. Чамлалттай санагдах зөндөө проблем байна. Өнөөдөр дэлхийн аваргын медальтай, бид нарын хэмжээний бөхчүүд яаж амьдарч байна гэдгийг тамирчид гадарлаж л байгаа. Орост очоод харахад л мэднэ. Тэд сайхан амьдардаг. Дутагдах зүйл юу ч байхгүй. Гэхдээ л би Монголд л амьдрах гэж төрсөн монгол хүн шүү дээ. Улс орон маань хөгжиж байна, тэр дунд бүхнийг амсаад, хэцүүг нь туулаад, сайхныг нь магтаад амьдарч л байна. Тэр л хамгийн сайхан. Өөр улсад очоод би хэн ч биш шүү дээ. Зүгээр л тамирчин. Олимп, дэлхийн аварга ч юм уу, медаль авч болно. Гэхдээ үргэлж хүрээлж байдаг монгол хүний сайхан сэтгэл, үргэлж хайрлаж байдаг тэр олон хүний зүрх сэтгэлийн аль нь ч хамт байхгүй…/хэсэг чимээгүй болов/. Би монгол хүн гэж огшдог тэр сайхан омогшил байхгүй. Медалийн тавцан дээр зогсч байхад би өөрөөрөө биш “Би монгол хүн шүү дээ” гэж цаанаасаа л нэг ирмэг омогшил төрдөг. Тийм мэдрэмж монголдоо амьдарч, монголоороо амьсгалж байхад л төрөх байх…Мэдэхгүй ээ, ямар ч байсан би энэ талаар бодохыг хүсдэггүй. Боддог ч үгүй. Ер нь тэгээд, монгол хүн, ялангуяа Монгол эр хүн өөр улсын иргэн болоод явна гэхээр ерөөсөө санаанд багтдаггүй юм /инээв/. Монгол эр хүмүүсийг би их сайхан хүмүүс гэж боддог юм ш дээ. Нэг л тийм өөр, ноён нуруутай, хүчирхэг, ухаалаг.

-Та өөрөөрөө бахархдаг уу. Дэлхийн сая сая хүнээс шигшигдэж ирсэн хүчирхэг эрчүүдийг ялж, дийлж явсныг чинь мэдэх олон сайхан эрчүүд таниар бахархдаг шүү дээ?

-Би өөрөөрөө бахархдаг гэж хэлж болохгүй байх. Хувь заяандаа баярлаж явалгүй яахав. Их хувь заяа гэж би амьдралдаа мөргөж явдаг. Тамирчныхаа хувьд олимпиос бусад бүх тэмцээнд амжилт гаргалаа. Эргээд харахад, оролцож үзээгүй, медаль аваагүй тэмцээн үлдээгүй байна. Дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль авлаа. “Дэлхийн цом”-ын хүрэл, Оюутны дэлхийн аваргын алт, чөлөөт бөхийн чансааг тодорхойлох Данколов, Тахтын цом, Дейв Шульц, Германы гранпри, Буриадын Ерөнхийлөгчийн цом гэсэн таван том гранприд аварга боллоо. Энэ миний гэхээсээ илүү нэг Монгол эр хүний бахархал гэж бодож байна даа. Монгол эр хүний…

-Дахиад бас олон тэмцээн хүлээж байна шүү дээ?

-Тэмцээн байгаа байгаа. Өвдгөндөө бэртэлтэй байгаа. Гайгүй бол арваннэгдүгээр сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд барилдана. FILA-гаас ач холбогдол өгч байгаа, гадны том бөхчүүд ч гэсэн ирэх сонирхолтой байгаа эх орондоо болох тэмцээнд орохгүй бол болохгүй. Өвдөг харин яах нь уу, шөрмөс нь суначихсан.

-Одоо бэлтгэлээ хийж байгаа юу?

-Бага, сагаар хийж байгаа. Олимпийн өмнө байнгын бэлтгэлтэй байгаад сурчихсан чинь дараа нь гэртээ сууж чадахаа байчихдаг юм шиг байна. Таван цагийн бэлтгэлд явахдаа нэг цагт гэрээсээ гарч байна гээд бод доо /инээв/. Тийм л болчихдог юм байна. Сүүлийн гурван жилийн турш нэг жилийн дөрвөн сард нь гэртээ байсан, бусад найман сард нь дандаа бэлтгэл сургуулилт, цугларалт гэж явсан байна лээ.

-Ирэх жил дэлхийн аварга болно?

-Тэгэлгүй яахав.Афины олимпийн дараа дөрвөн жил гэдэг урт хугацаа юм шиг бодогдож байсан ч хурдан л өнгөрчихсөн байсан. Ирэх жил Дэлхийн аваргад өрсөлдөнө. Нэг бүстэй болчих юмсан гэсэн бодол байгаа. Дэлхийн аваргад түрүүлбэл, аваргын бүс өгдөг юм /инээв/. Тэгээд бэлтгэлээ хийгээд явж байтал дараагийн олимп дөхчих байх даа л гэж бодох юм байна ш дээ. “Би залуу байна, миний амжилт бүр залуу байна” гэж үг байдаг даа. Тэр үгийг одоо хэлэхэд ч нэг их оройтохгүй байх аа. Тэгж л бодож байна.
Сая олимпод оролцход маань олон хүн дэмжиж байсан. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна.  "Баянгол" зочид буудалд байрладаг "Монголын нэг өдөр" рестораныхан гэхэд дөрвөн жилийн турш хоол унданд маань санаа тавьж, тусалж байлаа. Манай хамт олон болох Цагдаагийн ерөнхий газар, Эргүүл хамгаалалтын албаныхандаа үргэлж баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

Б.БАДАМГАРАВ /2008.10.20/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж