Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдлээ

Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган, зарим хүнийг төрийн дээд цол, одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төмөр замын салбарт зүтгүүрийн депогийн ачигч, засварчин, илчит тэрэгний туслах болон машинчаар тасралтгүй 35 жил хөдөлмөрлөж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай ханган 1.1 сая км зам туулж, гарамгай амжилт гарган эх орныхоо бахархал, гавъяат үйлсийн эзэн болсон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын илчит тэрэгний машинч Намсрайжавын Алтантогост Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр шагналаа.

Мөн Ховд аймгийн хөгжимт драмын театрын зөвлөх найруулагч Дагвын Гомбосүрэнд Монгол Улсын Ардын жүжигчин цол, Улсын клиникийн төв эмнэлгийн цөмийн онош зүйн тасгийн эрхлэгч Пэлжээгийн Онхуудайд Ардын эмч цол тус тус хүртээв.

Мөн Монгол Улсын Хүний гавъяат эмч цолоор ГСС-ын үндэсний төвийн зөвлөх эмч Омбогийн Батсүх, Ховд аймгийн Жаргалант сумын нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн зөвлөх эмч Самбуугийн Цэвээнсүрэн нарын дөрвөн хүнийг,

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цолоор БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн  захирал Буддоржийн Даш-Яндагийг,

Монгол Улсын Гавъяат барилгачин цолоор "Нийслэл өргөө” ХХК-ийн зөвлөх инженер Дамдинсүрэнгийн Жамъяныг,

Монгол Улсын Гавъяат эдийн засагч цолоор Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Балбарын Мэдрээг,

Монгол Улсын Гавъяат багш цолоор УИХ-ын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхорол, МУИС-ийн ФЭС-ийн зөвлөх профессор Дашнямын Дамбасүрэн, ЭМШУИС-ийн  доктор профессор Ичинхорлоогийн Пүрэвдорж, Орхон аймгийн Орхон цогцолбор сургуулийн зөвлөх багш Лхагважавын Төмөрчөдөр нарын долоон хүнийг,

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор МАОЭХ-ны гүйцэтгэх захирал Хуягийн Ганбаатар нарын хоёр хүнийг,

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын радиогийн нэвтрүүлэгч Гаваагийн Отгон, Монголын уламжлалын академийн тэргүүн Лувсандамбын Дашням, Чөлөөт уран бүтээлч Лувсангийн Пүрэвдорж нарын дөрвөн хүнийг,

Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор СУИС-ийн уран сайхны зөвлөлийн дарга Тогтохын Сэр-Одыг,

Монгол Улсын Гавъяат уурхайчин цолоор Орхон аймгийн “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулах фабрикийн ерөнхий эрчим зүйч Дамбын Цагаачийг, Монгол Улсын Гавъяат тээвэрчин цолоор Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн аж ахуйн албаны ерөнхий инженер Лочингийн Ганбаатарыг,

Монгол Улсын Гавъяат хуульч цолоор МУИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессор Ишийн Дашням, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Сандагийн Нямжав нарыг тус тус шагналаа.
 
Мөн “Үнэн” сонины гэрэл зургийн сурвалжлагч Ноосонборын Бөхдамбий, “Чингис хаан” зочид буудлын хими угаалга хариуцсан инженер Лэгдэвийн Жавзан нарын дөрвөн хүнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон,

“Сансар кабелийн” телевизийн хөгжмийн сувгийн захирал Балчинжавын Ангирмаа, Гоцлол төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг, Нийслэлийн ерөнхий боловсролын 57-р сургуулийн багш Бат-Очирын Оюунцэцэг  нарын зургаан хүнд Алтан гадас одон тус тус гардуулж, баяр хүргэв.
 
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та бүхэнд улс тунхагласны 86 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол Улс яавал хөгжих вэ гэж бид бие биенээсээ асууцгаадаг. Хүн бүр дор бүрнээ ажлаа сайн хийж чадвал улс орон түргэн хөгжинө гэж би боддог. Та нар бол өөр өөрсдийн ажлаа сайн хийж ирсэн монгол түмнийхээ бахархал болсон хүмүүс юм. Улс тунхагласныхаа баяраар Монгол төрийн дээд шагнал хүртсэн Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Та нар маань эх орныхоо өнцөг булан бүрт өөрийн бүтээлч хөдөлмөрөөрөө хэдийнэ хүмүүсийн танил болсон, түмний хүндлэл, бишрэлийг хүлээсэн, хамт олон, нутаг усандаа зон олныхоо үлгэр дууриал, манлайлал хэмээн өргөмжлөгдсөн нэр хүндтэй, бас бахархам хүмүүс билээ.
 
Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Н.Алтантогос гэхэд 35 жил төмөр замд ачигч, засварчин, машинчаар ажиллахдаа 25 жилд нь нэг сая 122 мянган км зам туулсан нь галт тэрэгтэйгээ дэлхийг 21 удаа тойрсонтой дүйцэхүйц амжилт юм.

Ардын эмч Онхуудайгуай 37 жил иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө бүхий л хичээл зүтгэлээ зориулж эмч хүний тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн эгэл даруу эрдэмтэн хүн юм. Мөн Ардын жүжигчин цол хүртсэн Дагвын Гомбосүрэн гуай соёл урлагийн салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө үндэсний соёл, язгуур урлагийн арвин их өв уламжлалыг хамгаалан хөгжүүлж, дэлхийн болон сонгодог урлагийг орон нутгийн үзэгчдэд хүргэсэн гавьяатай хүн билээ.
 
Гавьяат багш цол хүртсэн Д.Дамбасүрэн гуай 47 жил хөдөлмөрлөхдөө Монгол Улсын Их Сургуульд багшаас зөвлөх профессор болтлоо 30 гаруй жил ажиллаж, олон мянган мэргэжилтэн бэлтгэсэн эрхэм хүн байна.
 
Хуулийн салбарт олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулсан ахмад хуульч И.Дашням гуай Анхны Үндсэн хууль батлагдсан өдрийн баяраар, энэ мөчид гавьяат хуульч цол хүртэж байгаа нь үнэхээр бэлэг дэмбэрэлтэй үйл явдал юм. Шинэ ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан, зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдоржгуай, Монголын Уламжлалын Академийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэгэнтээ нэр дэвшиж олны хүндэтгэлийг хүлээж явсан нэртэй эрдэмтэн Л.Дашням  нар  өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.
 
Гадаадад Монголынхоо хөгжмийн урлагийн хөгжлийг гялалзтал харуулж дэлхийн сонгодогуудтай мөр зэрэгцэн амжилт гаргаж яваа С.Саянцэцэг ч эрхэм хүндтэй шагналын эзэн боллоо.
 
Өнөөдөр энэ танхимд Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч, барилга, тээвэр, холбоо харилцаа гээд бүхий л салбарын шилдгүүдийн төлөөлөл болсон, ажил үйлсээ гарамгай гүйцэтгэсэн та бүхэн төрийнхөө дээд цол, одон медалийг хүртэж байгааг дурдахад баяртай байна. Энэ шагнал бол зөвхөн Та бүхнийг төдийгүй ийм амжилтад хүрэх урам зоригийг тань дэмжиж ирсэн гэр бүл, хамт олныг тань бас үнэлж буй хэрэг юм. Та бүхэнд дахин баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж