Чойбалсангийн хөшөөг 100 саяар хүрэлдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Чойбалсангийн хөшөөг 100 саяар хүрэлдэнэ

Урьд хөршид жанжин Сүхбаатарын хөшөөг хүрэл болгох ажлыг манай найман уран бүтээлч хийж байгаа. Үүнээс гадна тус хөшөөтэй хамт маршал Х.Чойбалсангийн хөшөөг мөн хүрэл болгож байгаа юм байна. Энэ талаар Засгийн газрын төлөөлөгч Т.Гантөмөрөөс тодруулсан юм.

-Сүхбаатарын хөшөөтэй хамт Х.Чойбалсангийн хөшөөг хүрэл болгож байгаа гэсэн. Энэ талаар?

-Маршал Чойбалсангийн хөшөөг хүрэлдэх болон доод суурийг  чулуу болгох ажлыг Засгийн газрын тогтоолын дагуу гүйцэтгэж байгаа. Хүрэл болгох ажлыг Сүхбаатарын хөшөөг хүрэл болгож байгаа манай найман уран бүтээлч гардан хийж байна.

-Хүрэл болгосон хөшөөг хаана байрлуулах вэ?

-МУИС-ийн өмнө эх баримал нь байгаа. Тэнд нь л яг суурин дээр нь байрлуулах юм. Бид өнгөрсөн есдүгээр сард хөшөөний хэвийг авсан. Одоо хөшөө ямар байгаа билээ. Яг түүнтэй адилхан хөшөөг  хүрлээр цутгаж хийж байгаа.

-Тэгвэл хуучин хөшөөг хаана байрлууха юм бэ?

-Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу хамгаалтандаа авна. Энэ хөшөө хотын өмч учраас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу хаана байрлуулахаа шийдэх юм.

-Хөшөө хэзээ ирэх вэ. Одоо ажил ямар шатандаа явж байна вэ?

-Ирэх сарын сүүлээр ирнэ. Өчигдөр Чойбалсангийн хөшөөг хүрэлдээд дуусч байна гэсэн. Доод суурийн чулууг олборлоод боловсруулах шатандаа явж байгаа талаар уран бүтээлчид мэдээлсэн.

-Сүхбаатарын хөшөөтэй хамт ирэх юм уу?

-Тийм ээ. Хөшөө иж бүрнээрээ ирэхээр эхлээд ажиллгаа ихтэйгээр нь Сүхбаатарын хөшөөг байрлуулна. Дараа нь тэдгээр уран бүтээлчид Чойбалсангийн хөшөөг байрлуулах юм.

-Сүхбаатарын хөшөөг хоёрдугаар сарын 20-нд хүлээлгэн өгнө. Харин нөгөө хөшөөг хэзээ бэлэн болгох вэ?

-Энэ хоёр хөшөөг зэрэг улсын комиссд хүлээлгэн өгөх юм. Яахав жаахан ажллагаа ихтэй болохоор эхлээд Сүхбаатарын хөшөөгөө байрлуулна. Ер нь бол уран бүтээлчид нэг хөшөөний ажлаа бүрэн дуусгаад нөгөө хөшөөний ажлыг хийх юм. 

-Хөрөнгө мөнгийг нь хэрхэн хуваарилсан юм бэ?

-Сүхбаатар, Чойбалсангийн хөшөөг нийт 900 сая төгрөгөөр хүрэл болгож байгаа. Чойбалсангийн хөшөөнд 100 сая үлдсэн хөрөнгөөр Сүхбаатарын хөшөөг хүрэл болгож байна. Үүнээс өмнө 2008 онд Засгийн газрын тогтоол гарч Сүхбаатарын хөшөөг БНСУ-д хүрэл болгох гэж байсан юм. Зөвхөн хөшөөг хүрэл болгох ажилд 1.5 сая ам.доллар шаардагдана гэсэн санал цаад талаас ирсэн. Тиймээс манай тал их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж чадахгүй гэдгээ хэлсэн юм билээ. Харин одоо бол түүнээс хэд дахин бага мөнгөөр хоёр хөшөөг хүрэл болгож байгаа.

Э.Пагмадулам.

Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж