Солонгос дахь иргэддээ санаа тавьж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Солонгос дахь иргэддээ санаа тавьж байна

БНАСАУ болон БНСУ-ын хоорондын зэвсэгт мөргөлдөөн БНСУ-ын далайн баруун эрэг орчмын Енпен арал дээр болсонтой холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам тус арал дээр ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн талаарх мэдээллийг БНСУ дахь Монголын Элчин сайдын яамтай холбогдон тодорхой мэдээллүүдийг авч байгаа гэж мэдээллээ.

Енпен арал дээр Гадаадад ажиллах хүч илгээх төвөөр зуучлуулан загас агнуурын салбарт ажиллахаар явсан Монгол улсын иргэн, гэрээт ажилчин Гүнгэржавын Зоригтбаатар /1980.02.26/, Эрдэнийн Улаанбаатар /1978.09.04/ нар амьдарч байгаа ажээ.

НХХЯ-аас Г.Зоригтбаатар, Э.Улаанбаатар нарын гэр бүлийнхэнтэй холбогдож зэвсэгт мөргөлдөөнд өртөөгүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа талаар мэдэгдсэн байна.

Хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн болох үед тухайн арал дээр манай иргэд байгаагүй бөгөөд өөр бүс нутагт эрүүл энх ажил үүргээ гүйцэтгэж байгаа талаар Монгол Улсын НХХ-ийн сайдын хүсэлтийн дагуу Солонгосын Хөдөлмөрийн яамны харъяа Хүний Нөөцийн Хөгжлийн газраар дамжуулан албан ёсоор мэдээлэл ирүүллээ.

Одоо тус бүс нутагт харилцаа холбоо тасарсан байгаа тул эдгээр иргэдтэй шууд холбогдох боломжгүй байгаа ба Солонгост гарч буй сүүлийн үеийн мэдээгээр тус арлын байдал тогтворжиж байгаа гэж НХХЯ-наас мэдээллээ.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж