Ким Чен Ун уу, Ким Ир Сен үү

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун уу, Ким Ир Сен үү

Цөмийн нууц байгууламж илчлэгдэж, Ёнпён арал руу их буугаар гал нээсэн хэргийн эзэн Умард Солонгосын дараагийн удирдагч хэ­мээн өргөмжлөгдөж байгаа Ким Чен Ирийн отгон хүү Ким Чен Ун олон улсын анхаарлын төвд ороод байна. БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрчдийн намын хурал энэ оны есдүгээр сарын сүүлчээр болсон. Энэ үеэр тус улсын шинэ удирдагчийг зар­лана гэх таамгийг олон улсын ажиглагчид дэвшүүлж байсан юм. Тодруулбал Ким Чен Ун эцгийнхээ суурийг авах магадлал өндөр байлаа. Гэхдээ Ким Чен Ир хүүгээ туршлага суулгахаар Хөдөлмөрчдийн намын төв хорооны гишүүнээр томилж, генерал цол олгож, Үндэсний бат­лан хамгаалах хорооны тэргүүн болгож, томоохон сэнтийд суулгав.  Шинэхэн томилгоо нь Ким Чен Уны хувьд их удирдагч болоход дөхсөн ээлжит алхам нь байлаа. Ким Чен Ун улс орныхоо удирдлагыг авахын тулд маш шаргуу бэлтгэж байгаа нь тодорхой. Тэрбээр мэдлэг туршлагаас гадна гадаад байдалдаа нэлээд анхаарал хандуулж байгаа бололтой. Ким Чен Ун БНАСАУ-ыг байгуулсан Ким Ир Сен буюу өвөөтэйгөө ижилсэх хоббитой гэж болно. Түүний хуучны гэрэл зураг маш ховор ч сүүлийн үед авахуулсан гэрэл зураг цөөнгүй бий. Гэрэл зурагт харьцуулалт хийсэн ажиглагчид Ким Чен Уныг Ким Ир Сентэй дэндүү адилхан болж байгааг онцолсон аж. Тэдний мэдээлснээр Ким Чен Ун нүүрэндээ хэд хэдэн удаа мэс засал хийлгэж өвөөтэйгөө тун адилхан болжээ. Мөн 30 ч хүрээгүй залуу хүн гэхэд өвөөтэйгөө ижил үсний засалтаар гангардаг нь түүний гэрэл зургуудаас тодорхой хараг­ддаг. Хурал чуулган, албан ту­шаалтнуудын цугларалт дээр Ким Чен Ун өвөөгийнхөө өмсдөг байсантай яг ижил ногоон хослол өмсдөг нь түүний Ким Ир Сентэй  ижилсэх “хобби”-тойг ба­талж байгаа юм.

Т.ОТГОНБАТБАЯР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж