Хятадын индэкс өсч, ам.доллар чангарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хятадын индэкс өсч, ам.доллар чангарлаа

Өмнөд, Хойд Солонгосын баруун хил дээр уржигдар мөргөлдөөн гарч, хоёр орны цэргүүд харилцан гал нээсэн. Дэлхийн гуравдугаар дайн эхэлж, цөмийн зэвсгийн аюул нүүрлэх вий гэх ай­дас санхүүгийн зах зээ­лийг сандаргаж байна. Гео­­политикийн зөрчил, мөр­гөл­дөө­нөөс болж бир­жүү­дийн индекст нэлээд хэл­бэлзэл гарчээ. Өчигдөр өг­лөөний байдлаар Азийн индексүүд буурсан байна. Өмнөд Солонгосын MSCI индекс 5.4 хувиар багассан бол Уолл Стрит дэх хөрөнгө оруулагчдын айдсын үзүүлэлт 12.3 хувиар өсчээ. АНУ-ын “Dow Jones” 1.27, “Standard and Poor” 1.43, “Nastaq Composite” 1.46 хувиар тус тус буурав.

ӨМНӨД СОЛОНГОСЫН ХУВЬЦААНУУД БУУРАВ

“AFP” агентлагаас мэ­дээлснээр өчигдөр бир­жүү­дийн арилжаа хаагдах үед ч байдал дээрдсэнгүй. Японы хувьцаануудын үзүүлэлт 0.84 хувиар багасчээ. Токио­гийн Хөрөнгийн бирж дэх “Никкей” индекс 85.08 нэг­жээр буурсан байна. Японы хувьд Солонгосын хойгтой ойрхон байрладаг. Тиймээс хөрөнгө оруулагчид эрсдэлээс сэргийлж, Японы зах зээл рүү хандахаас болгоомжилж байгаа бололтой. Энэ талаар “Nikko Cordial Securities”-ийн шинжээч Хиройчи Ни­ши “Dow Jones Newswires”-т өгсөн ярилцлагадаа он­цолжээ. Гэхдээ Солонгосын хойгийн хурцадмал байдлаас үл хамаараад Японы эдийн засагт санаа зовох хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа.

Өсөн нэмэгдэж буй зах зээлтэй орнуудын хувьд мөн л тогтворгүй байна. “MSCI Emerging Markets Index” 2.1 хувиар багассан нь өнгөрсөн зургадугаар сараас хойшхи хамгийн их уналт болжээ.

Өмнөд Солонгосын “Kospi” индекс 0.2 хувиар доошилжээ Воны бусад голлох валютын сагстай харьцах ханш нь 0.4 хувиар буурсан байна. Нэг вон 1142.25 ам.доллартай тэнцэж, өнгөрсөн есдүгээр сараас хойшхи хамгийн бага түвшинд  хүрчээ. Өмнөд Солонгосын ихэнх компанийн хувьцааны индекс ерөнхийдөө унах хандлагатай байна. Сөүлийн “Korean Air Lines” компани хоёр, “LG”-ийн хувьцааны ханш 1.2 хувиар багасчээ. Ийн зах зээл нь тогтворгүй болж буйд санаа зовж байгаагаа Өмнөд Солонгосын Сангийн сайд өчигдөр мэдэгдсэн байна. Тэрбээр хэрэв хэрэг гарах юм бол шаардлагатай бүх зүйлийг хийх болно гэсэн юм. Харин “Moody” хөрөнгө оруулалтын газрын шинжээчид Өмнөд Солонгос бодлогын хүүгээ өөрчиллөө ч гэсэн санхүүгийн байдлын тогтвортой байдлыг хангаж чадахгүй гэж дүгнэжээ.

ШАНХАЙН ИНДЕКС ӨСЧЭЭ

Тайвань, Филиппин, Ин­донезийн гол гол индексүүд бүгд багассан бол харин Хятадын “Shanghai Composite” индекс 1.1 хувиар өсчээ. Уг индекс сүүлийн гурван өдөр тасралтгүй буурч байсан билээ. Тус улсын түүхий эд, металлын “Jiangxi Copper” компанийн хувьцаа 1.8, газрын тосны “PetroChina”-ийнх 0.7 хувиар тус тус чангарав. Шанхайн “Jingxi Investment Management”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан шинжээч Ван Женг “Хятадын Засгийн газар мөнгөний бодлогоо чангаруулж байгаа. Энэ нь эрсдэлийг бууруулж, зах зээлийг тогтворжуулж байна” хэмээн дүгнэжээ.
 

СОЛОНГОСЫН ХОЙГИЙН МӨРГӨЛДӨӨН ВАЛЮТ АРИЛЖААНД НӨЛӨӨЛӨВ

Хонконгт юанийн ам.дол­лартай харьцах ханш 0.1 ху­виар буурч, нэг юань 6.6449 ам.доллартай тэнцсэн байна. Ийнхүү Хятадын Ардын банк энэ он гарснаас хойш юанийн ханшийг 2.2 хувиар сулруулаад байгаа юм.

Дашрамд дурьдахад, өчиг­дөр Хятад, ОХУ хоёр хоо­рондын худалдаагаа ам.доллараар биш, өөрсдийн валютаар хийхээр болсон ту­хай “China Daily” мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, тун удахгүй олон улсын зах зээл дээр юанийг рублиэр хөрвүүлэх боломжтой болох юм. Энэ талаар ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин онцолсон байна. Ам.долларын хувьд мөн л өсөлт ажиглагдаж байна. Нью-Йоркт ам.долларын ин­декс өсчээ.

ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЯМРААХ ЗҮЙЛ ОЛОН БАЙНА

Түүхий эд, металлын ханш бас нэмэгдсэн байна. Лондонгийн Түүхий эдийн бирж дээр ирэх гурван сард нийлүүлэлтэд гарах зэсийн үнэ 1.8 хувиар ихэсчээ. Энд нэг тонн зэс 8140 ам.доллар болсон байна. Ийнхүү сүүлийн гурван өдөрт анх удаагаа өсөлт ажиглагдсан байна. Нью-Йоркийн Худалдааны бирж дээр нэг баррель газрын тос 81.77 ам.доллар болж, уржигдрынхаас 0.6 хувиар чангарав. Харин алтны үнийн хувьд харьцангуй өөрчлөлт багатай байв. Солонгосын хой­гийн асуудал хаашаа эр­гэхийг хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа бололтой хэ­мээн зарим шинжээч дүг­нэжээ. “Хоёр Солонгос дөн­гөж гал нээж эхлэх үед алтны арилжаа нэмэгдсэн. Гэхдээ өнөөд­рийн байдлаар (өчигдөр) харьцангуй тогтвор­той байна” гэдгийг Шанхайн “CIFCO”-ийн эдийн засагч Ли Нинг онцолжээ. Ямартай ч нэг унци алтны үнэ 1.5 ам.доллараар нэмэгдэж, 1374.7 ам.доллараар арил­жигдсан байна. АНУ-д ирэх саруудад худалдаанд га­рах алтны үнэ 0.2 хувиар буурч, нэг унци нь 1374.7 ам.доллар болжээ.

Сүүлийн өдрүүдэд Ирлан­дын өрийн хямрал эцэслэн шийдэгдэх эсэх нь эргэлзээ төрүүлсээр байгаа. Европын холбоо, Олон улсын валютын сангаас тус улсад санхүүгийн тусламж үзүүлэх асуудал эц­сийн байдлаар батлагдаагүй байгаа. Түүнчлэн Ирландаас гадна Португаль, Испани зэ­рэг орны гадаад өр, банк сан­хүүгийн тогтолцоон дахь хямрал даамжрах ханд­ла­га­тай байгаа нь хөрөнгө оруу­лагчдын санааг зовоож байна. Энэ бүхнээс болж Европын орнуудын хувьцааны ханш сүүлийн үед буурах ханд­лагатай байгаа. Дээр нь нэ­мээд Солонгосын хойгийн асуу­дал хөрөнгө оруулагчдыг сандаргаж байна. Хятад мөн­гөний бодлогоо хумихаар болсноо албан ёсоор мэдэгд­сэн. Дэлхийн түүхий эдийн эрэлтийг дангаараа шахуу бүр­дүүлж буй тус улсын хувьд инфляцитай тэмцэхийн тулд ингэхээс өөр аргагүй болсон гэдгийг Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао албан ёсоор зарласан юм. Энэ бүхнээс болж сүүлийн үед еврогийн ам.доллартай харьцах ханш нэлээд буурч байгаа билээ. Хамгийн сүүлд Германы Канцлер Ангела Меркел “Евро­гийн ханш нэлээд тогтворгүй болж байна” хэмээн дүгнэсэн. Үүнээс болж ханш нь бүр суларчээ.

Гэхдээ энэ дундаас Со­лонгосын хойгийн хурцадмал байдлаас болж санхүүгийн зах зээл тогтворгүй болж бай­гаа нь нэг их удахгүй, түр ху­гацааны асуудал хэмээн ажиглагчид үзэж байна. “JP Morgan”-ы шижээчид энэ талаар онцолжээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж