Спортын ордны нээлт ирэх сарын 2-нд болно

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Спортын ордны нээлт ирэх сарын 2-нд болно


БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Яармагийн дэнжид сүндэрлэсэн шинэ спортын ордны нээлт ирэх сарын 2-нд болно. Тус ордон нийт 5045 хүний суудалтай, тоглолт явуулах гол талбайн хэмжээ нь 2950 кв.метр хэмжээтэй, 260 кв.метр бэлтгэлийн хоёр жижиг заал болон нийт 134 өрөө тасалгаатай. Үүнд, албан тасалгааны болон аж ахуйн зориулалтаар ашиглах 32, нийтийн бие засах 35, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах болон хэвлэл мэдээллийн 30, тусгай зориулалт болон техникийн 37 өрөө багтаж байгаа юм.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны арванхоёрдугаар сарын 26, 2004 оны долдугаар сарын 5, 2005 оны тавдугаар сарын 24 болон 2005 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус тус гарын үсэг зурсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 онд БНХАУ-д айлчлах үедээ Улаанбаатар хотод Спортын ордон бариулах хүсэлтээ тавьсны дагуу энэ ажлыг хэрэгжүүлэх тохиролцсон юм.

Улмаар спортын ордны барилгын ажил гүйцэтгэгчээр Хятадын “Шанхайн барилгын ерөнхий групп” шалгарч, 2007 оны арванхоёрдугаар сарын 24-нд Монгол Улсын Сангийн яам, БТСГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. “Шанхайн барилгын ерөнхий групп” ХХК нь уг спортын ордонг 27 сарын хугацаанд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгагдсан бөгөөд энэхүү ордон нь БНХАУ-ын 111 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан юм. Барилгын ажил албан ёсоор 2008 оны зургадугаар сарын 20-ноос эхэлж, өдгөө Хятадын талаас шинэ спортын ордонг хэдийнэ хүлээн аваад байна.

Барилга угсралтын ажлыг явуулахад цахилгаан, цэвэр усны найдвартай эх үүсвэр, барилгын материал болон тоног төхөөрөмжийн харуул хамгаалалт, бүрэн бүтэн байдал, ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг бүрэн ханган хариуцах асуудал манай талын хүлээх үүрэгт тусгагдсан. Мөн 1400 метр агаарын болон далд өндөр хүчдэлийн кабелийг барилгын талбайгаас зөөж шилжүүлсэн байна. Түүнчлэн манай талаас барилгын зарим хийцийг өөрчлүүлэх, нэмж хийлгүүлэх хүсэлтийг Хятадын талд тавьж байсны дүнд гадна ханыг шавардаад шохойдох байсныг металь хавтангаар хийлгэх, хашааны дотор талын автомашины зам талбайг засуулах гэх мэт томоохон ажлуудыг нэмэгдлээр хийлгүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. Монголын талаас гүйцэтгэх ажлын хүрээнд, 2600 метр 10кВт-ын цахилгааны шугам, хуваарилах трансформаторын хоёр дэд өртөө, дизель станцын барилга, 1900 метр бохир усны гол магестраль шугам, 700 метр цэвэр усны шугам, барилга баригдах талбайн газар шороо болон хашааны ажил, автомашины зам, зогсоолын анхны нягтруулалтын ажлыг манай талаас хийж гүйцэтгэсэн байна.

Энэхүү шинэ спортын ордонг зөвхөн спортын уралдаан, тэмцээнээр зогсохгүй соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад зориулж, гэрэлтүүлэг болон акустикийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж