Евролигийн зургаа дахь долоо хоног

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Евролигийн зургаа дахь долоо хоног

Сагсан бөмбөгийн Европ тивийн хүчирхэг лиг болох Евролигийн зургаа дахь долоо хоногийн тоглолтууд өрнөж эхэллээ. Энэ шатанд 24 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг тус бүрээс дөрвөн баг дараагийн шатанд буюу шөвгийн 16-д шалгаран үлдэх юм.

Өчигдрийн эхний тоглолтыг С хэсгийн “Фенербахче Уолкер”, “Литову Руятс” багууд хоорондоо хийсэн. “Литову Руятс” багийн талбайд өрнөсөн тоглолтод хэсгийн тэргүүлэгчдийн нэг Туркийн баг 81:75 харьцаатай ялалт байгуулж, тав дахь ялалтаа байгууллаа. Тэднээс дөрвөн тоглогч нь 10-аас дээш оноо авч, жигд тоглолтыг үзүүлснээр багтаа хожил авчирлаа.

А хэсэгт Польшийн “Ассеко Проком” баг Оросын “Химки”-г хүлээн авчээ. Амжилт муутайхан яваа хоёр багийн тоглолтын эхний хагас 32:36 харьцаатай өндөрлөсөн. Улмаар гуравдугаар үед ч 48:48 харьцаатай эн тэнцүү өндөрлөсөн юм. Гэхдээ Ратко Вардагийн 14 оноо, Даниэль Эвингийн 13 оноо, Филип Виденовийн 12 оноо багтаа хожил авчирсан гэхэд болно. Үндсэн цагт 71:67 харьцаатай буюу дөрвөн онооны илүүтэй ялалт байгуулснаар “Ассеком” шинэ улирлын анхны хожлоо авлаа. Гэхдээ хоёр баг хэсгийн сүүл мушгисан хэвээр үлдэж байна.
С хэсэгт Италийн “Монтепаши Сиена” Францын “Шолет Баскет” багийн талбайд зочилсон. Ле Мейллерайе цэнгэлдэхэд явагдсан тоглолтонд зочин баг “Сиена” дараалсан хожлын цувралаа гурав болгохыг хичээж байсан юм. Улмаар эн тэнцүүхэн үргэлжилсэн тоглолтын дөрөвдүгээр үед 23 оноо авч, эсрэг багтаа 14 оноо алдсанаар 70:61 харьцаатай хожил байгууллаа. Ингэснээр “Монтепаши” “Фенербахче”-гийн адилаар таван хожилтой хэсгийг тэргүүлж байна.

D хэсэгт “Армани Жеанс Милан” баг 2-3 гэсэн амжилттайгаар Оросын “ЦСКА Москва”-г хүлээн авч тоглосон. Зочин баг эхлэлийг гайхалтай тавьж, 5:16 гэж эхлүүлсэн ч давуу байдлаа тэд хадгалж чадсангүй.  Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө итгэл дүүрэн тоглосон “Милано”-гийн Ибрахим Жаабер 18 оноог авч, шилдэг тоглолтыг үзүүлсэн бол түүнд Стефано Мансинелли 15 оноогоор тус болж. Ингээд тэд багийн нөхдийн хамтаар 71:65 харьцаатай ялалт байгуулан гурав дахь хожлоо авчээ. “ЦСКА харин ганцхан хожилтой хэвээр үлдэж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж