МАХН-ын түр штабыг шүүхэд өгөхийг үгүйсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

МАХН-ын түр штабыг шүүхэд өгөхийг үгүйсгэхгүй

Ардын намын удирдлагууд сэргээн авсан нэрээ дэл­хийн СоцИнтернд бүртгүүлээд ирс­нээ намын генсек У.Хүрэлсүх, Шадар сайд, нарийн бичгийн дар­га М.Энхболд, намын Удирдах зөв­лөлийн гишүүн Д.Сарангэрэл, нийс­лэлийн Ардын намын дарга Б.Мөнх­баатар, Сэлэнгэ аймгийн Ар­дын намын дарга Ж.Эрдэнэбат, намын гадаад харилцаа, хамтын ажил­лагааны хэлтсийн дарга Г.Тэнгэр нар өчигдөр албан ёсоор мэдээллээ. Парис хотноо болсон СоцИнтерний зөвлөлийн хуралд Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хү­рэлсүхээр ахлуулсан төлөөлөгчид явсан. Энэ үеэр дэл­хийн эдийн засаг, дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, улс төрийн на­мын маргаан, зөрчилдөөнийг эв зүйгээр хэрхэн зохицуулах талаар хэлэлцсэн аж. Дэлхийн 70 гаруй орны 90 гаруй улс төрийн намын тө­лөө­лөгчид уг хуралд оролцжээ. Ардын нам СоцИнтернд албан ёсоор бүртгүүлж, СоцИнтерний ерөн­хийлөгч, Грекийн Ерөнхий сайд Жорж Папандроу илтгэлдээ Ардын на­мыг бүртгэж авснаа мэдэгдсэн хэмээн намын генсек У.Хүрэлсүх хэл­лээ. Мөн тэрбээр түү­хэн, ач холбогдолтой үйл явдал хэмээв.

Ардын намын удирдлагуудын тол­гойг өвтгөөд байгаа нэг асуудал бол Ц.Шинэбаяр гишүүнээр ахлуулсан, МАХН нэрээ сэргээх хүсэлтэй хү­мүүс болоод байгаа. Тэд МАХН гэдэг нэрийг авч үлдэн цаашид ч үйл ажиллагаа явуулахын тулд ир­гэдийн санал бодлыг сонсон түр штаб хүртэл байгуулсан юм. Энэхүү түр шта­бын талаар болон тус намд болж буй үйл явдлын талаар намын генсек У.Хүрэлсүхээс хариулт авав.

-Танай нам дотоод, гадаадад хү­лээн зөвшөөрөгдлөө гэж ярьж бай­на. Харин дотроо зөрчилтөй бай­на. МАХН-ын түр штаб бай­гуул­чихлаа. Үүнд намын удирд­ла­гууд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол улсын ямар ч иргэн хуу­лийн дор захирагдах ёстой. Улс төрийн намын тухай хуульд тодор­хой заасан байгаа. Намын нэрийг өөрчилсөн тохиолдолд ашиглах, үр­гэлжүүлэн хэрэглэхийг хориглоно гэсэн байгаа. Тиймээс МАХН-ын түр штаб байгуулаад явж байгаа зарим нэг иргэн, гишүүн хууль зөрчиж байна гэсэн үг. Харин энэ хууль бус үйлдэлд манай намын ги­шүүд, дэмжигчид автаж болохгүй. Ардын намаас гаръя гээд өргөдлөө өгсөн хүн өнөөдөр байхгүй байна. Хэв­лэл мэдээллээр янз бүрийн мэ­дэг­дэл хийгээд байгаа манай на­мын гишүүн Ц.Шинэбаяр ч гарах өргөдлөө өгөөгүй.

-Ц.Шинэбаяр гишүүн Ардын намд  бүртгэлгүй учир гарах шаард­­лага байхгүй гэдгээ илэрхийлээд байгаа?

-Тийм зүйл байхгүй. Хэрэв гара­хаар бол албан ёсоор өргөдлөө өгөх ёстой. 
    
-Эдгээр хүмүүсийг хууль зөр­чиж байгаа гэлээ. Тэгэхээр намын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авах уу?

-Тэр хүмүүс хууль зөрчиж байгаа­гаа мэдэж байгаа. Харин энэ үйлдлээ өөрсдөө зогсоох болов уу гэж найдаж байна. Хэрвээ энэ чигээрээ байвал холбогдох байгууллагад хандаж шийд­вэр гаргуулж таарна. Намын Хянал­тын ерөнхий хороо гэсэн албан ёсны байгууллагад шалгуулж, шүү­хэд хандахыг үгүйсгэхгүй. Ер нь цөөн тооны хүмүүс л ийм зүйл ярьж байгаа. Бид өөрсдөө энэ үйл ажил­лагаагаа мэдээд болих байх гэсэн үүд­нээс харзнаж, хүлээцтэй хандаж байна.

Ирэх оны төсөв тооцоо сул, тэ­лэлттэй батлагдана гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Зарлага нь ихэдсэн төсөвт “Шинэ бүтээн байгуулалт”, “100 мянган айлын орон сууц” зэ­рэг томоохон хөрөнгө оруулалт шаард­сан хөтөлбөр багтаагүй. Тэгвэл тэд­гээр хөтөлбөрүүдийг хэрхэн ажил хэрэг болгох талаар УИХ-ын Төс­вийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
 
-“4000 мянган айлын орон сууц” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсний да­раа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хөтөлбөрийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаагүй юм биш үү?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дам­жуулна. Ингэж хэрэгжүүлэх болом­ж, дүр зураг ч харагдаж байгаа. “4000 мянган айлын орон сууц” шиг хэрэгжих боломж бий. Үүнээс гадна “Шинэ бүтээн байгуулалт” бо­лон өмнийн говийн дэд бүтцийг шийдэх “Их өсөлт” зэрэг томоохон хө­төлбөрүүд Хөгжлийн банкаар дам­жиж хэрэгжих учраас төсөвт тус­гагдахгүй.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр өмнөх хөтөлбөр шиг төрийн албан хаагчдад квот гар­гах уу?

-Энэ талаар одоохондоо яриагүй байна. Одоогоор ямар эх үүсвэрээс хэрэгжүүлэх талаар ярьж байгаа. Хөгжлийн банк, моргейж болон нийгмийн даатгалын сангаар дамжуулан хэрэгжүүлэх боломж бий. Энэ эх үүсвэрүүдийг төсөвт тусгах шаардлагагүй. Төсөв хэлэлцсэний дараа дээрх хуулийн зохицуулалтыг ярина.

-Ирэх оны төсвийн зарлага хэ­тэр­чихээд байхад “Монгол мал” хөтөлбөрт хөрөнгө оруулалт нэм­сэн нь ямар учиртай юм бэ?

-“Монгол мал” хөтөлбөрт хоёр тэрбум төгрөг тусгасан байсан. Үүн дээр УИХ-ын хэлэлцүүлгийн явцад 27 тэрбум төгрөг нэмсэн. Уул уурхайн баялгаар орж ирэх орлогыг бүтээмж болгоход аялал жуулчлал, мал аж ахуйн салбарт зориулах ёстой. Дээрх хоёр салбарт бүтээмж бий болгож дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бий. Малаа эрүүлжүүлээд мах, арьс ширийг нь экспортлоход дэлхийн зах зээлд гарах боломж бий.

-Төсвийн алдагдал 9.8 хувьд хүрнэ гэж ярьж байна. Гэтэл та­ван хувиас хэтэрвэл олон улсын бай­гууллагаас зээл олгох зэрэг үзүү­лэлтэд сөргөөр нөлөөлөх юм биш үү?

-Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал татдаг гурван гол үзүүлэл­тийн нэг нь төсвийн алдагдал. Төс­вийн алдагдал өндөр байна гэ­дэг нь татвар өснө гэсэн дохиог өг­дөг. Гэхдээ ма­най улсад эдийн зас­гийн бүтээн байгуулалт явагдаж бай­на. Түүнийг дагасан бүтээн бай­гуулалтыг дагаж алдагдал өсч бай­гаа. Үүнийг хөрөнгө оруулагчид ойл­­гоно. Тиймээс сөрөг үр дагавар бага.

-Тэгвэл алдагдлаа яаж нөхөх юм бэ?

-Янз бүрийн эх үүсвэр байж болно. Дэлхий “Монголд эдийн засгийн боломж байна” гэж харсан үед мөнгө босгох бололцоотой гэсэн үг. Бонд гаргаж болно, урьдчилгаа авч болно, үнэт цаас дэлхийн зах зээлд гаргаж болно.

-Гэнэтийн ашгийн татвараас орох орлогыг өсөн нэмэгдэх роял­ти­гийн төлбөрөөс нөхөх хуулийн төсөл яригдаж байгаа. Ийм боломж бий юу?

-Гэнэтийн ашгийн татвар байсан бол 500 гаруй тэрбум төгрөг орох боломж байсан. Өсөн нэмэгдэх роялтигийн төлбөрөөс 207 тэрбум төгрөг орж ирнэ.

-Төсвийн байнгын хорооны дар­гын хувьд ирэх оны төсөвт ямар дүгнэлт өгөх вэ?

-Орлогыг тултал нэмэгдүүлсэн, нөөцөө шавхсан төсөв орж ирлээ. Зард­лыг механикаар хасах бололцоо алга.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж