Том хөтөлбөрүүдийн хөрөнгийг тусгаагүй

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Том хөтөлбөрүүдийн хөрөнгийг тусгаагүй

Ирэх оны төсөв тооцоо сул, тэ­лэлттэй батлагдана гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Зарлага нь ихэдсэн төсөвт “Шинэ бүтээн байгуулалт”, “100 мянган айлын орон сууц” зэ­рэг томоохон хөрөнгө оруулалт шаард­сан хөтөлбөр багтаагүй. Тэгвэл тэд­гээр хөтөлбөрүүдийг хэрхэн ажил хэрэг болгох талаар УИХ-ын Төс­вийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
 
-“4000 мянган айлын орон сууц” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсний да­раа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хөтөлбөрийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаагүй юм биш үү?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дам­жуулна. Ингэж хэрэгжүүлэх болом­ж, дүр зураг ч харагдаж байгаа. “4000 мянган айлын орон сууц” шиг хэрэгжих боломж бий. Үүнээс гадна “Шинэ бүтээн байгуулалт” бо­лон өмнийн говийн дэд бүтцийг шийдэх “Их өсөлт” зэрэг томоохон хө­төлбөрүүд Хөгжлийн банкаар дам­жиж хэрэгжих учраас төсөвт тус­гагдахгүй.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр өмнөх хөтөлбөр шиг төрийн албан хаагчдад квот гар­гах уу?

-Энэ талаар одоохондоо яриагүй байна. Одоогоор ямар эх үүсвэрээс хэрэгжүүлэх талаар ярьж байгаа. Хөгжлийн банк, моргейж болон нийгмийн даатгалын сангаар дамжуулан хэрэгжүүлэх боломж бий. Энэ эх үүсвэрүүдийг төсөвт тусгах шаардлагагүй. Төсөв хэлэлцсэний дараа дээрх хуулийн зохицуулалтыг ярина.

-Ирэх оны төсвийн зарлага хэ­тэр­чихээд байхад “Монгол мал” хөтөлбөрт хөрөнгө оруулалт нэм­сэн нь ямар учиртай юм бэ?

-“Монгол мал” хөтөлбөрт хоёр тэрбум төгрөг тусгасан байсан. Үүн дээр УИХ-ын хэлэлцүүлгийн явцад 27 тэрбум төгрөг нэмсэн. Уул уурхайн баялгаар орж ирэх орлогыг бүтээмж болгоход аялал жуулчлал, мал аж ахуйн салбарт зориулах ёстой. Дээрх хоёр салбарт бүтээмж бий болгож дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бий. Малаа эрүүлжүүлээд мах, арьс ширийг нь экспортлоход дэлхийн зах зээлд гарах боломж бий.

-Төсвийн алдагдал 9.8 хувьд хүрнэ гэж ярьж байна. Гэтэл та­ван хувиас хэтэрвэл олон улсын бай­гууллагаас зээл олгох зэрэг үзүү­лэлтэд сөргөөр нөлөөлөх юм биш үү?

-Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал татдаг гурван гол үзүүлэл­тийн нэг нь төсвийн алдагдал. Төс­вийн алдагдал өндөр байна гэ­дэг нь татвар өснө гэсэн дохиог өг­дөг. Гэхдээ ма­най улсад эдийн зас­гийн бүтээн байгуулалт явагдаж бай­на. Түүнийг дагасан бүтээн бай­гуулалтыг дагаж алдагдал өсч бай­гаа. Үүнийг хөрөнгө оруулагчид ойл­­гоно. Тиймээс сөрөг үр дагавар бага.

-Тэгвэл алдагдлаа яаж нөхөх юм бэ?

-Янз бүрийн эх үүсвэр байж болно. Дэлхий “Монголд эдийн засгийн боломж байна” гэж харсан үед мөнгө босгох бололцоотой гэсэн үг. Бонд гаргаж болно, урьдчилгаа авч болно, үнэт цаас дэлхийн зах зээлд гаргаж болно.

-Гэнэтийн ашгийн татвараас орох орлогыг өсөн нэмэгдэх роял­ти­гийн төлбөрөөс нөхөх хуулийн төсөл яригдаж байгаа. Ийм боломж бий юу?

-Гэнэтийн ашгийн татвар байсан бол 500 гаруй тэрбум төгрөг орох боломж байсан. Өсөн нэмэгдэх роялтигийн төлбөрөөс 207 тэрбум төгрөг орж ирнэ.

-Төсвийн байнгын хорооны дар­гын хувьд ирэх оны төсөвт ямар дүгнэлт өгөх вэ?

-Орлогыг тултал нэмэгдүүлсэн, нөөцөө шавхсан төсөв орж ирлээ. Зард­лыг механикаар хасах бололцоо алга.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж