Нутаг ус нэгтэй уран гартнууд

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Нутаг ус нэгтэй уран гартнууд

Цэцэн хан аймгийн Эрх гүн, Хардал жанжин бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум нь уран дархчууд, сийлбэрч, ерөөлч магтаалч олонтой нутаг юм.

Монгол бурханч Г.Гончиг, Ш.Думжав, алт мөнгөний дархан Л.Молом, Гүрзгомбо, Зундай, Хайнзан, дууч хуурч Д.Гомбожав, Ш.Тэрбиш, Я.Дамдинсүрэн, номч, мэргэн цэцэн ах дүү гурван Ламхай, уран Л.Яримпил, уран сийлбэрч Х.Монхоорой гээд нутаг усандаа төдийгүй улс даяар гайхагдсан алдартнуудаа хэдэн үе дамжуулан дурсан ярилцсаар байдаг. Тэднээс хоёр хүний бүтээлийг нь уншигч олонтойгоо танилцуулж байна.

Уран сийлбэрч
Уран сийлбэрч Хасын Монхоорой 1933 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Баруун Зээрд гэдэг газарт төрж, малчин, мужаан, сийлбэрчин, худгийн моторчин, тоо бүртгэгч зэрэг олон ажлыг хийж явжээ.

Тэрбээр нүүдэлчин монголын соёлын их өв уламжлалыг өөрийн сийлбэр бүтээлээрээ монголдоо төдийгүй гадаад оронд сурталчлан таниулж, музейн сан хөмрөгийг баяжуулсан дахин давтагдашгүй авьяас бүхий алдартай сийлбэрч хүн байсан байна.

Х.Монхооройн жараад оны эхээр нэг ч төмөр оруулалгүйгээр эд ангийг нь ердийн модоор зорж хийсэн оёдлын машинаар нимгэн даавуу эдлэлийг оёж болдог гэнэ. Харин машины зүүг нь яшил модоор хийжээ. Тэрхүү модон машин аймгийн Угсаатны зүйн музейн голлох үзвэрийн нэг болж олны хараа сонирхолыг татсаар хагас зуугаад жил болжээ. “Модоор машин хийж болох үгүйг л үзэх гэсэн юм” гэж тэрбээр хуучилдаг байжээ.

Аймгийн соёл урлагийн арав хоногийн бэлтгэл ажил ид өрнөсөн 1965 оны хоёрдугаар сард Х.Монхоорой гуайг сумаас нь дуудан аймгийн төвд ирүүлж түмний нүд хужирлах бүтээл, хүний гар дээр тавих бэлэг сэлтээс аваад олон зүйлийг хийлгэсэн байна. Эдүгээ аймгийн Угсаатны зүйн музейд байгаа “Чоно авлалт”, “Адуучин”, “Буур чоно хоёр”,”Худаг гаргалт”, “Хоёр азарганы ноцолдоон” зэрэг хөдөөгийн аж амьдралыг илтгэн харуулсан модон сийлбэрүүдээ тэр үед л бүтээсэн байна. Түүний хийсэн бүтээлийг хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Ир Сенд бэлэглэж байсан гэдэг.

Х.Монхоорой гуайн уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, аймгийн хүндэт дэвтэрт нэрийг нь бичсэн байна. Тэрбээр 2008 онд өөд болжээ.

Уран Яримпил
…Онгоц нисч, машин давхин, хөхөө донгодож, хөгжмийн аялгуунд бүжиг эргэсэн хүний дүрс бүхий нэгэн жижиг хайрцаг аймгийн Угсаатны зүйн музейд байдаг. Түүнийг ухааны увидас, гарын ур дүйгээрээ урлан бүтээсэн хүн нь Л.Яримпил юм. Тэрбээр 1882 онд Түвшинширээ сумын нутагт ядуу ард Лувсангийн гуравдугаар хүү болж төржээ.

Л.Яримпил нь оньсон түлхүүртэй хөөрөгт хайрцгаар хөгжмийн аялгуу болон мал адгуус, шувуу, нисэх онгоц, машины дуу чимээг гаргаж, уг загвараа зохих хөдөлгөөнд оруулж чаддаг байснаас гадна алт, мөнгө, шил, төмрөөр чамин хийцтэй эдлэл хийдэг хосгүй уран хүн байжээ. Тавиад оны дундуур түлхүүрдэж чангалахад төрийн сүлдний доторх наран ургах зүг давхиж яваа уурга барьсан морьтон болон сүлдний хажуу талын таван хошуу малын дүрс хөдөлгөөнд ордог эгшигт хайрцаг хийсэн байна. Мөн тусгай шилэн хоргонд байрлуулсан тахианы дүрсийг тойруулан өнгийн цэцэг, ногоон мод суулгасныг томруулах шилээр харахад нэн үзэсгэлэнтэй харагддаг байна. Ингэж янз бүрийн эгшигт хайрцаг хийхдээ цагны баадуу, арааг ашиглан хөдөлгөөн бий болгож, нимгэн илгэн хөөрөг тавьснаар дуу чимээ үүсгэдэг нь түүний онцгой ур чадварын илрэл байжээ. Машины дугуй ашиглан бүхээг, зөөлөн суудал бүхий модон тэрэг хийж, дугуйн эргэлтийн голд тоолуур /спидометр/ суурилуулснаар хэдий хэмжээний замыг туулснаа төвөггүйхэн мэддэг байна. Л.Яримпил тэрхүү тэргээрээ аймгийн арван жилийн ойн баяр наадамд /1943 онд/ хүрэлцэн ирж олны сонирхол ,анхаарлыг татаж байсан гэдэг. Сэтгүүлч миний бие наяад оны сүүлчээр Түвшинширээ суманд уран Л.Яримпилын охин Я.Лхамсүрэнтэй уулзаж аавынх нь талаар асуулж лавлаж байснаа санаж байна. Тэр үед Я.Лхамсүрэн “Аав минь цаасан дээр зураг төсөл гаргаад суудаггүй байсан. Бодвол хийж буй зүйлээ толгойдоо урьдчилан бодож төлөвлөдөг байсан биз. Олон дахин задалж угсарч байхыг нь ч хараагүй. Намайг бага байхад оньсон хөдөлгүүртэй янз бүрийн тоглоом хийж өгдөг байсан даа” гэж хуучилж байсан юм.

Уран Яринпил ардын хувьсгалаас өмнө хошуу ноёны захиалгаар төвд үсгийн олшруулагч машин бүтээж байсан гэдэг. Түүний үсгийг ган төмөр дээр цохиж сийлэн нимгэн зэсээр хөөмөлдөж, эргэн дарах тусгай буланд байрлуулан цаасаа цувуулан оруулж үсгээ барлан дарж олшруулдаг байжээ. Тэрбээр зузаан төмрийг тэвнээр маш хүчтэй тэгш цохиж цоолдог, гэрийн тоононд хэмжээ авалгүй зөвхөн хараад л шил зүсэж тааруулдаг, “Боль.боль” гэж дуугардаг домбо, бяслагаар хийсэн арслан, хоточ нохой гээд олон зүйлийг хийж бүтээж нутаг усандаа “Уран Яримпил” хэмээн алдаршиж ам дамжин яригдаж байгаа тэр хүн үнэхээр техник сэтгэлгээтэй, ур ухааны унаган авъяас билэгтэй хүн байжээ. Тэрбээр 1964 онд өөд болжээ.

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж